Энэхүү толь бичгийг Монгол Улсын Их Сургуулийнхаа үе үеийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн сургуулийнхаа 70 жилийн ойд өргөн барьж байгаадаа баяртай байна.
Их Сургуульд намайг анх ороход
эхний өдрийн хичээлийг доктор Ч.Таамаа багш “авиа зүйн” хичээлээр эхлүүлж
билээ. Хятад хэлэнд 6 хөг байдаг гээд бидэнд дуудаж өгнө. Тэр нь бидэнд үнэхээр
хүнд, бас дээрээс нь ханз гэж нэг айхтар зүйл нэмэгдэнэ. Багшийгаа яаж дуудаад
байгааг гайхаад, энэ чинь нөгөө хятад хэл мөн үү гэсээр наашаа харж инээн,
цаашаа харж уйлах шахуу. Тухайн үед магистрант Г.Бямбабаатар, Б.Энх-Отгон,
Г.Элдэв-очир, Г.Болормаа нар Ч.Таамаа багшийг дагаж бидэнд хичээл заадаг
байлаа. Биднийг ороход багагүй хугацаанд багшилсан залуу багш нар шилжилтийн
тэр үед бөөнөөрөө гарсан байжээ. 11 сар гарч байж сая л нэг дуудлага зүгшрэн,
ханз нүдлэх дадал сууж билээ. Хөг дуудуулах, ханз бичих дадалд сургана гэдэг их
нүсэр ажил байдаг юм байна. Ч.Таамаа багшийн маань хоолой их торгомсог, чанга
хоолой нь оюутнуудыг сургая гэсэн сэтгэл зүрхтэй нь хосолсноор аргагүй л энэ
хятад хэлийг сурч байгаа олон мянган оюутнуудын эх нь болж байгаа юм. Хятад
судлалын тэнхмийн туслах ажилтан Л.Тогос эгч гээд нэг сайхан ааштай, тусархуу
гэж жигтэй. Аль бүрт компьютер гэж байсангүй, бидэнд ангийн ажил шивээд өгнө. Бүтэн
4 жил бидэнд хятад хэл заасандаа. Бид сурах бичгээ 1-р ангидаа анх худалдаж
авна, тэгээд 2-р курсээсээ хойш номоо солилцох замаар авч хэрэглэдэг байсан.
1-р ангиас эхлэн орсон Б.Гэрэлт-Ирээдүй багшийг ч дурдах хэрэгтэй. Бээжингийн
Их Сургуулийг бахархмаар төгссөн багшаас
маань онц авах хүүхэд их л ховор байж
билээ. Жижиг цэг, зураас, таслалыг ч том алдаанд авна, эхний заасан зүйлээ
сургаж байж дараагын заах зүйлрүүгээ орно их махруу, шаардлагатай нэгэн.
Б.Элдэв-очир, Б.Гэрэлт-Ирээдүй багш нар маань одоо доктор, тэнхмийн эрхлэгч
болчихсон байна. Харин Ц.Бямбабаатар багшийг их сайн багш болно гэж боддог
байсан. Харин сургуульд үргэлжлүүлэн багшлаагүй, Дарханд дунд сургуульд багшилж
байгаа бөгөөд шавь нар нь Монгол улсаа анх удаа төлөөлөн дэлхийн хятад хэлний
олимпиадад 3-р байр эзэлжээ гэж сүүлд дуулсан. Манай багш ийм л чадварлаг
хүндээ. Магадгүй хувийн сургууль байсан бол сургуульдаа үргэлжлүүлээд л заах
байсан биз. Энд нэг хэсэгтээ л оюутнуудын аз дутаж байгаа юм.
Ерөнхий эрдмийн хичээлүүд орно.
Доктор Э.Равдан, Ю.Мөнх-Амгалан, Г.Эрхэмбаяр, ахмад багш Д.Дамба, С.Сайнбилэг
нарыг энд заавал дурдах ёстой. 1-р ангид
дээрх багш нарын хичээлд суухад 2-р ангиас мэргэжлийн хичээлд суух бэлтгэл
тавиад өгнө. С.Дамба багш гэхэд “Монголын уран зохиолын түүх” хичээлээр 40 ном
уншиж товчлуулна, тэгээд уншсан лекцээ 400 оюутнаас нэг бүрчлэн амаар шалгалт
авна. 1 кредиттэй хичээл шүүдээ, энэ бол ажилдаа ямар хариуцлагатай, үнэнч
хандаж байгаагын илрэл юм. Монгол бичгийн хичээлийг маань ч 2-р улиралд бидэнд
заасан. Саяхан хүртэл багш маань амьд сэрүүн хичээл заагаад, нөгөө л
оюутнуудынхаа дунд автобусаа хүлээгээд л зогсож байсандаа. Тийм л энгийн. Э.Равдан
багш гэхэд л хичээлээ цээжээр заана. Монголын үе үеийн орос хэлний багш нарыг
бэлдсэн. Манай орос хэлний багш нар маань бүгд л Э.Равдан багшийн шавь нар нь.
