Хүн амын өсөлт зогсонги байдалд орж, шинээр төрөх хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд буурсан нь Тайваний их сургуулиудад багагүй цохилт болж, сургуульд нь сурах оюутны тоогоо хангалттай бүрдүүлж чадахаа больсон тул засгийн газар нь сургуулиудад татаас хэлбэрээр санхүүжилт олгон гадаад оюутнуудыг тэтгэлэгтэй татан, сургуулиудаа олон улсын түвшинд хүргэх, үндэсний өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэх мэт маш олон шалтгааны улмаас зохион
байгуулалттай хийж байгаа ажээ.
Тайваньд сурахын сул ба давуу талуудыг дурдвал:
1. Тайваньд элсэн суралцах эрх авах хялбархан ч, гадаад оюутнуудад тийм ч ээлтэй бус. Нийгэм нь эрх чөлөөтэй тул хичээлээ уян хатан сонгохоос гадна, өөр мэргэжил, тэнхим, сургуульруу шилжих, өөр сургуулийн кредит тооцуулах, элсэгчдэд насны босго тавьдаггүй гэх мэт давуу талтай. Гэхдээ ардчилсан гээд бүх зүйл тогтсон дүрэмтэй учраас заавал судлах хичээлээс нэг л хичээл буюу кредитийг биелүүлэхгүй бол төгсөх боломжгүйгээс гадна төгсөх хугацаа зааж өгсөн байдаг. Улсаас нь сургалтын төлбөрийг хянан, дутууг нь нөхөн татаас олгосоор ирсэн нь нэг талдаа сайн мэт болов ч хямд төлбөрөөр хямд цалинтай багш нарыг даллан дуудаж, чадварлаг багш нарыг үргээж, сургалтын чанар, бүтээмж, оюутны сурах орчинд муугаар нөлөөлөх болж, дорвитой үйлчилгээ байдаггүй. Тайваний их сургуулиудын гадаад оюутны элсэлтийн хувь(acceptance rate) дунджаар 60% байдаг. Гадаад оюутнуудад туслах, тэдэнд чиглэсэн бодлого огт байхгүй. Олон улсын хөтөлбөр гэх чихэнд сонсоглонтой хөтөлбөр гарган гадаад оюутнуудыг татах зорилготой ч элсэгчдийн ихэнхи нь Зүүн өмнөд азиас ирж суралцах ба нэг ч гадаад багшгүй. Тайвань багш нарын ихэнхи нь хагас англи хэлтэй, цалин бага, ажиллах цаг урт тул чадварлаг багшлах боловсон хүчин нь гадагшлах болж, хөрөнгө оруулалт буурсаар байгаа тул гадаад оюутанд мэргэжлээрээ дадлага хийх тухайд бүр ч яриад хэрэггүй. Ихэнхи нь хятад хэл сурах зорилготой ирдэг ч, барагтайхан оюутнууд ирэх нь ховор тул тэтгэлэгээ хадгалахын тулд англи хэлээр үндсэн хичээлээ шахаж үзсээр хятад хэл хажуугаар сурна гэдэг ихэнхийнх нь хувьд үлгэрийн далай болдог. 150 гаруй их сургуулиудаа 1/3 болгон багасгах шийдвэрийг Тайваний боловсролын яам нь гаргасан. Одоо ид л хэлэлцэж байна. Тайваньд их сургуулиуд маш их байгаа ч сурах оюутан нь алга байна. Дэлхийд мастер, докторын төгсөгчдийн тоогоороо Япон, Канад, Израйлын дараа 4-рт ордог бөгөөд тэр хирээрээ ажилгүйдлийн түвшин ч өндөр. Тайваний боловсролын яам элсэлтийн түвшин бага, ашгийн төлөө л элсэлт авдаг сургуулиудыг жил бүр зарладаг бөгөөд ингэхийн учир нь нэг багшид ноогдох оюутны харьцаа өндөр, дотуур байрны хүрэлцээ муу, сурах орчин тааруу, зөвхөн сургалтын төлбөрт дулдуйддаг, ашгаа л тэргүүнд тавьдаг, элсэлтийн босго сул сургуулийг хэлдэг байна. Монгол оюутнууд голлон сурдаг эдгээр сургуулийг нэрлэвэл Shih hsin, Mingchuan, Shih Chien, Chinese Culture, Soochow University, Fu jen Catholic, Kai Nan, Chang Rong, I Shou, National Taipei University, University of Taipei, National Chiayi, National Chengchi, National Yilan, National Quemou, National Tainan, National United Nations, National Taiwan Ocean University юм.
