Ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулахад корпорацийн засаглалын механизмийн үүргүүд
Санхүүгийн менежментийн гол зорилго нь хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг хамгийн их болгоход чиглэх ёстой болов ч менежерүүдээс хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг хамгийн их болгох зорилтыг хэрэгжүүлэх баталгаа байдаггүй. Олон улсын санхүүгийн менежментэд тулгамдаж нэг үндсэн бэрхшээл нь хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүднээс корпорацийн засаглалыг бэхжүүлэх зорилт юм. Улс орнуудын соёл, эдийн засаг, улс төр болон эрх зүйн орчноосоо шалтгаалан олон улсын корпорацийн засаглал өөр хоорондоо ихээхэн ялгаатай байдаг. Ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах засаглалын хэд хэдэн механизмууд байдаг. Үүнд:
i. Захирлуудын зөвлөл. Дээр өгүүлсэнчлэн корпорацийн механизмийг компанийн хувьд гадаад болон дотоод онцлог шинжээр нь Америкт илүү өргөн судалсан байдаг. Дотоод механизмийн судалгааны гол сэдэв нь тухайн пүүсийн хувьцаа эзэмшлийн бүтэц ба удирдах зөвлөл юм. Харин гадаад механизм нь компанийн хяналтын зах зээл юм. Дэлхийн улс орнуудын компани бүр удирдах зөвлөлтэй байдаг. АНУ-д гэхэд л удирдах зөвлөлийг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг төлөөлөх үүднээс сонгодог. Тус улсын томоохон бизнесийн дийлэнх нь өргөн тархмал эзэмшлийн эрх бүхий олон нийтийн корпорациудтай бөгөөд хувьцаа эзэмшигч бүр нь хувьцааны багахан хэсгийг эзэмшиж компанийн үйл ажиллагаанд бага нөлөөлдөг. Хувьцаа эзэмшигчид нь удирдах зөвлөлийн хэрэгжүүлж буй бодлогод сэтгэл ханамжгүй бол өөр менежментийн багын төлөө саналаа өгч болно. Гэхдээ иймэрхүү оролдлогууд нь амжилттай болох нь цөөн бөгөөд хувьцаа эзэмшигчидийн хамгийн энгийн арга нь хувьцаагаа зарах явдал юм. Америкийн томоохон корпорациудад эзэмшлийн эрх ба менежментийг салгаснаар хувьцаа эзэмшигчид ба менежерүүдийн хооронд сонирхлын зөрчилдөөнийг үүсгэдэг. Академик бүтээлүүдэд удирдах зөвлөл нь корпорацийн үр нөлөөтэй механизм байх ёстой гэж бичдэг болов ч бодит байдалд түүний үнэ цэнэ нь бүрхэг байдаг. Удирдах зөвлөл нь менежмент буюу удирдлагаас хамааралгүй байж чадвал ашиг сонирхлын зөрчилдөөнийг тогтоон барих үр нөлөөтэй механизм болж чадна. Түүнээс гадна, удирдах зөвлөлийн тэргүүн болон гүйцэтгэх захирлын албан тушаалыг хооронд нь зааглах нь удирдах зөвлөлийн хараат бус байдлыг хангаж өгдөг. £PMorgan компанийн хувьд удирдах зөвлөлийг сонгохдоо Корпорацийн засаглал ба Нэр дэвшүүлэх хороо нь гүйцэтгэх захиралтай зөвшилцсөний үндсэн дээр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний шалгуурыг хугацаатайгаар хянаж шинэ нэр дэвшигчидийн бололцоог нь үнэлдэг. Дараагаар нь уг хорооноос удирдах зөвлөлд санал оруулдаг. Ерөнхийдөө, удирдах зөвлөлөөс мэргэжлийн мэдлэг, бизнесийн туршлага, салбарын талаарх өргөн хүрээний мэдлэг, санхүүгээр мэргэжсэн байдал ба гүйцэтгэх захирлын түвшиний бизнесийн удирдлагын туршлагийг харгалзан үзэхийн сацуу жендер ба цөөнхийн төлөөллийг нь нэг шалгуур үзүүлэлт болгон тавьдаг . Японд гэхэд л ихэнхи компаниудын удирдах зөвлөлийг дотоод оролцогчидоос давамгайлдаг бөгөөд компанид хамаарах баялагад анхаарлаа хандуулдаг. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил дутам улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг жил дутам гаргадаг бөгөөд үүндээ компанийн удирдах зөвлөлийн үр ашиг гэсэн дэд индексийг багтаадаг. Энэхүү дэд индекс нь 7 байвал хамгийн сайн, 1 бол хамгийн сул гэж үздэг.