Монгол Улсын Их Сургууль төгсөлтийн баяраа нэг үеээ бодвол соёлтой тэмдэглэдэг
болсон. Үүнийг Э.Равдан багш л санаачилсан. Цаашид ч энэ арга хэмжээг сургуулийн
зүгээс илүү боловсронгуй болгох бизээ. Тэр хэрэггүй зарцуулж байгаа мөнгийг
сургуулийнхаа сурах орчинг сайжруулж төгсөгчдөөс багш нартаа дурсгах зүйлтэй
болгоход зарцуулдаг сэтгэл зүрх бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ю.Мөнх-Амгалан
багш гэхэд л бүтэн жил орчин цагын Монгол хэл зааж билээ. “Аливаа зүйлд нэг
талыг бүү баримталж бай, аль алинд нь хүндэтгэлтэй хандаж бай, сайн тал ч бий
муу тал ч бий” гэнэ. Оюутнуудыг хичээлд хандаж байгаа байдлаар нь өдрийн,
сонсогч, ажиглагч, эчнээ гээд нэрлэхээ матрахгүй. Л.Түдэвийн “Дал” сонинг уншиж
байгаараа гэдгийг захидаг байсан. Доктор Г.Эрхэмбаяр багш манай сургуулийн дэд
захирал, сургалтын албаны дарга байсны сацуу бидэнд орчуулгын онол хичээл орсон
болохоор ямар хатуу шаардлагатай, нямбай, яг цагт нь аливаа зүйлийг хийх ёстой
гэдгийг бидэнд мэдрүүлж өгдөг байсныг сайн санадаг. “Хичээл хийдэггүй оюутан
хүртэл надаас ном сураад байна би Г.Эрхэмбаяр багшид үнэхээр баярлаад байгаа”
гэж Ц.Базаррагчаа багш ямар сайндаа хэлж билээ. Хийж байгаа ажлаа үнэхээр
хариуцлагатай хийдэг нэгэн. Сургууль хоёр болж салахад биднийг дагаад л ирж
байсан. Дөнгөж өрх тусгаарлаж байгаа сургуулийг төлөвшүүлээд л 3 жилийн дараа Гадаад
Хэл Соёлын Сургуульдаа буцаад очиж багшилсандаа. С.Сайнбилэг багш олон жил орос
хэл заасан, “дүрэм үзээд л байдаг цаашаагаа явдаггүй тиймээс эх бичвэр өгөөд,
түүн дээр нь дүрмийг нь давхар тайлбарлаад явбал өгөөжтэй” гэдэг байсан. Би ч
багшийнхаа энэ аргыг одоо хүртэл хэрэглэдэг. Их үгээ зөөж ярина, намбалаг,
зөөлөн, өрөвч хүн байсан. Багш хүн ямар ч нэр төр хөөцөлддөггүй гэдгийг
С.Сайнбилэг багшаас харж болно.
2-р ангид ороход Ц.Базаррагчаа
хичээлд суухад үнэхээр урамтай, гайхалтай сайхан бичигтэй, яг уран зураг шиг,
тийм сайхан бичгийг хараад хүн улам л сэргэнэ. Бидний бичгийн хэв, найруулгыг
их голно. “Монгол хэл сайтай зохиолчдын бүтээлийг уншиж байгаараа” гэж дандаа
захидаг байж билээ. Хятадад сурдаг оюутнууд хүртэл багшаас маань асууна гээд л одоо
хүртэл сураглана. Экономикс, философи, төр эрх зүйн үндэс бидэнд ерөнхий
эрдмээр орсон. Эдийн засгийн маань анхны багш Ш.Хишгээ, Цэвэгмид нар байсан. Эд
бол экономиксийн үндсийг сайн тавьдаг багш нар, тийм дээ ч эдийн засгийн дараа
дараагын хичээлийг цаашид ойлгох чадвар сууна. Төр эрх зүйн Бахытгүл гээд сайн
багш байж билээ. Хичээлээ сэтгэл зүрхээрээ заана, 300-аад оюутнаас нэг бүрчлэн
амаар рефератын ажлыг шалгана. Ингээд л цаашид олон улсын эрх зүйн хичээлийг
ойлгох үндсийг сайн тавиад өгч байгаа хэрэг. Манай дээд ангийнханд хүртэл олон
улсын эрх зүйн багш олдохгүй, нэг хэсэгтээ зааж байсныг санаж байна. Түүхийн
ухааны доктор Ш.Өлзийдолгор Хятадын
эдийн засгийн газар зүйг заасан доктор В.Батцэнгэл, философийн Д.Тунгалаг, экологийн
боловсролын багш Н.Үржинбадам, улс төр судлалын Г.Цэнд-Аюуш нарыгаа ч дурдахад
таатай байна.