Мөн дампуурах эрсдэлтэй сургуулиудыг ч нэрлэдэг. Ийм сургуулиудын оюутны тоо 3000 хүрэхгүй, элсэлтийн хувь маш бага, багшлах боловсон хүчин хангалтгүй, элсэгчдийн шалгалтын босго оноо бага байдаг байна. Нэг ёсондоо ямар ч ашиггүй, дампуурахад ойр байгаа юм. Chaoyang University of Technology 43.89%, Chung chou University of technology 54.42%, Mingdao University 52.49, Kainan University 56.11% гэсэн байдлаар Монгол оюутнууд өргөнөөр суралцдаг юм. Түүнчлэн анкетийн сургууль гэгддэг (нэг ёсондоо анкет бөглөөд элсэж болдог) Chienkuo Technology, Da Yeh, Nanhua, Changhua University гээд Монгол оюутнууд хамгийн олноороо суралцдаг сургуулиудын элсэлтийн бүртгэл бага байна. Дампуурахад ойрхон байгаа сургуулиуд их сургуулийн статусаа өөрчлөн техник мэргэжлийн сургууль болохоос гадна, зарим сургуулиуд элсэлт авах мэргэжлээ зогсоосон, зарим сургуулиуд өөр хоорондоо нэгдэх, эсвэл дампуурлаа зарлаад байна. Хувийн сургуулиудыг татан буулгах ажлыг эхлүүлэхийн сацуу, сургуулийг өөр хооронд нь нэгтгэх ажил өрнөж байна. National Yang Ming, National Chiao Tung university-тэй нэгдэж чухам ямар нэртэй сургууль болох эсэх нь одоогоор тодорхойгүй. Asia University, China Medical University-тэй нэгдэхээр болоод байгаа. Цаашилбал, хувийн болон улсын хэд хэдэн сургуулиуд энэ мэтээр өөрөө хоорондоо нэгдэж, заримыг нь хаах болоод байгаа.
2.Тайваний их сургуулийн боловсролын чанар боломжийн хэдий ч, дэлхийд үнэлүүлэх боломж бага. US News, Times, QS, ARWU гэх мэт дэлхийн их сургуулиудын зэрэглэлийг жагсаадаг үзүүлэлтээс харахал нийт их сургуулийн хэдэн хувь нь дэлхийн шилдэг их сургуульд багтаж байна вэ гэсэн үзүүлэлтээр Тайвань дэлхийд нилээн дээгүүр жагсдаг. Гэхдээ Тайваний хэвлэлүүд ч тэр өөрсдөө хүлээн зөвшөөрдөг асуудал бол үнэхээр сургалт, судалгаагаараа шилдэгт багтсан гэвэл эргэлзээтэй. Засгийн газраас нь олгодог татаасын ачаар хэвлүүлдэг судалгааны өгүүллэгийн тоо болон төлбөрийн хөнгөлөлтөөр татдаг гадаад оюутныхаа тоогоороо дэлхийн шилдэг их сургуульд багтсан сургуулиуд цөөнгүй. Гадаад оюутнуудын дийдлэнх нь Хятад болон Малайз, Индонези, Вьетнам болон Тайланд гэх Зүүн Өмнөд Азийн орнуудаас л ирдэг. Монгол оюутнуудын дунд Тайваний хамгийн шилдэг хувийн сургууль Ming Chuan University гэсэн ойлголт төрүүлтлээ амжилт олсон сургууль ч байна. Ямар ч оноогүйгээр Монгол хүүхдүүдэд төлбөрийн хөнгөлөлт санал болгон элсүүлдэг байсан бол өдгөө оноо шаардан, гэдийх болжээ. Энэ сургууль Тайваний боловсролын төвийг Монголд төлөөлөх болсонтой нь ч шууд холбоотой. Энэ нь тэдний менежмент сайн байна, хөдөлмөрлөж чадаж байна. Одоо яах вэ? Оршин тогтнохын төлөө л өрсөлдөж байна шүү дээ. Asia University, Chung