Улс орнууд Компанийн удирдах зөвлөлийн үр ашиг
Швед 1
Өмнөд Африк 2
Канад 4
Австрали 7
Их Британи 16
Япон 19
Бахрайн 24
АНУ 28
Хонгконг 44
Зимбабе 50
Вьетнам 74
Хятад 85
Өмнөд Солонгос 98
ОХУ 113
Монгол 128
Ливи 139
Эх сурвалж: World Economic Forum The Global Competitiveness Report 2010-2011
ii. Сэдэлжүүлэлтийн гэрээ. Менежерүүдээс компанид хүчин зүтгэхдээ харьцангуй бага хувьцаа эзэмшдэг. Энэ хирээрээ менежерүүдэд мөнгөн хөрөнгийн урсгалын эрх байдаггүй. £ensen and Murphy нарын судлаачидаас Америкийн удирдах ажилтануудын цалин нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгө 1000 ам доллараар өөрчлөгдөх бүрт ойролцоогоор 3 ам доллар өөрчлөгддөг болохыг судалгаагаар тогтоожээ. Удирдах ажилтаны цалин нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгө өөрчлөгдөхөд бараг мэдрэмжгүй байгаагаас дүгнэхэд менежерүүдийн зүгээс хувьцаа эзэмшигчийн баялгийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гаргах сонирхолгүй байна. Менежерийн хяналтын эрх ба мөнгөн хөрөнгийн урсгалын эрхийн хоорондын ан цав нь ашиг сонирхлын зөрчилдөөнийг хурцатгадаг. Ихэнхи компаниудаас иймэрхүү нөхцөл байдлаас сэрэмжлэх үүднээс менежерүүдтэй хувьцаа болон хувьцааны сонголт гэх мэт сэдэлжүүлэлтийн гэрээг байгуулдаг. Ингэснээр, хувьцаа эзэмшигчийн баялаг болон өөрийн баялагаа нэмэгдүүлэх боломжийг олгодог. £PMorgan компанийн удирдах зөвлөлийн нийт нөхөн төлбөрт 1/3 нь бэлэн мөнгө, 2/3 нь хувьцаанд суурилсан байдаг .
iii. Эзэмшилийн эрхийг төвлөрүүлэх. Эзэмшил ба хяналт нь тухайн пүүс дотроо салангид байх нь тун ховор бөгөөд хянагч нь тухайн компанийнхаа хувьцааг эзэмшдэг байхад эзэмшигч нь хувьцааныхаа позицийн хэмжээгээр өөрийн компаниа үр нөлөөтэй хянадаг. Иймд, эзэмшлийн бүтэц(тухайн компанийн хувьцааны эзэмшигчийн онцлог болон тэдгээрийн позицийн хэмжээг) нь корпорацийн засаглалын нэгээхэн чухал елемент болдог. Удирдлагаас илүүтэй хувьцаа эзэмшигч нь удирдлагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нөлөөлөх магадлалтай байдаг. Эзэмшил ба хяналт нь АНУ-ын корпораицудын хувьд салангид байдаг болов ч томоохон эзэмшигч байх тохиолдолд хүртэл ихээхэн хэмжээний бүлэг хувьцаа нь үр нөлөөтэй хяналтыг бий болгож байдаг. Тухайлбал, нэгэн менежерээс нэгэн корпорацийн 25%-ыг эзэмшихийн сацуу гүйцэтгэх захирлын алба хашдаг. Үүний гол хүндрэлтэй тал нь тэрбээр компанид хэдий хир удаан хугацаагаар ажиллахыг хүсэж байна тэр хирээр хувьцаагаа эзэмших сонирхолтой байна. Аж үйлдвэржсэн бусад орнуудтай харьцуулахад эзэмшлийн төвлөрөлгүй байдаг. Канад, Их Британи, Австрали болон англи хэлээр ярьдаг бусад орнуудад төдийлөн ялгаа байдаггүй болов ч Япон, эх газрын Европын зарим орнуудад эрс өөр байдаг. Японы томоохон аж үйлдвэрийн болон санхүүгийн томоохон компаниудад keiretsu гэгдэх бүлгээр холбогддог. Тухайлбал, Мицубишийн keiretsu нь нэг банк, хоёр даатгалын компани, нэг автомашины үйлдвэр, шар айрагны үйлдвэр болон төмрийн үйлдвэрийг оролцуулан 29 цөм компаниудтай байдаг. Keiretsu–ийн гишүүд нь хэд хэдэн аргаар хоорондоо холбогдоно.