Мэргэжлийн хичээл болох, Монголын
гадаад бодлогын түүх хичээлийг Ж.Бор, олон улсын харилцааны удиртгал, түүх
хичээлийг магистрант багш Г.Далайжаргал орно. Магистрант багш гэхээр одоогийн
оюутнууд гайхаж байгаа байх, багш маань 2 дахь төгсөлт нь ямар ч байсан биднийг
3-р ангид мэргэшүүлэх багш нарт хүлээлгээд л өгсөн дөө.
Ж.Бор багш захирал болоод ажил нь
амжихгүй байсаар 3-р ангид хичээлээ үргэлжлүүлэн заасан. “Та нар тооноос айгаад
энэ сургуульд ороод ирлээ гэж бодож байгаа. Харин ч та нарын энэ мэргэжил
тоогүйгээр явахгүй” гэж хэлж байсан. “Англиар сайн ярилаа гээд та нарыг
үнэлэхгүй, тэдний мэдэхгүй зүйлийг мэдэж байж үнэлүүлнэ” гэж захидаг байсан
даа. Д.Цолмон, Ж.Баясах, Х.Олзвой, Ч.Уламбаяр, Ж.Баттогтох, Г.Баасанхүү, Б.Янжмаа
нар орлоо. Д.Цолмон багшийг оюутнууд доод ангиасаа дуулаад л ороод ирнэ. Намайг
сурч байх үед семинарын хичээл гэж тэр бүр байдаггүй байсан нь санхүүгийн хүнд
байдалтай холбоотой гэдгийг ойлгодог байсан. Бараг л бүх хичээл лекцээр ороод
хичээлийн эцэст 100 оноотой шалгалтаар л дүгнэнэ. Ирц, явц, идэвхийн оноо гэж
байхгүй шүү дээ. Ганц, хоёр хичээл л 14 хоногт нэг удаа семинараар орно. Харин
Д.Цолмон багш дипломат албаны хичээлүүдээ оюутнуудад аль болох ойртож орно.
Өөрийн зааж буй эрдмээ оюутнуудад ойлгуулах тал дээр анхаарч, оюутнуудаар
илтгэл тавиулах, асуулт асуух зэргээр биднийг хөгжүүлнэ. Идэвхи, чармайлт
гарган суралцаж байгаа оюутнуудыг жилийн эцсийн шалгалтаас чөлөөлөхөд, дараа
жилээс оюутнууд улам мэрийгээд л ирнэ. Багшаар маань төгсөлтийн ажлаа
удирдуулсан оюутнууд хамгийн өндөр авна, эрдэм шинжилгээний хуралд эхний
байруудыг эзэлдэг байлаа. Энэ бол оюутанд өөрийгөө бүрэн зориулдаг профессор
юм. 1950-иад оны дунд үед Монгол Улсын Их Сургуульд суралцаж байх хугацаандаа
сурлагаараа шалгаран, Москвагын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд
Сургуулийг дүүргэсэн. Аргагүй л агуу Москвагын Их Сургуулийн дэгийг харуулж,
Дэлхийн II-р дайны дараах хүнд үед хатуу шаардлагын дор хэрхэн сурч байсныг нь
бид зах зухаас нь гадарласан. Ж.Баясах багш ч жилийн дараа сургуульдаа олон
улсын харилцааны тэнхмийн эрхлэгчээр буцаж ирэхэд оюутнууд ихэд баярлаж байсан.
