Thursday, November 1, 2012

Хятадын зах зээлд брендийн нэрийг хэрхэн сонгох вэ?




Шинэ зах зээлд нэвтэрч байгаа компаниуд нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ аз хийморьгүй нэр өгөх нь олонтоо. Чилийн хувиарлан борлуулагчид Mazda-aac Laputa машинд дахин нэр өгөхийг хүссэн. Учир нь “puta” гэдэг нь Испаниар бие үнэлэгч гэсэн утгатай ажээ. Clairol Mist Stick хэмээх ус буржийгагчийг Германд нэвтрүүлсэн бөгөөд “mist” гэдэг нь малын хөрзөн гэсэн утгатай ажээ.
Хятадын зах зээлд ч нэвтрэхэд бүтээгдэхүүндээ нэр өгнө гэдэг аливаа компанийн хувьд бас ихээхэн сорилт дагуулсан асуултуудын нэг юм. Хятад хэл нь олон мянган ханзтай бөгөөд ижил дуудлагатай болов ч ханз, утга нь өөр байдаг онцлогтой. Coke Хятадад анх нэвтэрч байхад, борлуулагчид сурталчилгаа хийхдээ “Coca-Cola” хэмээн дуудаж байсан нь “wax-flattened mare” буюу унжсан морь гэх ямар ч утгагүй байлаа. 
Marc Fetscherin; Ilan Alon; Romie Littrell and Allan Chan нарын судлаачид компанидад этгээд нэр өгч, буруу мэдээлэл цацахгүй байхад нь туслах үүднээс 100 үндэстэн дамнасан брендэд судалгаа хийн, утга ба дуудлагыг нь харгалзан үзсэн загвар боловсруулжээ. Аль аль хувилбарууд нь эерэг болон сөрөг талтай. Хятад нэр гаралтайгаа авиа зүй ба утга зүйн хувьд холбоотой болов ч, судалгаанд хамрагдсан компаниудын 1/4-ээс бага хувьд branding nirvana-г хангасан байна. Компаниуд нэр өгөхдөө дараах 4 арга барилтай байжээ. 
1.11% нь дасан зохицуулалт хийдэггүй буюу Хятад нэр нь утга ба дуудлагын хувьд ханз үгтэйгээ төсгүй байсан. Тухайлбал Pizza hut Heineken Ингэснээр тухайн компанид брендын онцлогыг нийцүүлж, хэллэгийн ялгаатай байдлаас асуудлаас зайлсхийхэд хүрдэг. Гэхдээ брендийн хувьд Хятадын зах зээлийнх гэсэн ойлголт өгөхөөр байна.
 2.43% нь дуудлагын хувьд нийцүүлэлт хийдэг байна. Xятад нэр нь ханзтайгаа ижил сонсддог болов ч, утга зүйн хувьд хамааралгүй гэж үзэж байсан. Ингэхдээ, зар сурталчилгаа, аман маркетингэд тулгуурлан глобаль онцлогыг нь гаргаж ирж байсан. Гэхдээ нэрний утга нь байхгүй байсан тул цаашид өрсөлдөх чадварт нь саад болж байсан. 
3. 24% нь утгын хувьд зохицуулалт хийж байсан. хятад нэр нь ханзтайгаа утгын хувьд бүрэн зохицож байсан ч дуудлагын хувьд эрс өөр байсан. Энэхүү стратеги нь брендэд дүр төрх ба онцлогыг бий болгож байсан ч, дуудлагын хувьд өгч чадахгүй. Ингэснээр, глобаль маркетингийн хувьд харилцахад төвөгтэй болгож байсан. 
4.22% нь дуудлага ба утгын хувьд нийцүүлэлт хийж байсан нь ханзтайгаа шинэ нэр нь холбоотой байж чадаж байсан. Ингэснээр, Хятадад глобаль бүтээгдэхүүн амжилттай нэвтрэх боломжтой болж байсан. 

Tuesday, October 30, 2012

Талархал

Энэхүү толь бичгийг Монгол Улсын Их Сургуулийнхаа үе үеийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн сургуулийнхаа 70 жилийн ойд өргөн барьж байгаадаа баяртай байна.

Миний төгссөн нийслэлийн 79-р сургуулийг олимп, дэлхийн аваргуудын сургууль гэж хүмүүс их сайн мэддэг хэдий ч сурагчид нь эрдмээрээ дүүрэг, хот, улсын олимпиадад амжилттай сайн оролцдог төдийгүй улсын шилдэг заах арга зүйч олон багш нар  манай сургуульд багшилдаг. Барааны саван ч олддоггүй тэр хүнд нөхцөлд гэр хорооллын хүүхдүүдийг хичээлд нь цэвэрхэн суулгадаг байж билээ. Би энэ сургуульд 10 жил сурсан. Бага ангийн багш Н.Сарантуяа, хичээлийн эрхлэгч Ц.Лхамсүрэн, анги даасан багш Ц.Бадамсүрэн, П.Алтанцэцэг, математикийн багш Д.Дугармаа, монгол хэл уран зохиолын Б.Дулмаа түүхийн багш С.Оюунсайхан, орос хэлний багш А.Нарантуяа, Л.Цэцэгмаа, С.Бурмаа, химийн багш Г.Алимаа, В.Нансалмаа, биологийн багш Нарангэрэл, Н.Энхдагуул, физикийн багш Б.Тунгалаг гээд дурдаад байвал олон сайхан чадварлаг багш намайг 1-10-р анги хүртэл нь зааж сурган төгсгөж Монгол Улсын Их Сургуульд хүлээлгэж өгсөн юм. Аав, ээж хоёр маань 9 хүүхэд хүүхэд төрүүлж өсгөсөн. Биднийг арай бага байхад ах, эгч нар маань ажил хийж, гэр орондоо тус нэмэр болж тэр бүр их сургуульд сурах боломж нь байсангүй. 1990 он дөнгөж гарч байлаа шүүдээ. Харин бидэнд тэр боломж нь олдсон. Ихэр маань саяхан Анагаах Ухааны доктор боллоо.