- Менежерүүд нь бусад бүлэг компаниудын удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд сууна.
- Тус бүлэг бүр дэх компаниуд нь бусад компаниудын дийлэнхийнх нь хувьцааг эзэмшинэ.
- Компаниудаас keiretsu–ийн банкнаас эсвэл тус бүлэг дэх аль нэг компаниас зээл авна. Ийм харилцаа холбоо нь өөрийн гэсэн давуу талтай. Тухайлбал, компаниудаас олон нийтэд нууц мэдээллээ алдахгүйгээр бүлгийн бусад гишүүдээс санхүүжилт олж авдаг бол, бүлгийн нэг гишүүн нь санхүүгийн хүнд байдалд орсон нөхцөлд дампууруулахгүйгээр хүндрэлийг бүлгийн бусад гишүүдийн туслалцаатайгаар шийдвэрлэдэг. Японы томоохон корпорациудын Илүү тогтвортой бөгөөд төвлөрсөн хувьцаа эзэмшигчидийн суурь нь богино хугацааны гүйцэтгэлийн дарамтыг эсэргүүцэх, урт хугацааны давуу талаа баталгаажуулах боломжийг олгодог. Гэхдээ Японы корпорацийн засаглалын энэхүү тогтолцоо нь өөрийн гэсэн сул талтай. Тухайлбал, зах зээлийн сахилга бат дутагдсанаар үр ашиггүй корпорациудыг үүсгэх нөхцөл болсон нь 1990 онд тус улсын эдийн засаг хямрахад keiretsu нь суларч компаниудаас өөрсдийн хувьцаагаа бүлгийнхээ гишүүддээ худалдаж эхэлсэн. Өргөн тархмал хувьцаа эзэмшлийн бүтэцтэй АНУ-ын ердийн компанийн хувьд тулгардаг бэрхшээл нь тухайн пүүсийн хувьцааны багахан хэсгийг эзэлдэг хувь хүн олонх хувьцаа эзэмшигч байдаг учираас компани дахь шийдвэр гаргалтанд нөлөөлөх эсвэл менежерүүдийг хянахад ихээхэн хэмжээний нөөцийг зарцуулахад ямар нэгэн сэдэл болдоггүй. Дэлхийн ихэнхи улс орнуудад засгийн газар нь компанийн гол эзэмшигч нь байдаг бөгөөд засгийн газрын энэхүү эзэмшил нь тархмал болон төвлөрсөн эзэмшлийн гэсэн сонирхолтой хослолыг харуулдаг. Хэрвээ уг засгийн газрыг нэг нэгж гэж үзвэл төрийн эзэмшлийн корпораци нь илүү төвлөрсөн эзэмшилтэй байна. Улсад харъяалагдах мөнгөөр засгийн газрын эзэмшлийг санхүүжүүлэх учираас төрийн эзэмшлийн компанийн эзэмших эрх нь үнэндээ ихээхэн тархмал байдалтай. Ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах үр нөлөөтэй арга зам нь хувьцаа эзэмшлийг төвлөрүүлэх явдал юм. Хэрвээ нэг эсвэл хэд хэдэн хөрөнгө оруулагчидаас тухайн компанийн үлэмж хэсгийг эзэмшвэл менежментэд мониторинг хийх хүчтэй сэдэлтэй болно. Тухайлбал, нэгэн хөрөнгө оруулагчаас тухайн компанийн 51%-ыг эзэмшвэл тэрбээр менежментийг бүрэн хянана. АНУ болон Их Британд улсын компанийн эзэмшлийг төвлөрүүлэх нь харьцангуй бага байдаг бол дэлхийн бусад улс орнуудад энэ нь ихээхэн түгээмэл байдаг. Германд гэхэд л арилжааны банк, даатгалын компаниуд бусад компаниуд болон гэр бүлүүдээс компанийн