Тэнхим ч дүүрээд ирлээ. Олон Улсын Харилцааны Сургуулийг үндэслэн байгуулалцаж,
анхны захирлаар ажиллаж байсныг үе үеийн оюутнууд сайн мэддэг. 30 гаруйхан
настай залуу докторыг ийм том сургуулийн захирлаар томилсон нь ямар их эрч
хүчтэй, мэдлэг боловсролтой, удирдан зохион байгуулах авъяастайг нь тод томруун
харж болохоор буйзээ. Багш маань тийм том биетэй хирнээ итгэмээргүй цайлган,
өгөөмөр, тусархуу, шулуун, гүдэсхэн нэгэн. Бидэнд гадаад улс орнуудын соёл
иргэншлийн түүх хичээлийг бас л анх заасан. Б.Уламбаяр олон улсын эдийн засгийн
харилцааны ихэнхи хичээлийг заана. Оюутнууд зааж байгаа хичээлийг нь ялаа нисэх
чимээ сонсогдтол нь сонсож сууна. Олон улсын худалдаа, санхүүгийн үндсэн
асуудлыг багшаасаа л анх дуулсан. Тэр үед одоогийнхтэй адил аливаа юм элбэг
байсангүй. Монгол Улсын Их Сургуульд олон улсын эдийн засгийн харилцааны анхны
хичээлүүдийг заасан багш хүнийг эрдмийн зөвлөл заалгахгүй байх шийдвэрийг
биднийг төгсөж байх үетэй зэрэгцээд гаргаж байсныг дуулаад үнэхээр харамсалтай
санагдаж байсан ч багш маань сургах, судлах ажлаа орхиогүйгээр барахгүй, сүүлд
төрөлх сургуульдаа доктор хамгаалсныг дуулдаад маш их баярлаж билээ. Мэдээж энд
дурдахгүй байхын аргагүй эрхэм хүн бол онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
Х.Олзвой багш маань билээ. Москвагын Их Сургуулийг дүүргэж, Монгол улсын
дипломат албанд олон жил нэр төртэй зүтгээд бидэнд заах болсон нь үнэхээр их аз
байсан. Олон ч хичээлийг анх удаа заасан нь өнөөг хүртэл сургалтын хөтөлбөрт
байсаар байна. Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхмийн эрхлэгчээр анх
ажиллаж байсны сацуу сургуулийн бүхий л ажилд сэтгэлээсээ оролцоно. Үргэлж
инээмсэглэж явдаг багш маань “анги танхимд сандал хүрэлцэж байна уу, оюутан
зогсоогоор хичээл хийж байна уу” гээд л их л санаа тавина. Эрдмийн зөвлөлийн
хуралд хүртэл ороод суучихдаг байсан. Манай сургуулийн анхны төгсөгчдийн нэг
Ж.Баттогтох, Г.Баасанхүү, Б.Янжмаа нарыг ч бидэнд багшлуулахаар болсон нь бас л
Х.Олзвой багшийн зүтгэл юм. Бидний тэдний анхны оюутнуудын нэг нь байсан бөгөөд
тэд багшлах ажилд их сонирхолтойг нь мэдэрсэн, одоо тэд маань доктор, ахлах
багш болчихсон байна. Х.Олзвой багш манай 3-р курсийн анги даасан багш байсан уу
эсвэл оюутанд тэгтлээ санаа тавьдаг багш байсан уу гэдгийг сайн мэддэггүй. Хоёр
сургууль болж салсан үеэс оюутны холбооны даргагүй байна, гээд намайг манайхан
курсийн дарга хүчээр болгочихлоо. Ингээд “шаардлагатай үед оюутнуудын санал хүсэлтийг
уламжилж бай, одооноос удирдаж сур” гээд багш маань захиж билээ. Харин би тэр