Yuan Christian University, Chaoyang University of Technology, Feng Chia University, I-Shou University гээд хэдхэн жилийн өмнө сурах сонирхолтой оюутан цөөн, гадаад оюутны эзлэх хувьд Монгол оюутнууд зонхилдог байсан. Араас нь Chung Hua University, Kai Nan University, Da Yeh University, Chienkuo Technology University, Nan Hua University, Chung Chou, Minghsin-д ч хэдэн жилийн өмнө Монгол оюутан огт сурдаггүй байсан. Эдгээр сургуулиудад сурах гэж ирээд хүртэл сургалтын чанар, сурах орчинд нь эргэлзэж буцсан Монгол хүүхдүүд зөндөө байгаа. Ийм сургуулиудад сурахын давуу тал нь элсэн ороход амархан, мэдээж төгсөхөд амархан, хичээл ном тийм хүнд биш. Ер нь Монголын дундаж хүүхэд даваад гарах бололцоотой. Гэхдээ л тэтгэлэгийн голчоо хадгалж сурна гэдэг амаргүй. Тайваний сургуулиуд ер нь их залуухан. Европын сургуулиудтай бүр харьцуулалтгүй. Asia university гэхэд 2001 онд байгуулагдсан. Тиймээс сургалт, судалгаа тийм бэхжсэн үгүй. Мастер болон докторын оюутнууд англи хэл дээр боломжийн тэтгэлэг олоод ирдэг хэдий ч англи хэлээр тэтгэлэгээ хадгалан сурах гэж ядсаар хятад хэлний анхан шатны мэдлэггүй бол хятад хэл нь сайжрахгүй Монгол буцах магадлал өндөр байна. Улсын сургуулиудад Монгол оюутан тэнцэх нь жил ирэх тусам багассаар, харин хувийн сургуулиудад сурах нь нэмэгдсээр. Гэхдээ л Chi Nan, Dong Wha, Chin Yi University of Technology, National Formosa, National Pingtung University of Technology гэх мэт улсын тодотголтой, тосгоны сургуулиудад элсэн суралцах тэтгэлэг авах нь одоогоор хялбар байна. Тэр дундаа зүүн бүсийн газруудад байнга л газар хөдөлж, жилийн ихэнхи улиралд хур тунадастай, тав тух муутай байдаг тул гадаад оюутан тэтгэлэг олох боломж өндөр. Харин Тайпей хотын төвд Fujen, Soochow гэх мэт сургуулиудад Монгол оюутан алга бас элсэн сурах, тэтгэлэг олох амаргүй. Учир нь ийм сургуульд сурая гэсэн Тайвань иргэд олон байхаас гадна нийслэл Тайпей бол зам харилцаа, сургалтын бааз нь хөгжсөн, хамгийн нэр хүндтэй их сургуулиуд байрладаг, цагын ажил хийх боломжтой гээд оюутан сурч боловсрох орчин хамгийн сайн бүрдсэн газар юм. Taichung хотод Монгол оюутнууд хамгийн олон суралцдаг хот. Учир нь амжиргааны өртөг Тайваньдаа дундаж, зэрэглэлээрээ Тайваньдаа дундаж, төлбөрийн хөнгөлөлттэй элсэн суралцах эрх авах боломжтой сургуулиуд байдаг, цагын ажил олоод хийх боломжтой, нийтийн тээвэр нь ерөнхийдөө үнэгүй, гадуур байр хөлслөхөд боломжийн гээд дурдвал Монгол оюутнуудын хамгийн дуртай хот нь байдаг. Инжинер тэр дундаа хагас дамжуулагчаар сурах нь Тайваньд сурахын давуу тал гэдгийг олонтоо сонсож байлаа. Харин хууль, нягтлан, санхүүгээр суралцах ямар давуу талтай талаар олж сонссонгүй.