Их Сургуульд намайг анх ороход эхний өдрийн хичээлийг доктор Ч.Таамаа багш “авиа зүйн” хичээлээр эхлүүлж билээ. Хятад хэлэнд 6 хөг байдаг гээд бидэнд дуудаж өгнө. Тэр нь бидэнд үнэхээр хүнд, бас дээрээс нь ханз гэж нэг айхтар зүйл нэмэгдэнэ. Багшийгаа яаж дуудаад байгааг гайхаад, энэ чинь нөгөө хятад хэл мөн үү гэсээр наашаа харж инээн, цаашаа харж уйлах шахуу. Тухайн үед магистрант Г.Бямбабаатар, Б.Энх-Отгон, Г.Элдэв-очир, Г.Болормаа нар Ч.Таамаа багшийг дагаж бидэнд хичээл заадаг байлаа. Биднийг ороход багагүй хугацаанд багшилсан залуу багш нар шилжилтийн тэр үед бөөнөөрөө гарсан байжээ. 11 сар гарч байж сая л нэг дуудлага зүгшрэн, ханз нүдлэх дадал сууж билээ. Хөг дуудуулах, ханз бичих дадалд сургана гэдэг их нүсэр ажил байдаг юм байна. Ч.Таамаа багшийн маань хоолой их торгомсог, чанга хоолой нь оюутнуудыг сургая гэсэн сэтгэл зүрхтэй нь хосолсноор аргагүй л энэ хятад хэлийг сурч байгаа олон мянган оюутнуудын эх нь болж байгаа юм. Хятад судлалын тэнхмийн туслах ажилтан Л.Тогос эгч гээд нэг сайхан ааштай, тусархуу гэж жигтэй. Аль бүрт компьютер гэж байсангүй, бидэнд ангийн ажил шивээд өгнө. Бүтэн 4 жил бидэнд хятад хэл заасандаа. Бид сурах бичгээ 1-р ангидаа анх худалдаж авна, тэгээд 2-р курсээсээ хойш номоо солилцох замаар авч хэрэглэдэг байсан. 1-р ангиас эхлэн орсон Б.Гэрэлт-Ирээдүй багшийг ч дурдах хэрэгтэй. Бээжингийн Их Сургуулийг бахархмаар төгссөн  багшаас маань онц авах  хүүхэд их л ховор байж билээ. Жижиг цэг, зураас, таслалыг ч том алдаанд авна, эхний заасан зүйлээ сургаж байж дараагын заах зүйлрүүгээ орно их махруу, шаардлагатай нэгэн. Б.Элдэв-очир, Б.Гэрэлт-Ирээдүй багш нар маань одоо доктор, тэнхмийн эрхлэгч болчихсон байна. Харин Ц.Бямбабаатар багшийг их сайн багш болно гэж боддог байсан. Харин сургуульд үргэлжлүүлэн багшлаагүй, Дарханд дунд сургуульд багшилж байгаа бөгөөд шавь нар нь Монгол улсаа анх удаа төлөөлөн дэлхийн хятад хэлний олимпиадад 3-р байр эзэлжээ гэж сүүлд дуулсан. Манай багш ийм л чадварлаг хүндээ. Магадгүй хувийн сургууль байсан бол сургуульдаа үргэлжлүүлээд л заах байсан биз. Энд нэг хэсэгтээ л оюутнуудын аз дутаж байгаа юм.

Ерөнхий эрдмийн хичээлүүд орно. Доктор Э.Равдан, Ю.Мөнх-Амгалан, Г.Эрхэмбаяр, ахмад багш Д.Дамба, С.Сайнбилэг нарыг  энд заавал дурдах ёстой. 1-р ангид дээрх багш нарын хичээлд суухад 2-р ангиас мэргэжлийн хичээлд суух бэлтгэл тавиад өгнө. С.Дамба багш гэхэд “Монголын уран зохиолын түүх” хичээлээр 40 ном уншиж товчлуулна, тэгээд уншсан лекцээ 400 оюутнаас нэг бүрчлэн амаар шалгалт авна. 1 кредиттэй хичээл шүүдээ, энэ бол ажилдаа ямар хариуцлагатай, үнэнч хандаж байгаагын илрэл юм. Монгол бичгийн хичээлийг маань ч 2-р улиралд бидэнд заасан. Саяхан хүртэл багш маань амьд сэрүүн хичээл заагаад, нөгөө л оюутнуудынхаа дунд автобусаа хүлээгээд л зогсож байсандаа. Тийм л энгийн. Э.Равдан багш гэхэд л хичээлээ цээжээр заана. Монголын үе үеийн орос хэлний багш нарыг бэлдсэн. Манай орос хэлний багш нар маань бүгд л Э.Равдан багшийн шавь нар нь. Монгол Улсын Их Сургууль төгсөлтийн баяраа нэг үеээ бодвол соёлтой тэмдэглэдэг болсон. Үүнийг Э.Равдан багш л санаачилсан. Цаашид ч энэ арга хэмжээг сургуулийн зүгээс илүү боловсронгуй болгох бизээ. Тэр хэрэггүй зарцуулж байгаа мөнгийг сургуулийнхаа сурах орчинг сайжруулж төгсөгчдөөс багш нартаа дурсгах зүйлтэй болгоход зарцуулдаг сэтгэл зүрх бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ю.Мөнх-Амгалан багш гэхэд л бүтэн жил орчин цагын Монгол хэл зааж билээ. “Аливаа зүйлд нэг талыг бүү баримталж бай, аль алинд нь хүндэтгэлтэй хандаж бай, сайн тал ч бий муу тал ч бий” гэнэ. Оюутнуудыг хичээлд хандаж байгаа байдлаар нь өдрийн, сонсогч, ажиглагч, эчнээ гээд нэрлэхээ матрахгүй. Л.Түдэвийн “Дал” сонинг уншиж байгаараа гэдгийг захидаг байсан. Доктор Г.Эрхэмбаяр багш манай сургуулийн дэд захирал, сургалтын албаны дарга байсны сацуу бидэнд орчуулгын онол хичээл орсон болохоор ямар хатуу шаардлагатай, нямбай, яг цагт нь аливаа зүйлийг хийх ёстой гэдгийг бидэнд мэдрүүлж өгдөг байсныг сайн санадаг. “Хичээл хийдэггүй оюутан хүртэл надаас ном сураад байна би Г.Эрхэмбаяр багшид үнэхээр баярлаад байгаа” гэж Ц.Базаррагчаа багш ямар сайндаа хэлж билээ. Хийж байгаа ажлаа үнэхээр хариуцлагатай хийдэг нэгэн. Сургууль хоёр болж салахад биднийг дагаад л ирж байсан. Дөнгөж өрх тусгаарлаж байгаа сургуулийг төлөвшүүлээд л 3 жилийн дараа Гадаад Хэл Соёлын Сургуульдаа буцаад очиж багшилсандаа. С.Сайнбилэг багш олон жил орос хэл заасан, “дүрэм үзээд л байдаг цаашаагаа явдаггүй тиймээс эх бичвэр өгөөд, түүн дээр нь дүрмийг нь давхар тайлбарлаад явбал өгөөжтэй” гэдэг байсан. Би ч багшийнхаа энэ аргыг одоо хүртэл хэрэглэдэг. Их үгээ зөөж ярина, намбалаг, зөөлөн, өрөвч хүн байсан. Багш хүн ямар ч нэр төр хөөцөлддөггүй гэдгийг С.Сайнбилэг багшаас харж болно.