итгэлийг нь дааж чадаагүйдээ үнэхээр өөрийгөө зэмлэдэг. Багшийн маань бие их
тааруу байсан болохоор биднийг 4-р курсэд ороход өөд болсон. Академик ертөнцөд
энэ бол залуу нас л даа. Үнэхээр харамсалтай тэр үес л энэ сурч байгаа
мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож эхэлж байсан үе л дээ. Багшийн маань сэтгэл
зүрх, эрч хүч бидэнд шингээстэй байдаг, багшинийхаа захиасыг бид одоо хүртэл
мартаагүй ээ. Өнөөдөр манай сургуулийн оюутнууд “экономиксийн цагаан толгойг
хэн сайн мэдэх бэ” улсын олимпиадад оролцож байна. Экономиксийн сургалт бэхжсэн
эдийн засгийн чиглэлийн сургуулиудын чансааг сорьдог олимпиад шүүдээ, энэ бол
үнэхээр амжилт шүү. Олон улсын маркетинг хичээлийг хүртэл зааж байна гэж
дуулсан. Ямар ч байсан олон улсын эдийн засгийн харилцааны анхны багш нарын хичээл
зүтгэлийг одоо зааж байгаа багш нар нэр төртэй
үргэлжлүүлж байгаад үнэхээр баярлаж явдаг. Анх олон улсын эдийн засгийн
харилцаагаар 10 хүрэхгүй оюутан сурна, тэднийг алдалгүй төгсгөх гэж багш нар ч
их мэрийдэг байсан. Харин өнөөдөр энэ чиглэлээр сурах сонирхолтой оюутны тоо
нэмэгджээ. Өнөөдрийн сургалтын хөтөлбөр ч бидний үетэй харьцуулахад нилээд
эдийн засагжижээ. З.Энхтайван багш ч харьцуулсан улс төр хэмээх шинэ хичээл орж
тэр үед анх бидэнд “Нешийн тэнцвэр”-ийг бидэнд заасан нь бас л олзуурхууштай
байлаа. Доктор Д.Наран багш маань ч Хятадын орчин цагын түүхийг, ярианы хэлний
хамт зааж билээ. Багшийнхаа удирдлаган дор оюутны эрдэм шинжилгээний хуралд
оролцож байсан минь нь бас л тодоос тод сэтгэлд хадгалаастай. Үнэхээр гайхалтай,
биширмээр багшдаа. Лев Николаевич Гумилевийн бүтээлийг орчуулж Монголчуудад хүргэж байсныг нь сайн санадаг
юм. Ш.Эгшиг багш ч сургуульдаа буцаж ирж, доктор хамгаалж бидэнд заасан. Бидэнд
хичээл заахгүй болов ч зөвлөгөө өгөн, үнэт сургаалиа хайрладаг эрдэмтэн багш
нар гэвэл франц судлалын Г.Буяннэмэх, япон судлалын Т.Мөнгөнцэцэг, орос, слав
судлалын Ш.Туяа, Их Британи-Америк судлалын С.Уранчимэг нарыг нэрлэх зүйттэй. 4-р
ангид Д.Баярхүү багш гадаадаас томилолтоор яваад 3 жилийн дараа сургуульдаа ирж
гадаад бодлогын шийдвэр гаргалт, дүн шинжилгээ хичээлийг бидэнд анх заалаа. Энэ
үнэхээр давтлага хичээл гэж хэлж болохуйц. Багш маань юу олж мэднэ тэр
бүгдийгээ оюутнуудтай хуваалцана. Хичээл маш шахуу хөтөлбөртэй. Гадаад хэргийн
яамнаас хурдан алхсаар орж ирнэ. Энэ бол оюутнуудыг гадаад харилцаагаар
дамжуулан улс орноо хөгжүүлэхэд сэтгэл зүрхтэй болгох гэсэндээ л тэр шүүдээ.
Бидэнд багш нарын орсон хичээл бүгд анх удаа бакалаврын түвшинд орж байсан
хичээлүүд шүүдээ. Харин дараа багш сургуулиасаа гомдолтой гарсаныг дуулсан.