Тайваньдаа зэрэглэл доогуур гэхээр тухайн сургуульд сурах сонирхолтой оюутны тоо бага, нэр хүнд доогуур, багшлах боловсон хүчин хангалтгүй эсвэл чадвар муу, төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлт бага, дэд бүтцээс алслагдмал, хөдөө газар, цагын ажил олж хийх боломж хомс, сургалтын бааз тааруу гэх мэт наад захын шалгуур хангахгүй сургуулиуд багтана. Зохион байгуулж байгаа улс нь аль болох гадаад оюутан татахыг хичээж байгаа нь мэдээж. Тайваньд оюутан зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газрууд чухам ийм сургуулиудад л зуучилна. Сумын засаг даргын нэрэмжит гадаадад сургах шилдэг оюутны тэтгэлэг, ирээдүйн их удирдагч төрүүлэх уралдаант нэвтрүүлгийн ялагчдад чухам л ийм л зэрэглэл доогуур сургуулийн урилга гардуулна. Энэ хичээлийн жилийн байдлаар Nan Hua University, Da Yeh University, Chienkuo Technology, Chung Hua University, Chinese Culture, Asia University-д нийт Тайваньд сурдаг Монгол оюутны 70 гаруй хувь нь суралцаж байна. Дэлхийд зэрэглэлээрээ хэдэд явдаг нь тодорхойгүй сургуулиудад Тайваньд суралцаж байгаа Монгол оюутнуудын мөн л 70% нь суралцаж байна. Гадаад оюутны тоо нэмэгдэх хирээр тухайн сургуулийн зэрэглэл олон улсад өсдөг тул эхний улирал эсвэл жилдээ төлбөрийн хөнгөлөлтөөр татах болов ч, дараагын улирал эсвэл жилээс тэтгэлэгийн шалгуураа Монгол оюутнууд хангахгүй нь олон тул, аль болох төлбөрийн чадвартай оюутан татахыг чухалчилна. Сургалтын, боловсролын төв нэртэй зуучлалын газруудад ч хоёр дахь улирлаас төлбөрөө төлөөд сурчих санхүүгийн чадвартай дундаж айлын хүүхдүүдийг авчир гэж даалгавар өгнө. Саяхан Европын хэд хэдэн орнуудад Тайваний боловсролын үзэсгэлэн болоход Тайваньдаа зэрэглэл өндөр сургуулиуд ирж байна. Монгол оюутнууд чухам ийм л дульхан сургуулиудын босгыг хангадаг болж таарч байна уу. Тэдэнд олгож буй тэтгэлэг нь ердөө л төлбөрийн 50-100%, хэлний бэлтгэл ч байхгүй. Ирээд л нэг улирал эсвэл жил болоод л нөгөө төлбөрийн хөнгөлөлтөө ихэнхи нь алдана.
3.Тайваньд тэтгэлэг олоход амар хэдий ч, Монгол оюутан бүр тэтгэлэгтэй сурдаггүй. Зуучлагчдийн ачаар Монголчуудын дунд Тайвань өндөр хөгжилтэй орон, амгалан тэнгэрийн диваажин болж хувирсан. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад улсын сургуулиудад Монгол оюутнууд голлон суралцдаг байсан бол өдгөө хувийн сургуулиудад суралцагчдийн тоо огцом нэмэгдсэн нь хэлний оноо шаарддаггүй өөрөөр хэлбэл шалгуур бага учраас зуучлалаар, худал мэдээлэлд хууртан ирэх болжээ. Төлбөрийн 50%-ын тэтгэлэг аваад дараагын улиралд онц сураад тэтгэлэгээ ахиулахын зэрэгцээ цагын ажил хийж амжиргаагаа залгуулна гэсэн гэнэн төсөөлөлтэй ирдэг. Гэтэл цагын ажил олдохгүй сургуулиудад Монгол оюутнууд олноороо ирэхээс гадна, хэлний бэрхшээлгүй байдал зэргээсээ шалтгаалан тэтгэлэгээ алдах нь түгээмэл. Чухам л зуучлалын үйл ажиллагаа явуулдаг газруудын ачаар ийм олон оюутан Тайваньд суралцаж байна. Тайваний сургуулиуд гадаад оюутан татахын хирээр сургуулиудад засгийн газар нь мөнгө өгдөг хэмээх буруу ойлголт Монголчуудад байдаг. Тайваний хэвлэлүүдээр Монголын талаар дан хар мэдээ явж байдаг. Харин зуучлагчдийн ачаар Тайвань Монгоод диваажин болж хувирсан. Хонгконг, Сингапур, Макаогын нэгэн адил Тайвань арлын иргэдийн дийлэнх нь эх газрын хятадуудад дургүй байх бөгөөд Монголыг ч мөн адил Хятадын нэг хэсэг гэж үзэн, Монгол оюутнуудыг ч ялгаж харьцахаа мэднэ. Тайваньд ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаа, иргэд нь гадагшлах болсоор удаж байгаа, нийгэмд нь уур бухимдал гаарч, гэмт хэргийн гаралт нэмэгдсээр, улс төрийн хувьд эмх замбараагүй байгаа гэх мэт асуудлууд байсаар, хэвлэл мэдээллээр нь дүүрэн хар мэдээ. Юун сурах сонихролгүй гадаад оюутанг тэжээн тэтгэх. Цагын ажил олж хийх боломж бас л хомс. Nan Hua, Da Yeh, Chienkuo Technology гэх мэт сургуулиудад Монгол оюутны 60% нь сурч байгаа газар бүр ч хомс.