2-р ангид ороход Ц.Базаррагчаа хичээлд суухад үнэхээр урамтай, гайхалтай сайхан бичигтэй, яг уран зураг шиг, тийм сайхан бичгийг хараад хүн улам л сэргэнэ. Бидний бичгийн хэв, найруулгыг их голно. “Монгол хэл сайтай зохиолчдын бүтээлийг уншиж байгаараа” гэж дандаа захидаг байж билээ. Хятадад сурдаг оюутнууд хүртэл багшаас маань асууна гээд л одоо хүртэл сураглана. Экономикс, философи, төр эрх зүйн үндэс бидэнд ерөнхий эрдмээр орсон. Эдийн засгийн маань анхны багш Ш.Хишгээ, Цэвэгмид нар байсан. Эд бол экономиксийн үндсийг сайн тавьдаг багш нар, тийм дээ ч эдийн засгийн дараа дараагын хичээлийг цаашид ойлгох чадвар сууна. Төр эрх зүйн Бахытгүл гээд сайн багш байж билээ. Хичээлээ сэтгэл зүрхээрээ заана, 300-аад оюутнаас нэг бүрчлэн амаар рефератын ажлыг шалгана. Ингээд л цаашид олон улсын эрх зүйн хичээлийг ойлгох үндсийг сайн тавиад өгч байгаа хэрэг. Манай дээд ангийнханд хүртэл олон улсын эрх зүйн багш олдохгүй, нэг хэсэгтээ зааж байсныг санаж байна. Түүхийн ухааны доктор Ш.Өлзийдолгор  Хятадын эдийн засгийн газар зүйг заасан доктор В.Батцэнгэл, философийн Д.Тунгалаг, экологийн боловсролын багш Н.Үржинбадам, улс төр судлалын Г.Цэнд-Аюуш нарыгаа ч дурдахад таатай байна.

Мэргэжлийн хичээл болох, Монголын гадаад бодлогын түүх хичээлийг Ж.Бор, олон улсын харилцааны удиртгал, түүх хичээлийг магистрант багш Г.Далайжаргал орно. Магистрант багш гэхээр одоогийн оюутнууд гайхаж байгаа байх, багш маань 2 дахь төгсөлт нь ямар ч байсан биднийг 3-р ангид мэргэшүүлэх багш нарт хүлээлгээд л өгсөн дөө.