Бидэнд хичээл орж байхдаа “Евроазийн геополитик: олон улсын харилцаа” номоо,
докторын диссертациа бичиж хамгаалахад бэлэн болсон байсан. Доктороо ч хамгаалсан
байх гэж бодож явсан. Тэр л “олон улсын харилцаа XX-р зуунд” номоо энд л лекц анх уншиж байхдаа бичсэн. Тэр хоёр номыг
хоёуланг нь Ж.Баясах багш редактор хийж байсан. Их Сургууль шиг эрдэм ном
цалгисан байгууллага одоогоор алга л байна. Ингэж харамсахаас ч яахав. Бидэнд л
гэж Монголын гадаад бодлогын зовлонг ярина. Хувийн сургууль байсан бол багш
маань багшилж л байх байсан бизээ. Багш маань их сургуульдаа л багшилна гэдэг
шиг байгаа юм. Энд оюутнууд л хохирно. 4-р ангид ороход дадлагад гарч, диплом
бичих боллоо. Тэгтэл захирлын туслах Ш.Солонго эгч маань “Н.Алтанцэцэг багш
намайг надаар дадлагаа удирдуулах 3-4 оюутан олоод ир гээд байна”. “Чи
удирдуулчих тэгэхүү, надад бүр 1 ч олдохгүй байна гэлээ”. Тэр үед би Стратегийн
судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач М.Батчимэг эгчээр удирдуулахаар тохирсон
байсан. Ингээд л эгчийнхээ үгэнд орж манай сургуулийн захирлаар ирээд байсан
доктор Н.Алтанцэцэгээр удирдуулахаар боллоо. Дадлагын эхний өдрөөс төгсөлтийн
дипломын ажилаа бич, надад “Хятадын гадаад бодлогод Монгол улсын эзлэх байр
суурь” гэсэн сэдэв байна гэнэ. Би тэр үед “Хятадын хөрөнгө оруулалтын бодлого”
гээд сэдэв сонгосон байлаа. Ингээд багшийнхаа өгсөн сэдвийг сонгож диплом бичих
болсон. Намайг асуух гээд очих болгонд гадуур ажил хөөцөлдөж байна, эрдэм
шинжилгээний хуралд оролцож байна, сургуульд байсан ч хичээлтэй, уулзалттай
байна гэдэг л байж билээ. Тэгсэн хирнээ л миний хийж байгаа зүйлийг уншчихсан л
байдаг байсан. Сүүлд л Н.Алтанцэцэг багшиар удирдуулсандаа баярлаж байсан. Зөвлөсөн
сэдвийг нь авсан нь харин зөв байсан. Би тэр сэдвийг одоо хүртэл орхиогүй
байгаа. Өнөөг хүртэл захирлаар ажиллаж байна. Багшийг маань захирлаар ажилласан
үеэс хойш өөрийн байртай, номын сантай, кабинеттай, олон арван эрдэмтэн багш
нартай болж өргөжсөн байна. Үнэхээр ажил хэрэгч, адтай, самбаатай, олон үггүй,
шударга, ёс зүйтэй нэгэн. Манай сургуульд ирэхдээ өөрийн бүтээлтэй, салбартаа
нэрээ гаргасан эрдэмтэн ирсэн. Энд сургалтын албаны ажилтнаар ажиллаж байсан
С.Оюунсүрэн эгчийг дурдах хэрэгтэй. Их махруу, маш завгүй ажиллана, олон
оюутантай харьцаж ажиллаа гэдэг тийм амаргүй. Тэгсэн хирнээ магистрт сурдаг
байлаа. Дараа нь доктор болсныг дуулсан. Тэнхмийн туслах ажилтан, номын санчаар
давхар ажиллаж байсан Л.Түвшинцэнгэл эгч магистр болсон. Сургууль гэж ийм л
сайхан газар даа.
4 жилийн дараа Их Сургуулийнхаа Жамбийн
Батмөнхийн нэрэмжит Эдийн Засгийн Сургуульд ирж сурсан. Анх дэд профессор К.Лизунов
багш менежментээр сурахад их зоригжуулж байсан. Менежментийн үндэс, үйлдвэрлэл,
үйл ажиллагааны менежмент, орчин үеийн менежментийн чиг хандлага гээд хамгийн
олон хичээлийг надад заасан. “Н.Насанжаргал, К.Лизунов багш нар бид үйлдвэрт
ажиллаж байсан, менежмент заах хүн үйлдвэрт дор хаяж 1 жил ажиллаж үзсэн байх шаардлагатай”
гэж Д.Чадраабал хэлж байсныг санаж байна. Их Сургуульд экономиксийн лекцийг анх
уншсан Б.Сувд багшийг бакалавраасаа л мэддэг байсан хичээлд нь ч бас суусан. Семинарын
хичээлийг ерөөсөө тоодоггүй байж билээ. Харин Б.Сувд багшид нэг сайн загнуулж
аваад бүх хичээлийн семинарт суудаг болсон. К.Лизунов багшийн захиснаар
академич Т.Дорж багшийн хичээлд суугаад үнэхээр биширч билээ. Олон улсын
менежмент хичээлийг Олон улсын харилцааны сургуульд заавал үзэх хичээл юм байна
гэж тэр үед бодож суулаа. Намайг сурч байхад манай улсын эрдэмтдийн дунд 2021
он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх уралдаан зарлахад багшийн маань удирдсан баг
1-р байр эзэлж байсан. Хэрэггүй үзэл бодол, шүүмжлэл бус яг хэрэглэхүйц
оновчтой санаа, үр дүн чухал байдгыг багшийн маань мэргэн ухаан тод томруун
харуулдаг. Олон үндэстэн, ястны өлгий нутгийнхаа гайхамшигт эрдэм ухааныг
Москвагын их сургуулийн мэдлэгтэй хослуулснаар багшийг маань хэмжээлшгүй
сэтгэлгээтэй нэгэн болгосон буйзээ. Эх орондоо менежментийн шинжлэх ухааны
үрийг тарьж, олон арван залуусыг эрдэм номд татан оруулсан боловсрол, шинжлэх
ухааны нэртэй зүтгэлтэн. Их Сургуулийн багш хүн ийм л байх ёстой юм байна гэдгийг
багшаасаа харж билээ. С.Хандсүрэн гэхэд л 1950-иад оны сүүл үед Монгол Улсын Их
Сургуулиас сурлагаараа тэргүүлэн Москвагын статистик эдийн засгийн сургуульд
суралцан төгсөж тасралтгүй 48 жил төрөлх сургуульдаа багшилж байна.