4.Тайваний инжинер, технологийн сургалт ерөнхийдөө боломжийн ч онол давамгайлсан. Саяхан Хонг Конг, Сингапурын тэргүүлэх сургуулиуд Тайваньд боловсролын үзэсгэлэн зохион байгуулж, элит оюутнуудад нь тэтгэлэг амлаж байхыг Тайваний боловсролын салбарынхан хараад тэдний бизнесийн хөтөлбөрүүд манайтай харьцуулахад сайн хэдий ч инжинер тэр дундаа электроник, электрик, компьютэрээр бид дэлхийд өрсөлдөж чадна хэмээн бардам хэлсэн. Гэсэн хэдий ч Монгол оюутнууд сургалт таарууд нь голлон суралцаж байна. Анагаах ухаанаар бакалаврт суралцах сонирхолтой иргэд маш их байхаас гадна, анагаахын чиглэлээр сургуулиуд нь тийм ч олон биш тул Монгол оюутан бакалаврт тэр бүр сурдаггүй. Харин англи хэл дээр хувийн сургуулиудад Монгол оюутнууд мастер ба докторт сурах боломжууд дүүрэн байдаг. Учир нь мастер, докторын зэргээр Тайваний иргэд гадаадад сурах сонирхол их байдаг. Тайваний сургууль бүр бизнесийн хөтөлбөрүүдтэй, сурах оюутны тоогоо хангалттай авч чаддаггүй тул англи хэлээр хөтөлбөрүүд маш их байдаг ч чанарын хувьд бас л дулимаг. Гадаад оюутан мэргэжлээрээ дадлага хийх нөхцөл хомс, эдийн засгийг нь судлах, жишээ авах зүйлс бага, багш нар нь салбартаа танигдсан нь үгүй, ямар нэгэн бизнесийн туршлагагүй эсвэл салбараа мэдэхгүй. Ойрын 5-10 жилд Тайваний их сургуулиудын нийт профессорын 1/3 нь тэтгэвэрт гарах тул багшлах боловсон хүчин нь хөгшдөөд байгаа. Тайваньд туслах профессорын цалин 70000 тайвань доллар байгаа нь Хятадтай харьцуулахад 3-4 дахин бага байдаг байна. Тайваний тэргүүлэх 10 их сургуульд засгийн газраас нь олгодог татаас Хятадын хамгийн бага татаастай сургуулиас ч бага байдаг. Тиймээс АНУ гэх мэт тэргүүлэх боловсролын экспорт хийдэг орнуудад доктор хамгаалсан залуучууд Тайваньд буцаж ирэх сонирхол муу байдаг ажээ. АНУ, Европ, Хонг Конг, Сингапурт багш болж чадахгүй юм гэхэд Хятадад 2000 гаруй их сургууль байна. Ингээд л эх орондоо хайртай, нэг бол өөр боломжгүй бол Тайваньдаа багшилна.
5.Тайваньд англи хэлээр суралцах бололцоотой ч, англи хэлний мэдлэг ерөнхийдөө доогуур. Тайваньд суралцаж буй Монгол оюутнуудын дийлэнх нь англи хэл дээр бакалавр, мастер ба докторын зэргээр суралцаж байгаа билээ. Тайваньд англи хэлээр сурна гэдэг бас л бодууштай асуудал. Гадаад хэлний шалгалтанд бэлдээд олигтой оноо авахгүй бол англи хэлээр Тайваньд ирж сурахын нэг давуу тал. IELTS 5.0-аар тэтгэлэг өгчих маш олон сургуулиуд байна. Хэлний оноо шаарддаггүй олон сургууль гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог. Одоо ч хуурамчаар оноо гаруулах амархан болжээ. Дэлхийн хөгжингүй орны их сургуулиуд хүлээн зөвшөөрдөггүй ITP toefl оноог Тайваньд хүлээн зөвшөөрдөг, ийм оноог Монголд хэн дуртай нь гаргаж байна. Тайваньд тэтгэлэгээр сурахаар ирсэн оюутнуудын ихэнхи нь ийм оноотой ирдэг. Гэхдээ хуурамч оноогоор сурч чадах уу гээд дахиад өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хятад хэлний оноогүй байсан ч тэтгэлэг өгдөг сургуулиуд маш олон байдаг.