Ж.Бор багш захирал болоод ажил нь амжихгүй байсаар 3-р ангид хичээлээ үргэлжлүүлэн заасан. “Та нар тооноос айгаад энэ сургуульд ороод ирлээ гэж бодож байгаа. Харин ч та нарын энэ мэргэжил тоогүйгээр явахгүй” гэж хэлж байсан. “Англиар сайн ярилаа гээд та нарыг үнэлэхгүй, тэдний мэдэхгүй зүйлийг мэдэж байж үнэлүүлнэ” гэж захидаг байсан даа. Д.Цолмон, Ж.Баясах, Х.Олзвой, Ч.Уламбаяр, Ж.Баттогтох, Г.Баасанхүү, Б.Янжмаа нар орлоо. Д.Цолмон багшийг оюутнууд доод ангиасаа дуулаад л ороод ирнэ. Намайг сурч байх үед семинарын хичээл гэж тэр бүр байдаггүй байсан нь санхүүгийн хүнд байдалтай холбоотой гэдгийг ойлгодог байсан. Бараг л бүх хичээл лекцээр ороод хичээлийн эцэст 100 оноотой шалгалтаар л дүгнэнэ. Ирц, явц, идэвхийн оноо гэж байхгүй шүү дээ. Ганц, хоёр хичээл л 14 хоногт нэг удаа семинараар орно. Харин Д.Цолмон багш дипломат албаны хичээлүүдээ оюутнуудад аль болох ойртож орно. Өөрийн зааж буй эрдмээ оюутнуудад ойлгуулах тал дээр анхаарч, оюутнуудаар илтгэл тавиулах, асуулт асуух зэргээр биднийг хөгжүүлнэ. Идэвхи, чармайлт гарган суралцаж байгаа оюутнуудыг жилийн эцсийн шалгалтаас чөлөөлөхөд, дараа жилээс оюутнууд улам мэрийгээд л ирнэ. Багшаар маань төгсөлтийн ажлаа удирдуулсан оюутнууд хамгийн өндөр авна, эрдэм шинжилгээний хуралд эхний байруудыг эзэлдэг байлаа. Энэ бол оюутанд өөрийгөө бүрэн зориулдаг профессор юм. 1950-иад оны дунд үед Монгол Улсын Их Сургуульд суралцаж байх хугацаандаа сурлагаараа шалгаран, Москвагын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дүүргэсэн. Аргагүй л агуу Москвагын Их Сургуулийн дэгийг харуулж, Дэлхийн II-р дайны дараах хүнд үед хатуу шаардлагын дор хэрхэн сурч байсныг нь бид зах зухаас нь гадарласан. Ж.Баясах багш ч жилийн дараа сургуульдаа олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгчээр буцаж ирэхэд оюутнууд ихэд баярлаж байсан. Тэнхим ч дүүрээд ирлээ. Олон Улсын Харилцааны Сургуулийг үндэслэн байгуулалцаж, анхны захирлаар ажиллаж байсныг үе үеийн оюутнууд сайн мэддэг. 30 гаруйхан настай залуу докторыг ийм том сургуулийн захирлаар томилсон нь ямар их эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, удирдан зохион байгуулах авъяастайг нь тод томруун харж болохоор буйзээ. Багш маань тийм том биетэй хирнээ итгэмээргүй цайлган, өгөөмөр, тусархуу, шулуун, гүдэсхэн нэгэн. Бидэнд гадаад улс орнуудын соёл иргэншлийн түүх хичээлийг бас л анх заасан. Б.Уламбаяр олон улсын эдийн засгийн харилцааны ихэнхи хичээлийг заана. Оюутнууд зааж байгаа хичээлийг нь ялаа нисэх чимээ сонсогдтол нь сонсож сууна. Олон улсын худалдаа, санхүүгийн үндсэн асуудлыг багшаасаа л анх дуулсан. Тэр үед одоогийнхтэй адил аливаа юм элбэг байсангүй. Монгол Улсын Их Сургуульд олон улсын эдийн засгийн харилцааны анхны хичээлүүдийг заасан багш хүнийг эрдмийн зөвлөл заалгахгүй байх шийдвэрийг биднийг төгсөж байх үетэй зэрэгцээд гаргаж байсныг дуулаад үнэхээр харамсалтай санагдаж байсан ч багш маань сургах, судлах ажлаа орхиогүйгээр барахгүй, сүүлд төрөлх сургуульдаа доктор хамгаалсныг дуулдаад маш их баярлаж билээ. Мэдээж энд дурдахгүй байхын аргагүй эрхэм хүн бол онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Олзвой багш маань билээ. Москвагын Их Сургуулийг дүүргэж, Монгол улсын дипломат албанд олон жил нэр төртэй зүтгээд бидэнд заах болсон нь үнэхээр их аз байсан. Олон ч хичээлийг анх удаа заасан нь өнөөг хүртэл сургалтын хөтөлбөрт байсаар байна. Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхмийн эрхлэгчээр анх ажиллаж байсны сацуу сургуулийн бүхий л ажилд сэтгэлээсээ оролцоно. Үргэлж инээмсэглэж явдаг багш маань “анги танхимд сандал хүрэлцэж байна уу, оюутан зогсоогоор хичээл хийж байна уу” гээд л их л санаа тавина. Эрдмийн зөвлөлийн хуралд хүртэл ороод суучихдаг байсан. Манай сургуулийн анхны төгсөгчдийн нэг Ж.Баттогтох, Г.Баасанхүү, Б.Янжмаа нарыг ч бидэнд багшлуулахаар болсон нь бас л Х.Олзвой багшийн зүтгэл юм. Бидний тэдний анхны оюутнуудын нэг нь байсан бөгөөд тэд багшлах ажилд их сонирхолтойг нь мэдэрсэн, одоо тэд маань доктор, ахлах багш болчихсон байна. Х.Олзвой багш манай 3-р курсийн анги даасан багш байсан уу эсвэл оюутанд тэгтлээ санаа тавьдаг багш байсан уу гэдгийг сайн мэддэггүй. Хоёр сургууль болж салсан үеэс оюутны холбооны даргагүй байна, гээд намайг манайхан курсийн дарга хүчээр болгочихлоо. Ингээд “шаардлагатай үед оюутнуудын санал хүсэлтийг уламжилж бай, одооноос удирдаж сур” гээд багш маань захиж билээ. Харин би тэр итгэлийг нь дааж чадаагүйдээ үнэхээр өөрийгөө зэмлэдэг. Багшийн маань бие их тааруу байсан болохоор биднийг 4-р курсэд ороход өөд болсон. Академик ертөнцөд энэ бол залуу нас л даа. Үнэхээр харамсалтай тэр үес л энэ сурч байгаа мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож эхэлж байсан үе л дээ. Багшийн маань сэтгэл зүрх, эрч хүч бидэнд шингээстэй