Манлайлагчид товч намтартай гэдэг. Үнэхээр тийм гэдгийг С.Хандсүрэн багшаас
харж болно. Эдийн засагчдын байр суурь нийгэмд ийм хүчтэй, эв нэгдэлтэй байна
гэдэг математик, статистиктаа л байдаг гэж боддог. Ямар ч мэргэжилээр сурч
байсан математик, статистикийг заавал судлах хичээлд байх ёстой. Энэ тал дээр
эдийн засгийн засгийн сургууль бусад нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиудаас
хавьгүй хол алхжээ. Нобелын шагналд физик, хими, анагаах ухаан гээд олон зуун
жилийн түүхтэй шинжлэх ухаануудтай экономиксийг зэрэгцүүлж байгаа нь аргагүй л
математик, статистикийн шинжлэх ухааны ач гавъяа бизээ. Насаараа л хичээлдээ
самбар, шохой хэрэглэж байна, энэ нь ч оюутнуудад хүрдэг, утгыг нь ойлгож,
нүдлэхэд дөхөмтэй байдаг. Энд бас дурдахгүй өнгөрч болохгүй ачтан бол доктор
Ц.Аюурзана багш билээ. Эх орондоо санхүүгийн менежментийг үндэслэсэн багш маань
хичээлээ оюутнуудыг ухааруултал нь заана. Багшийн маань хичээлд суусан оюутан
мэргэжлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаад л гарна. Багшийн бие
ч их хүнд байсан ч асар эм тариагаар аргалсаар байдаг байсан. Оюутнууддаа
хоргодоод тэр шүү дээ. Ийм их зүйлийг мэдэж аваад, туршлага хуримтлуулаад
өнгөрнө гэдэг үнэхээр харамсалтай. Их Сургуулийн ертөнцөд 60 нас гэдэг бол
багшлах хамгийн бүтээмжтэй үе байдаг. Энэ үед л оюутныг сургах арга барилд
бүрэн боловсорсон байдаг. Ч.Тогтохцэрэн гээд мундаг оюутан байлаа. За би хайж
байсан оюутнаа оллоо гэсэн шиг л түүнд багш хандана. Ямар сайндаа төгсөлтийн
ажлыг нь удирдахаар өгсөн сэдэв гэж нүсэр, энэ бол түүнд ямар их итгэж найдаж
байгаагын илрэл шүүдээ. Онц төгсөнө гэдэг нэг хэрэг, харин өөрөөсөө юм
гаргатлаа доод хугацаа нь 10-15 жил болно. Нэг газар ажилд ороод удаагүй
өнгөрсөн. Багш нь байсан бол сургуульдаа өдийд туслах багшаар үлдээд, докторт
сурч байх байсандаа. Энэ мэтээр бид хайран авъяасаа алдаж байна. Математик,
физик гээд байгалийн шинжлэх ухаанд манай үеийн төгсөгчдөөс бахархалтай амжилт
үзүүлж эхлээд байна. Энэ бол тэдний чиглэлээр яам гэж байгаагүйн л аз шүүдээ. Доктор
Т.Жааваа багш надад удирдлагын бүртгэлийг заасан. Гадаад орнуудад судалгааны
бүтээлээ хэвлүүлэн Их Сургуулийнхаа нэрийг гаргаж яваа шилдэг профессорын нэг
билээ. Бас л миний хувьд олзуурхууштай. Эдийн засгийн сургуулийн дараа үеийнхэн дотроос доктор Ч.Энхбаяр, Д.Чимгээ,
Б.Болор,
Н.Батнасан,
Х.Цэвэлмаа, Ш.Сонинтамир, Б.Даваасүрэн, Б.Болормаа, Г.Батбилэг, дэд профессор Г.Цагаач багш нараа хачин их хүндэлж явдаг. Эд
маань аль ч оронд судалгаа хийж, лекц унших чадвартай. Бүгд л энэ сургуулиас
төрөн гарсан, одоо сургуулийнхаа сургалт, судалгааны гол ачааг нуруундаа үүрч
байна. Монгол Улсын Их Сургуулийн шилдэг судлаач, сурган хүмүүжүүлэгч багшаар
шалгарлаа гээд багш нарын баяраар дуулдана. Бакалавраа төгсөөд 4 жилийн дараа
ирж сурахдаа эднийхээ лекцийг сонсоод л маш их баярлаж сонсож суудаг байлаа.
