Tuesday, April 13, 2021

Бүс ба зам санаачлага Хятадын эдийн засгийн гадаад бодлогын хэрэгсэл болох нь

2013 онд Хятад нь Ази, Европыг холбосон торгоны замыг сэргээн, Хятад төвтэй бүс нутгийн  улс төр, эдийн засгийн нөлөөгөө тэлэхэд чиглэсэн эдийн засгийн гадаад бодлогын стратегийн нэг хэсэг болсон "нэг зам, нэг бүс" санаачлага гаргасан билээ. Харин 2015 онд "Бүс, зам" санаачлага хэмээн нэрийг нь өөрчилсөн юм. Бүс зам санаачлагын гол зорилго нь:
1.Цэргийн буюу уламжлалт аюулгүй байдал, эрчим хүч, хүнс буюу илүү өргөн хүрээнд уламжлалт бус аюулгүй байдлын төсөөллөөр Хятадын үндэсний иж бүрэн аюулгүй байдлыг хангах 
2.Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг зорилтот бүс нутгуудад төр төвтэй төрийн мэдлийн барилгын компаниуд ба санхүүгийн байгууллагууд болох эдийн засгийн дипломат бодлогын агентууд, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, төсөл, дэд бүтэц гэх мэт хэрэгслүүдээр дамжуулан нөлөөлөх 
3.АНУ-н дэлхийд нөлөөлөх нөлөөллийг тогтоон барих, тус улсаас эдийн засгийн хувьд хамаарах хамаарлыг бууруулах, дотоодын зах зээл дэх илүүдэл бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл нээх, дотоод дахь удааширсан өсөлтийг хурдасгах явдал юм.
Зам төслөөрөө дамжуулан хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засаг, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Хятадын "China Harbor" болон охин компани болох "China Harbor Engineering", "CRRC", "State Grid", "China Three Gorges" болон тээвэрлэлтийн аварга "COSCO" гэх мэт цөөн хэдэн аж ахуйн нэгжүүд төслүүдийн дийлэнхийг хэрэгжүүлж, хянан, засгийн газартаа шууд тайлагнадаг. Түүнчлэн, технологи ба дэд бүтцийн платформ, архитектор ба системийг Хятад жишгээр бүтээн байгуулах замаар "Huawei", "ZTE", ба "Alibaba" гэх мэт үндэсний тэргүүлэх компаниудыг стратегийн хувьд тухайн төсөл хүлээн авч байгаа орны зах зээлд байршуулахад төслүүд нь чиглэдэг. Үүний жишээ нь, Малайз дахь "Alibaba"-н төслөөр дамжуулан өгөдөл/үүлэн, цахим арилжаа ба санхүүгийн үйлчилгээний суурийг тавьж байна. Төмөр замын цагираг гэх мэт тээвэрлэлт, 5G гэх мэт мэдээлэл харилцаа, эрчим хүчний сүлжээ гэх мэт төслүүдээр дамжуулан стратегийн дэд бүтэц, холбогдох үйлчилгээг хяналтаа авах боломж Хятадад бүрдсээр байгаа. Кобальт, литийн давс, никелийн төслүүд гэхэд л Хятадын баттерей ба цахилгаан машиний аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.  “Бүс, зам” төлөвлөгөөр дамжуулан, Хятадын засгийн газар болон төрийн өмчит банкууд нь Ази, Африк, Зүүн Европ, Латин Америк ба Номхон далай хөгжиж байгаа орнуудын боомт, төмөр зам, хурдны зам, аж үйлдвэрийн парк барихад зориулж 2000 оноос эхлэн дэд бүтцийн зээл олгосноор өдгөө манай гаригийн хамгийн том зээлдүүлэгч болоод байна. 