байдаг, багшинийхаа захиасыг бид одоо хүртэл мартаагүй ээ. Өнөөдөр манай сургуулийн оюутнууд “экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх бэ” улсын олимпиадад оролцож байна. Экономиксийн сургалт бэхжсэн эдийн засгийн чиглэлийн сургуулиудын чансааг сорьдог олимпиад шүүдээ, энэ бол үнэхээр амжилт шүү. Олон улсын маркетинг хичээлийг хүртэл зааж байна гэж дуулсан. Ямар ч байсан олон улсын эдийн засгийн харилцааны анхны багш нарын хичээл зүтгэлийг одоо зааж байгаа багш нар нэр төртэй  үргэлжлүүлж байгаад үнэхээр баярлаж явдаг. Анх олон улсын эдийн засгийн харилцаагаар 10 хүрэхгүй оюутан сурна, тэднийг алдалгүй төгсгөх гэж багш нар ч их мэрийдэг байсан. Харин өнөөдөр энэ чиглэлээр сурах сонирхолтой оюутны тоо нэмэгджээ. Өнөөдрийн сургалтын хөтөлбөр ч бидний үетэй харьцуулахад нилээд эдийн засагжижээ. З.Энхтайван багш ч харьцуулсан улс төр хэмээх шинэ хичээл орж тэр үед анх бидэнд “Нешийн тэнцвэр”-ийг бидэнд заасан нь бас л олзуурхууштай байлаа. Доктор Д.Наран багш маань ч Хятадын орчин цагын түүхийг, ярианы хэлний хамт зааж билээ. Багшийнхаа удирдлаган дор оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан минь нь бас л тодоос тод сэтгэлд хадгалаастай. Үнэхээр гайхалтай, биширмээр багшдаа. Лев Николаевич Гумилевийн бүтээлийг орчуулж Монголчуудад хүргэж байсныг нь сайн санадаг юм. Ш.Эгшиг багш ч сургуульдаа буцаж ирж, доктор хамгаалж бидэнд заасан. Бидэнд хичээл заахгүй болов ч зөвлөгөө өгөн, үнэт сургаалиа хайрладаг эрдэмтэн багш нар гэвэл франц судлалын Г.Буяннэмэх, япон судлалын Т.Мөнгөнцэцэг, орос, слав судлалын Ш.Туяа, Их Британи-Америк судлалын С.Уранчимэг нарыг нэрлэх зүйттэй. 4-р ангид Д.Баярхүү багш гадаадаас томилолтоор яваад 3 жилийн дараа сургуульдаа ирж гадаад бодлогын шийдвэр гаргалт, дүн шинжилгээ хичээлийг бидэнд анх заалаа. Энэ үнэхээр давтлага хичээл гэж хэлж болохуйц. Багш маань юу олж мэднэ тэр бүгдийгээ оюутнуудтай хуваалцана. Хичээл маш шахуу хөтөлбөртэй. Гадаад хэргийн яамнаас хурдан алхсаар орж ирнэ. Энэ бол оюутнуудыг гадаад харилцаагаар дамжуулан улс орноо хөгжүүлэхэд сэтгэл зүрхтэй болгох гэсэндээ л тэр шүүдээ. Бидэнд багш нарын орсон хичээл бүгд анх удаа бакалаврын түвшинд орж байсан хичээлүүд шүүдээ. Харин дараа багш сургуулиасаа гомдолтой гарсаныг дуулсан. Бидэнд хичээл орж байхдаа “Евроазийн геополитик: олон улсын харилцаа” номоо, докторын диссертациа бичиж хамгаалахад бэлэн болсон байсан. Доктороо ч хамгаалсан байх гэж бодож явсан. Тэр л “олон улсын харилцаа XX-р зуунд” номоо энд л лекц анх уншиж байхдаа бичсэн. Тэр хоёр номыг хоёуланг нь Ж.Баясах багш редактор хийж байсан. Их Сургууль шиг эрдэм ном цалгисан байгууллага одоогоор алга л байна. Ингэж харамсахаас ч яахав. Бидэнд л гэж Монголын гадаад бодлогын зовлонг ярина. Хувийн сургууль байсан бол багш маань багшилж л байх байсан бизээ. Багш маань их сургуульдаа л багшилна гэдэг шиг байгаа юм. Энд оюутнууд л хохирно. 4-р ангид ороход дадлагад гарч, диплом бичих боллоо. Тэгтэл захирлын туслах Ш.Солонго эгч маань “Н.Алтанцэцэг багш намайг надаар дадлагаа удирдуулах 3-4 оюутан олоод ир гээд байна”. “Чи удирдуулчих тэгэхүү, надад бүр 1 ч олдохгүй байна гэлээ”. Тэр үед би Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач М.Батчимэг эгчээр удирдуулахаар тохирсон байсан. Ингээд л эгчийнхээ үгэнд орж манай сургуулийн захирлаар ирээд байсан доктор Н.Алтанцэцэгээр удирдуулахаар боллоо. Дадлагын эхний өдрөөс төгсөлтийн дипломын ажилаа бич, надад “Хятадын гадаад бодлогод Монгол улсын эзлэх байр суурь” гэсэн сэдэв байна гэнэ. Би тэр үед “Хятадын хөрөнгө оруулалтын бодлого” гээд сэдэв сонгосон байлаа. Ингээд багшийнхаа өгсөн сэдвийг сонгож диплом бичих болсон. Намайг асуух гээд очих болгонд гадуур ажил хөөцөлдөж байна, эрдэм шинжилгээний хуралд оролцож байна, сургуульд байсан ч хичээлтэй, уулзалттай байна гэдэг л байж билээ. Тэгсэн хирнээ л миний хийж байгаа зүйлийг уншчихсан л байдаг байсан. Сүүлд л Н.Алтанцэцэг багшиар удирдуулсандаа баярлаж байсан. Зөвлөсөн сэдвийг нь авсан нь харин зөв байсан. Би тэр сэдвийг одоо хүртэл орхиогүй байгаа. Өнөөг хүртэл захирлаар ажиллаж байна. Багшийг маань захирлаар ажилласан үеэс хойш өөрийн байртай, номын сантай, кабинеттай, олон арван эрдэмтэн багш нартай болж өргөжсөн байна. Үнэхээр ажил хэрэгч, адтай, самбаатай, олон үггүй, шударга, ёс зүйтэй нэгэн. Манай сургуульд ирэхдээ өөрийн бүтээлтэй, салбартаа нэрээ гаргасан эрдэмтэн ирсэн. Энд сургалтын албаны ажилтнаар ажиллаж байсан С.Оюунсүрэн эгчийг дурдах хэрэгтэй. Их махруу, маш завгүй ажиллана, олон оюутантай харьцаж ажиллаа гэдэг тийм амаргүй. Тэгсэн хирнээ магистрт сурдаг байлаа. Дараа нь доктор болсныг дуулсан. Тэнхмийн туслах ажилтан, номын санчаар давхар ажиллаж байсан Л.Түвшинцэнгэл эгч магистр болсон. Сургууль гэж ийм л сайхан газар даа.