Ингээд Монгол Улсын Их Сургуульд
5 жил салбар салбартаа хамгийн шилдэг эрдэмтэн багш нараар хичээл
заалгуулсандаа туйлын их аз завшаан гэж хэлэхэд ч багадмаар санагдана.
Ямар ч байсан манай их сургууль
70 жил нийгэмд үйлчилсээр ирлээ. Тэдний маань заасан эрдэм хаана ч багадаагүй,
эрдэмд орой байхгүй ч, тодорхой түвшинд надад л дутуу сурсан гэж бодох зүйл
байдаггүй. Дэлхийн шилдэг сургуулийг мэдлэг зааж байгаагаар нь бус,
менежментээр нь шалгаруулдаг. Сургууль хөгжүүлэхэд Их сургуулийн хамаг хүндийг
нуруундаа үүрдэг эрдэмтэн багш нарын эрх мэдэл тун бага, яамны боловсруулсан
бодлогын дагуу л бараг явж байна. Багш нарын ачаалал үнэхээр их боллоо, намайг сурч байсан үетэй харьцуулахад бараг л 2-3 дахин оюутны тоо
нэмэгдлээ. 1998 онд гэхэд л Эдийн Засгийн Сургууль зөвхөн Улаанбаатар хотоос 14
оюутан авч байлаа. Тэр дотор ямар чанга оюутнууд байсан нь бэ гэдгийг төвөггүй
ойлгох биз. Өнөө л санхүү, төсөвтэй холбоотой, инфляциа дагаад төлбөрөө нэмээд
байхаар зарим орнуудтай зэрэгцэх гээд байдаг. Ингэхээр нөгөө сайн оюутнуудаа
тэтгэлэг зарлаад байгаа өөр улсад олноор нь алдахыг үгүйсгэхгүй. Намайг л сурч
байхын багш нар аль болох хүүхдүүдээ энд сургах л эрмэлзлэлтэй байдаг байлаа.
Багш нар бакалаврын хичээлээс ч толгой өндийх завгүй байна. Хэзээ завандаа
судалгаа хийж, инновацийг бүтээх билээ. С.Хандсүрэн багш өдий 70 гарсан ч гэхэд
л 200 гаруй оюутанд лекц, семинар зэрэг орж байна. Улсын гэсэн нэртэй боловч
тог, дулааны зардлыг даахаас хэтрэлгүй, өнөөг хүртэл дорвитой хөрөнгө оруулалт
хийлгүй, зөвхөн төлбөрөөр л өдий хүрлээ. Тиймээс төгсөгчид бид энд өөрсдийн
хувь нэмрээ оруулах цаг нь болжээ. Их Сургуулиа хөгжүүлэхэд хандив өгөхөд
хүртэл татвараас хөнгөлж урамшуулдаг төрийн бодлого алга байна. Зах зээлийн
эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлдэнэ гэдэгтэй миний хувьд санал
нийлдэггүй. Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын орлого
бүрдүүлэхүйц шинэ салбарыг бий болгоход сургалт, судалгаа чиглэх ёстой. Нийгмийн
хариуцлагаа ч Их Сургууль орхигдуулжээ. Авъяас, чадвартай ч суралцах боломжгүй
байгаа нэг хэсгийг анхаармаар санагдана. Төрийн өмчийн сургууль гэсэн нэр зүүн эзэнгүйдүүлж,
сулруулж байгааг хараад үнэхээр эмзэглэдэг. Энд олон мянган оюутны цагаахан
мөрөөдөл шингээстэй. Их Сургууль хэн нэгний аяыг дагадаг биш эх орон, хүн
ардынхаа аюулгүй байдлын манаанд зогсдог нийгмийн оюун санааны хамгийн дээд байгууллага
билээ.
No comments:
Post a Comment