Гэхдээ Хятадаас бүс зам санаачлагад оролцогч орнуудтай байгуулсан зээлүүдийн гэрээ тэр бүр нийтэд нээлттэй биш байгаа, энэ талын судалгаа нэн хомс байдаг тул Хятад зээлээрээ дамжуулан хөгжиж буй орнуудыг дагуул улсаа болгох нь гэх хар багагүй дагуулдаг. Үүнийг ч өнөөдөр манай улсын жишээн дээр харж болно. Тэгвэл АНУ ба Германы “Anna Gelpern”, “Sebastian Horn”, “Scott Morris”, “Brad Parks”, “Christoph Trebesch” нарын судлаачид Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болох Экспорт ба Импортын банк, Хөгжлийн банкнаас хөгжиж байгаа 24 оронтой байгуулсан 36 тэр бум ам долларын өртөгтэй 2000-2020 оны хооронд байгуулсан 2000 гэрээнээс түүвэр аван 100 гэрээнд анх удаа шинжилгээ хийж, бусад улс орнуудын хоёр талт, олон талт болон арилжааны зээлдүүлэгчидтэй харьцуулж судалжээ. Судалгаанаас нь харахад, Хятадын гэрээнд нь зээлдэгчээс гэрээ байгуулсан тухай, гэрээний нөхцлийн талаар нийтэд дэлгэхийг хориглосноос гадна, гэрээ байгуулсан тухай бусдад үгүйсгэхийг шаардсан байдаг. Зээлийн гэрээний заалт нь ил тод биш, олж танилцах боломжгүй учраас хөндлөнгөөс шинжилгээ хийх, засгийн газруудын зүгээс санхүүгийн хямрал нүүрлэхэд даван туулахад бэрхшээлтэй болгож байгааг уг судалгаанд оролцсон санхүүгийн шинжээч “Christoph Trebesch” дүгнэсэн байдаг. Түүнчлэн, нэг анхаармаар зүйл нь төслийн санхүүжилтээс орж ирэх орлогын данстай байхыг зээлдэгчээс шаардсан байдаг. Тэгвэл энэхүү орлогын данс ямар аргаар, хэрхэн хэрэгждэг вэ гэдгийг доорх бүдүүвчээс Эквадорын жишээнээс харах боломжтой.                                                    Бүдүүвч 1

Эквадорт олгосон газрын тос барьцаалсан 2010 оны зээлийн гэрээнээс харахад Хятадын хөгжлийн банк 1 тэр бум ам долларын газрын тос барьцаалсан зээлийн гэрээг Эквадорын сангийн яамтай байгуулсан. Зээлийн 80%-ыг дэд бүтэц, уул уурхай, харилцаа холбоо, нийгмийн халамж ба эрчим хүчний төслийг санхүүжүүлэхэд тус улсын сангийн яам нь чөлөөтэй зарцуулах эрхтэй бол үлдсэн 20%-ыг Хятадын сонгосон гэрээлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулна. Уг зээлийн барьцаа нь "PetroEcuador" бa "PetroChina"-н хооронд байгуулсан газрын тос борлуулах, худалдан авах гэрээ байна. Гэрээгээр "PetroEcuador" сар бүр 380 баррель боловсруулсан газрын тос, 15000 баррель түүхий нефьт худалдах ба хятадын хуулийн дагуу Хятадын хөгжлийн банктай хамтран нээсэн дансанд орлогыг "PetroChina" хийнэ. Эквадорын тал ямар нэг байдлаар мөнгө татах эрхгүй. 
Хятадаас байгуулсан гэрээнүүдийн нэг онцлог нь Хятадын төрийн өмчит банкууд өрөө төлүүлэхэд улс төр, эдийн засаг, эрх зүйн аргыг хэрэглэн, хэлэлцээр хийх давуу эрх мэдэлтэй бөгөөд зээлийг үргэлжлүүлэн олгох эсэхэд Хятадын тал дангаараа шийдвэр гаргах эрхтэй учраас гэрээг цуцлах, өрөө нэн даруй барагдуулахыг шаардах, өрөө төлөх чадваргүй бол дипломат харилцаагаа таслах заалт хүртэл багтаасан байна. Хятадын засгийн газар төсөл хэрэгжүүлсэн үндэсний компаниудад төлбөрийг нь хийх ба төсөл хүлээн авсан орон нь Хятадын засгийн газарт төлбөр төлнө. Төсөл нь тусламж биш учраас зээлийг хүүтэй, зах зээлийн нөхцлөөр олгох ба нөгөө талаар арилжааны биш учраас Хятадын засгийн газарт эргүүлэн төлөлтийг лизингийн эрх, эрчим хүч, түүхий эд барьцаагаар баталгаажуулдаг. Ингэснээр Хятадын компаниудын нуруун дээр үүсэх эрсдэлийг багасгадаг. 