хувьцааг их хэмжээгээр эзэмшдэг. Ази болон Латин Америкт ихэнхи компаниудаас үүсгэн байгуулагч эсвэл гэр бүлийн гишүүд нь эзэмшдэг. Хятад гэхэд л төрийн мэдлийн компаниудын хяналтын хувьцаа эзэмшигчид нь засгийн газар нь байдаг. Эзэмшлийг төвлөрүүлэх нь компанийн гүйцэтгэл болон үнэ цэнэд эерэг нөлөөтэй гэдгийг судлаачид онцолж байна. Тухайлбал, Kang and Shivdasani нар Японы хувьд ийм эерэг үр нөлөөтэй гэсэн бол Германы хувьд Gorton болон Schmid нар бас ийм дүгнэлт хийсэнээс дүгнэхэд томоохон хувьцаа эзэмшигчид нь засаглалд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
iv. Бүртгэлийн ил тод байдал. Бүртгэлийн стандартыг сайжруулах, ил тод байдлыг хангах нь ашиг сонирхлын зөрчилдөөнийг бууруулах үр нөлөөтэй арга болдог. Компаниудад цаг тухайд нь бүртгэлийн мэдээллээ үнэн зөв гаргахыг шаардвал менежерүүдээс хувьцаа эзэмшигчидийн эрх ашигт хор учруулах алхам хийх боломжгүй. Бүртгэлийн ил тод байдал төдий их байна олон нийт болон компанийн дотоод ажилтануудын хоорон дахь мэдээллийн тэгш бус хэмт байдлыг бууруулна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил дутам улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг жил дутам гаргадаг бөгөөд үүндээ аудит болон тайлагналын стандарт гэсэн дэд индексийг багтаадаг. Энэхүү дэд индекс нь 7 байвал хамгийн сайн, 1 бол хамгийн сул гэж үздэг.
Улс орнууд Аудит ба тайлагналын стандартын үзүүлэлтээр эзэлсэн байр Оноо
Өмнөд Африк 1 6.4
Швед 2 6.3
Сингапур 4 6.2
Канад 6 6.1
Хонгконг 9 5.9
Австрали 14 5.8
Бахрайн 20 5.6
Их Британи 22 5.6
Чили 24 5.6
Япон 33 5.4
АНУ 55 5.0
Хятад 61 4.8
Албани 83 4.5
Болгар 91 4.3
Өмнөд Солонгос 95 4.3
Казахстан 98 4.2
Монгол 117 3.8
Аргентин 122 3.8
Эх сурвалж: World Economic Forum The Global Competitiveness Report 2010-2011
v. Өр. Хэдийгээр менежерүүдээс хувьцаа эзэмшигчиддээ хичнээн ноогдол ашиг тараах вэ гэдэг талаар шийдвэр гаргах эрхтэй болов ч өр нь менежерүүдэд ийм боломж олгодоггүй. Хэрвээ менежерүүдээс хүү болон үндсэн төлбөрөө зээлдүүлэгчидэд төлж чадахгүй нөхцөлд компани дампуурахад хүрнэ. Зээлээ цаг тухайд эргүүлэн төлөх амлалт нь менежерүүдэд сахилга батын томоохон үр нөлөөтэй байхаас гадна үр дүнтэй хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болж өгдөг. Чөлөөт мөнгөн урсгалтай пүүсүүдийн хувьд өр нь хувьцаатай харьцуулахад хөрөнгө оруулагчидад мөнгөн урсгалыг үүсгэхэд хүчирхэг механизм болж өгдөг. Гэхдээ, мөнгөн хөрөнгийн эсвэл биет активын нөөц багатай залуу компаниудын хувьд өр нь засаглалын үр нөлөөтэй механизм болж чаддаггүй.