6.Тайвань дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад өртөг бага хэдий ч, сурахад өртөг өндөртэй. Tайвань нь өртөг боломжийн мэт болов ч дундаж цалинтай харьцуулахад өртөг асар өндөр байхаас гадна, сургалтын чанарыг нь голох, зуучлуулж ирсний улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх голчоо хангахгүй байх, цаг агаар, хоол хүнс таарахгүй байх, цагын ажил олж хийж амжиргаагаа залгуулах боломжгүй зэргээс Монгол оюутнууд Тайваньд төгсөхөөсөө өмнө буцах гол шалтгаан болж байна.
7.Дэлхийд зэрэглэл боломжийн сургуулиуд Тайваньд багагүй байдаг ч, боловсролын чанар нь жил бүр дордсоор байна. Хятадад 2000 гаруй их сургультай хамгийн шилдэг гэсэн сургуулиуддаа гадаад оюутан хүлээн өндөр тэтгэлэгээр авдаг юм билээ. Ямар тай ч цалингүй бол Монгол оюутнууд Хятадад тоож ирдэггүй гэхээр бас л боломж байна. Гэтэл Тайваньд ийм хол, өөр аялга, дэлхийд хүлээн хэрэглэдэггүй дэлгэрмэл бичиг, сургалтын чанар жилээс жилд муудаж байгаа, эдийн засаг нь хүндэрчихсэн, өөр цаг агаар, хоол, хүнстэй орчинд төлбөрөө төлж сурах ёстой вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй.
8.Гэр бүлээрээ суралцахад виз авах амархан хэдий ч, тохиромжгүй. Улсын цэцэрлэг хямд болов ч, хүртээмж бага тул олдоггүй. Хувийн цэцэрлэг нэг сар нь 15000 тайвань доллараас үндсэндээ эхэлдэг. Улсын бага, дунд, ахлах ангиудад орж сурах боломжтой ч хичээл нь хятад хэлээр ордог. Улирлын төлбөр нь баг сургуулийнх 4000 тайвань доллар, анги өгсөх тусам нэмэгддэг. Гэр бүлийн аль нэг гишүүн нь сурахаар ирэхэд цагын ажил олдохгүй байх нь элбэг. Хүүхэд сургахад их зардал гардаг, Тусгайлсан дотуур байраар хангадаггүй тул Тайваньд гэр бүлээрээ сурахад тухгүй.
9.Хятад хэлтэй орон хэдий ч, хятад хэл сурахад зардал өндөр. Ханз нь тэр бүр хэрэглэгдэхгүй. Дэдгэрмэл ханзыг Тайвань, Макао, Хонгконгоос бусад газар хэрэглэдэггүй. Хятадад хэрэглэдэг хялбаршуулсан ханзыг дэлхийд албан ёсоор хэрэглэдэг учраас Монголд ч мөн адил Тайваньд хэрэглэдэг ханзыг хэрэглэхгүй. Тайваний хятад хэл сургах арга барил, сурах бичиг нилээн хоцорсон. Тайваньд хятад хэл сурах өртөг Хятадтай харьцуулахад ерөнхийдөө 2 дахин өндөр. Учир нь сургалтын төлбөр 3 сар нь дунджаар өнөөгийн ханшаар 250000 Тайвань доллар, сургуулиуд хэл сурах гадаад оюутанд тэр бүр дотуур байр олгодоггүй тул сардаа аль хотод гэдгээс хамаарч 4500-6500 тайвань доллар дунджаар зарцуулна. Хэрэглээнд 1 сардаа өртөг дунджаар 5000-6000 тайвань доллар. Хэлний курсэд суралцаж байгаа оюутанд цагын ажил хийх зөвшөөрөл олгохгүйгээс гадна, эхний 6 сар эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй учраас эрүүл мэндэд маш их төлбөр төлнө.