“Бүс, зам” санаачлагын хүрээнд Хятад өрөөр урхидан стратегийн нөөц олж авдаг гэх шүүмжлэл дагуулсаар удаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн их ярьдаг жишээ бол Шриланк билээ. Тухайлбал, өрөө төлөөгүй Шриланк 2017 оны 12-р сард "Hambantota" усан боомтоо Хятадад 198 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон байдаг. Шриланкийн шинэ засгийн газар солигдоход гэрээг алдаатай байгуулсан тул дахин хэлэлцээр хийхээ хятадын талд илэрхийлэхэд Хятадын тал татгалзсан. 2011 онд Хятад 10 сая хүрэхгүй хүн амтай Тажикстанаас 1000 гаруй км газар авч өрөө хэсэгчлэн чөлөөлүүлж байсан билээ. Өдгөө “China Southern Power Grid”–тай байгуулсан гэрээгээр зээлээ төлөх чадваргүй байдалд орсон Лаос улс "Electricite du Laos"-н хяналтын багцаа Хятадад алдсан зэргийг дурдаж болно. 
Нөгөө талаас дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахлын эдийн засагт учруулах нөлөөлөл зээл авсан орнуудын эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг Бээжингийн засаг захиргаа ч хүлээн зөвшөөрч байгаагаас гадна, зээл олгосон орнуудтайгаа өрийн хэлэлцээр хийхэд хүндрэл учирч байгаа, Хятадын санхүүгийн байгууллагууд зээл олголтоо удаашруулах болсон зэрэг нь 2000 оноос хойш 1 их наяд ам долларын өртөгтэй  "бүс зам" санаачлага нь Хятадад хямрал дагуулж мэдэхээр байгаа. 
Бүдүүвч 2 Хятадаас гадаад орнуудтай байгуулсан зээлийн гэрээ ам доллараар
                                     эх сурвалж: Congressional Research Service
Санаачлага хэрэгжүүлж эхэлсэн 2013 онд 400000 хүрэхгүй гадаад оюутантай байсан Хятад 2019 оны байдлаар 600000 гаруй гадаад оюутантай болсон бөгөөд өнгөрсөн жилээс цар тахлын нөлөөгөөр гадаад оюутан хилээрээ нэвтрүүлээгүй, тэтгэлэг олгох, сунгах журмаа багагүй чангалсан нь ч үүний нотолгоо юм. 
Монгол улс торгоны замын бүсэд багтдаггүй болов ч, Хятадын бодлогын нөлөөгөөр "бүс зам" санаачлагад багтаж, Хойд Хятадыг Зүүн Оростой Монголоор дамжуулан холбох зорилготой Хятад-Монгол-Орос гэсэн гурвалсан сүлжээнд нэгдээд байна. 2020 оны байдлаар манай улсын экспортын 90%, импортын 30% нь Хятадад дангаараа ноогдож, эрдэс бүтээгдэхүүн гаргаж, өргөн хэрэглээний бараа оруулж ирж, нэг нэгнээ харилцан ашигтай нөхөж байгаа мэт болов ч, эдийн засгийн хувьд бүрэн хараат байдалд орсныг цар тахлын үеийн хилийн боомтуудад үүсч байгаа асуудлууд, барааны үнийн өсөлт хэн бүхэнд тод мэдрэгдэнэ. Манай улсын төрийн өмчит компаниуд Хятадын компаниудтай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсанаар Монголд орж ирэх байсан экспортын орлогыг бууруулах нь гарцаагүй бөгөөд хоёр талын хооронд байгуулсан гэрээ улсын нууцад хамаардаг. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд ямар нэг хэмжээгээр шууд ашиг өгөх боломжгүйгээр барахгүй, манай улсын хувьд валют гадагшлах импортыг өсгөнө. Монгол улм ардчилсан орон мөн бол Хятадтай байгуулсан зээл, төслийн гэрээнүүдийг ил болгохыг шаардах хэрэгтэй. Засаглал сул Монгол улсын хувьд Хятадын өрийн хавханд орох хамгийн өндөр эрсдэлтэй 8 орны нэг болсныг доорх зурагнаас харж болно
                                                                       Бүдүүвч 3 
Хэдийгээр энэхүү санаачлага ердөө 8 дахь жилдээ золгож байгаа бөгөөд өгөөжийг нь дүгнэх эрт байгаа ч, манай мэт засаглал сул орнуудад сөрөг нөлөө нь туссаар байгаа. Хятад өртэй орнуудынхаа зээлийг тэглэдэггүй, хугацааг нь сунгадаг тул энэ нь эргээд санхүүгийн хувьд урт хугацааны хамаарал үүсгэж, манай мэт жижиг орон хараат буюу дагуул улс нь болох нь тодорхой болжээ.