4 жилийн дараа Их Сургуулийнхаа Жамбийн Батмөнхийн нэрэмжит Эдийн Засгийн Сургуульд ирж сурсан. Анх дэд профессор К.Лизунов багш менежментээр сурахад их зоригжуулж байсан. Менежментийн үндэс, үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент, орчин үеийн менежментийн чиг хандлага гээд хамгийн олон хичээлийг надад заасан. “Н.Насанжаргал, К.Лизунов багш нар бид үйлдвэрт ажиллаж байсан, менежмент заах хүн үйлдвэрт дор хаяж 1 жил ажиллаж үзсэн байх шаардлагатай” гэж Д.Чадраабал хэлж байсныг санаж байна. Их Сургуульд экономиксийн лекцийг анх уншсан Б.Сувд багшийг бакалавраасаа л мэддэг байсан хичээлд нь ч бас суусан. Семинарын хичээлийг ерөөсөө тоодоггүй байж билээ. Харин Б.Сувд багшид нэг сайн загнуулж аваад бүх хичээлийн семинарт суудаг болсон. К.Лизунов багшийн захиснаар академич Т.Дорж багшийн хичээлд суугаад үнэхээр биширч билээ. Олон улсын менежмент хичээлийг Олон улсын харилцааны сургуульд заавал үзэх хичээл юм байна гэж тэр үед бодож суулаа. Намайг сурч байхад манай улсын эрдэмтдийн дунд 2021 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх уралдаан зарлахад багшийн маань удирдсан баг 1-р байр эзэлж байсан. Хэрэггүй үзэл бодол, шүүмжлэл бус яг хэрэглэхүйц оновчтой санаа, үр дүн чухал байдгыг багшийн маань мэргэн ухаан тод томруун харуулдаг. Олон үндэстэн, ястны өлгий нутгийнхаа гайхамшигт эрдэм ухааныг Москвагын их сургуулийн мэдлэгтэй хослуулснаар багшийг маань хэмжээлшгүй сэтгэлгээтэй нэгэн болгосон буйзээ. Эх орондоо менежментийн шинжлэх ухааны үрийг тарьж, олон арван залуусыг эрдэм номд татан оруулсан боловсрол, шинжлэх ухааны нэртэй зүтгэлтэн. Их Сургуулийн багш хүн ийм л байх ёстой юм байна гэдгийг багшаасаа харж билээ. С.Хандсүрэн гэхэд л 1950-иад оны сүүл үед Монгол Улсын Их Сургуулиас сурлагаараа тэргүүлэн Москвагын статистик эдийн засгийн сургуульд суралцан төгсөж тасралтгүй 48 жил төрөлх сургуульдаа багшилж байна. Манлайлагчид товч намтартай гэдэг. Үнэхээр тийм гэдгийг С.Хандсүрэн багшаас харж болно. Эдийн засагчдын байр суурь нийгэмд ийм хүчтэй, эв нэгдэлтэй байна гэдэг математик, статистиктаа л байдаг гэж боддог. Ямар ч мэргэжилээр сурч байсан математик, статистикийг заавал судлах хичээлд байх ёстой. Энэ тал дээр эдийн засгийн засгийн сургууль бусад нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиудаас хавьгүй хол алхжээ. Нобелын шагналд физик, хими, анагаах ухаан гээд олон зуун жилийн түүхтэй шинжлэх ухаануудтай экономиксийг зэрэгцүүлж байгаа нь аргагүй л математик, статистикийн шинжлэх ухааны ач гавъяа бизээ. Насаараа л хичээлдээ самбар, шохой хэрэглэж байна, энэ нь ч оюутнуудад хүрдэг, утгыг нь ойлгож, нүдлэхэд дөхөмтэй байдаг. Энд бас дурдахгүй өнгөрч болохгүй ачтан бол доктор Ц.Аюурзана багш билээ. Эх орондоо санхүүгийн менежментийг үндэслэсэн багш маань хичээлээ оюутнуудыг ухааруултал нь заана. Багшийн маань хичээлд суусан оюутан мэргэжлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаад л гарна. Багшийн бие ч их хүнд байсан ч асар эм тариагаар аргалсаар байдаг байсан. Оюутнууддаа хоргодоод тэр шүү дээ. Ийм их зүйлийг мэдэж аваад, туршлага хуримтлуулаад өнгөрнө гэдэг үнэхээр харамсалтай. Их Сургуулийн ертөнцөд 60 нас гэдэг бол багшлах хамгийн бүтээмжтэй үе байдаг. Энэ үед л оюутныг сургах арга барилд бүрэн боловсорсон байдаг. Ч.Тогтохцэрэн гээд мундаг оюутан байлаа. За би хайж байсан оюутнаа оллоо гэсэн шиг л түүнд багш хандана. Ямар сайндаа төгсөлтийн ажлыг нь удирдахаар өгсөн сэдэв гэж нүсэр, энэ бол түүнд ямар их итгэж найдаж байгаагын илрэл шүүдээ. Онц төгсөнө гэдэг нэг хэрэг, харин өөрөөсөө юм гаргатлаа доод хугацаа нь 10-15 жил болно. Нэг газар ажилд ороод удаагүй өнгөрсөн. Багш нь байсан бол сургуульдаа өдийд туслах багшаар үлдээд, докторт сурч байх байсандаа. Энэ мэтээр бид хайран авъяасаа алдаж байна. Математик, физик гээд байгалийн шинжлэх ухаанд манай үеийн төгсөгчдөөс бахархалтай амжилт үзүүлж эхлээд байна. Энэ бол тэдний чиглэлээр яам гэж байгаагүйн л аз шүүдээ. Доктор Т.Жааваа багш надад удирдлагын бүртгэлийг заасан. Гадаад орнуудад судалгааны бүтээлээ хэвлүүлэн Их Сургуулийнхаа нэрийг гаргаж яваа шилдэг профессорын нэг билээ. Бас л миний хувьд олзуурхууштай. Эдийн засгийн сургуулийн дараа үеийнхэн  дотроос доктор Ч.Энхбаяр, Д.Чимгээ, Б.Болор, Н.Батнасан, Х.Цэвэлмаа, Ш.Сонинтамир, Б.Даваасүрэн, Б.Болормаа, Г.Батбилэг, дэд профессор Г.Цагаач багш нараа хачин их хүндэлж явдаг. Эд маань аль ч оронд судалгаа хийж, лекц унших чадвартай. Бүгд л энэ сургуулиас төрөн гарсан, одоо сургуулийнхаа сургалт, судалгааны гол ачааг нуруундаа үүрч байна. Монгол Улсын Их Сургуулийн шилдэг судлаач, сурган хүмүүжүүлэгч багшаар шалгарлаа гээд багш нарын баяраар дуулдана. Бакалавраа төгсөөд 4 жилийн дараа ирж сурахдаа эднийхээ лекцийг сонсоод л маш их баярлаж сонсож суудаг байлаа.