10.Сайхан байгальтай ч, сурахад цаг агаар, хүнсний аюулгүй байдал ноцтой. Тайваньд томоохон хотуудад маск зүүсэн иргэд түгээмэл байдаг нь Тайвань Азид утаа ялгаруулдаг хөлөг онгоцны зам дагуу оршдог, мөн арлын хэмжээнд ажиллаж байгаа дулааны цахилгаан станцууд, үйлдвэрүүд, автомашинаас ялгарах тортогын нөлөөгөөр агаарын бохирдолтой холбоотой. Жилийн ихэнхи улирал нь халуун бүгчим учраас эйр кондишнгүй бол амьсгалах боломжгүй. Залгавал тэр хэрээр их мөнгө шаардлагатай. Карантны ус нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй. Иргэд нь гэрээсээ гадуур хооллох нь элбэг тул хоолны газрууд нь ойр ойрхон, шавааралдан байрлаж, аварга жоом, харх, элдэв шавьжтайгаа нэгэнт эвлэрчээ. Ходоодны өвчин Тайваньд их гардаг нь хүсний аюулгүй байдал алдагдсантай нь шууд холбоотой.
Гэхдээ нөгөө талаас эдгээр сургуулиуд сургалт, судалгаанаас илүүтэй гадаад оюутны тоогоороо дэлхийн шилдэг гэсэн статуст багтаж байгааг бас хэлэх нь зүйтэй. Тиймдээ ч Тайваний сургуулиудын сургалтын чанарыг МОНГОЛ оюутнууд голох нь бий. Нэг талаас Тайваний боловсролын яамны Тайваньд суралцдаг гадаад оюутны статистик тоо баримтаас нэгэн зүйлийг анзаарч болохоор байна.
2010 оны хичээлийн жилд Тайваньд зэргээр буюу бакалавр, мастер, докторын оюутан нийтдээ 51741 байгаагаас ердөө 17788 нь олон улсын оюутан, 24626 нь хятад гаралттай цагаач оюутнууд гэгддэг Малайз, Хонгконг, Макаогын иргэд(уул нь өөрийн иргэншилтэй хүмүүс гэтэл Тайваньд цагаач гэж нэрлэдэг, өөрсдөө ч их дуртай юм билээ), БНХАУ-аас 9327 оюутан ирж суралцсан байна. 64675 нь зэргийн бус буюу хятад хэлний сургалтанд 19977, БНХАУ-аас ирж судалгаа хийсэн оюутан 32648, дэлхийн бусад орнуудаас солилцоогоор 4126, бусад нь бусад богино хугацаат мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдсан ажээ.
Дээрх үзүүлэлтээс харахад Тайваньд суралцаж буй нийт гадаад оюутны 50% нь БНХАУ болон Малайз оюутнууд эзэлж байна. Эдгээр Малайз оюутнуудын 90% нь хань үндэстнүүд буюу Хятад цагаач иргэдийн унаган хятад хэлтэй хүүхдүүд байдаг. Үндсэн зэргээр суралцаж буй нийт гадаад оюутны 33% буюу 17788 гадаад оюутны дийлэнх нь зүүн өмнөд ази, Монгол гэсэн орнууд эзэлж байгаа бөгөөд Хойд Америк, Баруун Европын оюутнууд маш бага хувийг эзэлдэг бөгөөд дийлэнх нь голдуу нэр хүндтэй их сургуулиудад солилцооны хөтөлбөрөөр Азийн зах зээл, хэл соёлын орчныг сурах зорилготой ирдэг. Топ сургуулиудад өндөр хөгжилтэй орны оюутнууд голдуу суралцдаг бөгөөд дийлэнх нь Тайваний засгийн газрын тэтгэлэг болон бусад төрлийн тэтгэлэгээр сурдаг. Япон болон Өмнөд Солонгос, Австралийн оюутнууд ч мөн адил. Тэгэхээр Хойд Америк болон Баруун Европ болон бусад хөгжингүй орнууд Тайваний боловсролыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү. Хаана боломж байна тэнд л гадаад оюутнууд ирж сурна. Тайваньд гадаад оюутнууд мэргэжлээ дадлага хийх, цагын ажил олж хийх, төгсөөд ажлын байртай болох, хятад хэлний бэрхшээл зэргээс шалтгаалан Тайваньд ирж суралцах сонирхол бага байж болох талтай.
No comments:
Post a Comment