vi. Хилийн чанадад хувьцаагаа арилжих. Өмнөд Солонгос, Итали болон ОХУ гэх мэт корпорацийн засаглал сул механизмтай орнуудын компаниудаас Их Британи болон АНУ гэх мэт корпорацийн засаглал өндөр хөгжсөн орнуудын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилждаг. Өөрөөр хэлбэл, засаглалын механизм нь сул гадаадын компаниудаас хувьцаагаа гадаад зах зээлд арилжих замаар АНУ гэх мэт орнуудын корпорацийн засаглалын шилдэг механизмаас суралцдаг. 2009 оны манай улсын аж ахуйн нэгжүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад тэдний 30.32% нь санхүүгийн эх үүсвэр тулгарч буй хамгийн том бэрхшээл гэж хариулсан байдаг . Тэгвэл санхүүгийн эх үүсвэрийг гадаад болон дотоод зах зээл гэсэн хоёр төрлийн захаас дайчилах нөхцөлд корпорацийн засаглалыг сайжруулсан буюу хангасан компаниудын хувьд ийм боломж бүрдэх юм.
vii. Корпорацийн хяналтын зах. Компанийн бодит үнэ цэнэ болон түүний боломжит үнэ цэнийн хоорондын зөрүү нь сөрөг байгаа үед гадаад талуудаас тухайн компанийг хянахыг эрмэлзэхэд дотоод хяналтын механизмийн сул тал оршдог. Ашиг сонирхлын зөрчилдөөнийг засахын тулд дотоод засаглалын механизмаа компани сайжруулж чадахгүй нөхцөлд гаднаас буюу өөр компани эсвэл хөрөнгө оруулагчаас тухайн компанийг хянах ажиллагааг явуулж эхэлнэ. Ингэхдээ, хувьцааны давамгайлах үнээс үлэмж хэтэрсэн үнээр зорилтот хувьцаа эзэмшигчидэд санал болгодог. Иймд зорилтот хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа асар их нэмэлт үнээр борлуулах боломжтой болдог. Хэрвээ ажиллагаа амжилттай болсон нөхцөлд зорилтот хувьцааны хяналтын эрхийг авч компанид дахин бүтцийн өөрчлөлт хийнэ. Ингэхдээ, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс удирдлагын багийг төлөөлөн актив болон хэлтэсүүдийг салган ажилчидийн тоог цомхотгох болно. Дээрх хүчин чармайлтууд нь амжилттай болсон нөхцөлд, зорилтот компани болон худалдан авагчий зах зээлийн нэгтгэсэн үнэлгээ нь хоёр компанийн тус тусын үнэлгээнээс өндөр байдаг. Хэрвээ компанийг хянах зах зээл байдаг бол энэ нь менежерүүдэд сахилга батын хувьд үр нөлөөтэй бөгөөд компанийн үр ашгийг сайжруулдаг. АНУ болон Их Британд ийм үзэгдэл цөөнгүй байдаг бол бусад орнуудад ихээхэн ховор байдаг байна. АНУ-д компанийн хяналтын зах зээл нь асар их идэвхтэй. Тухайн пүүсийн хяналт өөрчлөгдөхөд нэмэлт зардлыг үүсгэдэг тул компанийн зорилтот хувьцаа эзэмшигчидэд үнэ цэнийг бий болгодог. Цаашилбал, хяналт өөрчлөгдсөнөөр удирдлагын зүгээс компанийн үнэ цэнийг өндөр болгох хөшүүрэг болдог учираас үнэ цэнийн зөрүү нь гадны довтолгооноос хамгаалах баталгаа болдоггүй. Иймээс компанийн хувьцааг худалдан авах замаар хяналт тогтоох үйл явц нь корпорацийн механизмийн чухал елемент болдог.
Менежер болон дотоод ажилтануудаас гадны хөрөнгө оруулагчдийн хөрөнгө оруулалтыг шамшигдуулахаас хэрхэн хамгаалах вэ гэдэг нь компанийн засаглалын гол асуудал байдаг. Энд шамшигдуулах гэсэн ойлголтонд компанийн ажилтануудаас компанийн ашгаас хулгайлах, зарим тохиолдолд, компанийн ажилтануудаас актив болох бүтээгдэхүүн буюу компанийн хянаж буй нэмэлт үнэт цаасыг зах зээлээс харьцангуй бага үнээр өөр компанид худалдах хэлбэрүүдийг хамааруулж болно.
source: "International Financial Management: MNC policy" textbook by Tumurbat.D 2010
Soyombo Printing
No comments:
Post a Comment