Ингээд Монгол Улсын Их Сургуульд 5 жил салбар салбартаа хамгийн шилдэг эрдэмтэн багш нараар хичээл заалгуулсандаа туйлын их аз завшаан гэж хэлэхэд ч багадмаар санагдана.

Ямар ч байсан манай их сургууль 70 жил нийгэмд үйлчилсээр ирлээ. Тэдний маань заасан эрдэм хаана ч багадаагүй, эрдэмд орой байхгүй ч, тодорхой түвшинд надад л дутуу сурсан гэж бодох зүйл байдаггүй. Дэлхийн шилдэг сургуулийг мэдлэг зааж байгаагаар нь бус, менежментээр нь шалгаруулдаг. Сургууль хөгжүүлэхэд Их сургуулийн хамаг хүндийг нуруундаа үүрдэг эрдэмтэн багш нарын эрх мэдэл тун бага, яамны боловсруулсан бодлогын дагуу л бараг явж байна. Багш нарын ачаалал үнэхээр их боллоо, намайг сурч байсан үетэй харьцуулахад бараг л 2-3 дахин оюутны тоо нэмэгдлээ. 1998 онд гэхэд л Эдийн Засгийн Сургууль зөвхөн Улаанбаатар хотоос 14 оюутан авч байлаа. Тэр дотор ямар чанга оюутнууд байсан нь бэ гэдгийг төвөггүй ойлгох биз. Өнөө л санхүү, төсөвтэй холбоотой, инфляциа дагаад төлбөрөө нэмээд байхаар зарим орнуудтай зэрэгцэх гээд байдаг. Ингэхээр нөгөө сайн оюутнуудаа тэтгэлэг зарлаад байгаа өөр улсад олноор нь алдахыг үгүйсгэхгүй. Намайг л сурч байхын багш нар аль болох хүүхдүүдээ энд сургах л эрмэлзлэлтэй байдаг байлаа. Багш нар бакалаврын хичээлээс ч толгой өндийх завгүй байна. Хэзээ завандаа судалгаа хийж, инновацийг бүтээх билээ. С.Хандсүрэн багш өдий 70 гарсан ч гэхэд л 200 гаруй оюутанд лекц, семинар зэрэг орж байна. Улсын гэсэн нэртэй боловч тог, дулааны зардлыг даахаас хэтрэлгүй, өнөөг хүртэл дорвитой хөрөнгө оруулалт хийлгүй, зөвхөн төлбөрөөр л өдий хүрлээ. Тиймээс төгсөгчид бид энд өөрсдийн хувь нэмрээ оруулах цаг нь болжээ. Их Сургуулиа хөгжүүлэхэд хандив өгөхөд хүртэл татвараас хөнгөлж урамшуулдаг төрийн бодлого алга байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлдэнэ гэдэгтэй миний хувьд санал нийлдэггүй. Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын орлого бүрдүүлэхүйц шинэ салбарыг бий болгоход сургалт, судалгаа чиглэх ёстой. Нийгмийн хариуцлагаа ч Их Сургууль орхигдуулжээ. Авъяас, чадвартай ч суралцах боломжгүй байгаа нэг хэсгийг анхаармаар санагдана. Төрийн өмчийн сургууль гэсэн нэр зүүн эзэнгүйдүүлж, сулруулж байгааг хараад үнэхээр эмзэглэдэг. Энд олон мянган оюутны цагаахан мөрөөдөл шингээстэй. Их Сургууль хэн нэгний аяыг дагадаг биш эх орон, хүн ардынхаа аюулгүй байдлын манаанд зогсдог нийгмийн оюун санааны хамгийн дээд байгууллага билээ.


Friday, September 21, 2012

Хятадын олон нийтийн цахим сүлжээний зах зээлд хэсэгчилэл хийх нь

Өдгөө Хятадад 300 сая хүн олон нийтийн цахим сүлжээг ашиглаж байгаа нь маркетингийн хольц бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 
Max Magni and Yuval Atsmon  нарын судалгаагаар 91% нь өнгөрсөн 6 сард олон нийтийн цахим сүлжээ ашигласан нь АНУ-д 67%, Японд 30% байгаатай харьцуулахад өндөр байгаа нь Хятадын хэрэглэгчид олон нийтийн цахим сүлжээг хамгийн идэвхитэй ашиглаж байна. Хятад хэрэглэгчид нийгмийн харилцааны цахим сүлжээн дээр дурдагдсан эсвэл найз нөхөд нь санал болговол тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сонирхолтой болдог байна. Албан ёсны байгууллагуудад итгэдэггүй учраас ойр дотно, найз нөхдийнхөө саналыг илүү эрхэмлэдэг байна. Тэд зар сурталчилгаанд ихээхэн сүжиггүй ханддаг тул найз нөхөд, гэр бүл, санаа бодолд хүчтэй нөлөөлдөг хүмүүсийн аман маркетингэд ихээхэн итгэдэг. Гэхдээ хятадууд өөр өөр санаа бодолтой тул хэрэглээний төлөв байдал ба сэдлээс нь хамаараад дээрх судлаачид 6 төрөлд хуваажээ.  
  • Олон нийтийн сүлжээг идэвхитэй ашиглагчид. Түүвэр судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 15% нь брендийн хамгийн сайн анд байсан бөгөөд тэд бусад сегментүүдтэй харьцуулахад олон нийтийн сүлжээнд илүү цаг буюу үндэсний дундаж өдөрт 46 минут байсан бол 69 минут зарцуулж, нийгмийн харилцааны сүлжээгээ байгуулахад цахим ертөнцийг ашигладаг байна. 2/3 нь өдөр дутмын амьдралынхаа талаар мэдээлэл оруулж, байнга хуваалцдаг байсан бол 76% нь найз нөхдийн хүрээ маш ёухал гэдэгтэй санал нийлжээ. Тэд олон нийтийн сүлжээгээр найз нөхөддөө сүүлд хийсэн худалдан авалтын талаар санал бодлоо хэлдэг бөгөөд зар сурталчилгаа үзэх дуртай, бренд сурталчилдаг апп-г татаж авах дуртай. 46% нь олон нийтийн сүлжээг ашиглах нь чухал гэж үзэж байгаа нь үндэсний дундаж 30%-тай харьцуулахад өндөр байна. 
  • Дамжуулагчид. 14% нь брендэд нөхөрсөг ханддаг болов ч, олон нийтийн цахим сүлжээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах хэрэгсэл гэж үздэг бөгөөд блог дээр сэтгэгдэл бичих, видеог дахин пост хийх гэх мэтээр дамжуулдаг. 69% нь олон нийтийн цахим сүлжээн дээр харсан зүйл дээрээ мөнгө зарцуулдаг хэмээн хариулсан нь идэвхитэй ашигладаг сегментээс өндөр байна. 
  • Уншигчид. 14% нь өдөрт 55 минутыг олон нийтийн цахим сүлжээнд ашигладаг болов ч ихэнхи цагаа уншихад зарцуулдаг бөгөөд жижиг блогуудыг дагадаг. Тэд брендүүдийн сурталчилгаанд төвийг сахисан байдлаар ханддаг болов ч, блог хөтлөгчид тэдэнд нөлөөлж чаддаг байна. Тэд шинэ мэдээлэл үүсгэхгүй болов ч, худалдан авах шийдвэр гаргах зорилгоор мэдээлэл цуглуулж байдаг. 
  • Санаа бодлоо илэрхийлэгчид. Зөв тийш нь залахгүй бол брендийн дайсан болдог. Асуулгад оролцогчдийн 14% нь дунджаар 60 минут зарцуулдаг бөгөөд уншихаас илүүтэй контент оруулдаг. Зар сурталчилгаанд дургүй бөгөөд тааруу сэтгэгдэл төрвөл сэтгэгдлээ хурдан илэрхийлдэг. 
Хятадад амжилт олохын тулд маркетерүүд олон нийтийн цахим сүлжээний дээрх 4 төрлийн хэрэглэгчдийн талаар сайтар судалгаатай байж, брендийн талаар юу хэлж байгааг нь хянаж, мэдээллийг хэрхэн бий болгож, хүргэх вэ гэдгийг төлөвлөх хэрэгтэй болж байна. 

Sunday, July 22, 2012

Хятадад үр нөлөөтэй бизнесийн харилцаа тогтоох нь

Хятадын бизнесийн арга барил баруунжиж байгаа хэдий ч, Хятадаас бусад удирдах ажилтнуудад Хятад бизнесийн түншүүдтэй итгэлцлийг бий болгоход асар их хүчин чармайлт шаарддаг. Бэлэг өгөх нь нэг ёсны мэндчилгээ бөгөөд Хятадын бизнесийн ёс зүйн нэг хэсэг хэмээн Барууны бизнес эрхлэгчид үздэг болов ч тэдний хувьд ингэснээр сэтгэлд хүрсэн үр дүндээ хүрэхгүй байх нь олонтоо. Биечилсэн харилцаа тогтоох зорилгоор  цайллагад мөнгө харамладаггүй бөгөөд үдэшлэгийг ч ивээн тэтгэдэг байсан нэгэн компанийн хувьд үр дүн муутай байсан явдал хэдэн жилийн өмнө гарч байжээ. Учир нь Хятад түншийх нь хувьд үүнийг богино хугацааны хонжоо хайж байгаа мэт сэтгэгдэл төрүүлжээ. 
Юуны өмнө Хятад дэлхийн эдийн засагт хүчтэй интергацид орохын хирээр Хятадын бизнесийн практик ба Барууны түншүүдийн хүлээлттэй нийцүүлэх шаардлагын дагуу хятадын харилцаа нь бизнесийн орчны нөлөөгөөр өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлага гарч байна. Зохицуулалтын журмууд нь илүү ил тод болж,эрх зүйн систем нь маргааныг шийдвэрлэхэд илүү үр нөлөөтэй болж байна. Бэлэг өгдөг заншлаас ихэнхи компаниуд татгалзаж бизнесийн үнэ цэнэ авчирдаг боломжит түншийг хайдаг болсон учраас юу чаддаг, мэддэгээ харуулах нь илүү чухал болсон бөгөөд бизнест итгэлцэл бий болгох, мэргэжлий ур чадварт илүүтэ анхаарал хандуулах шаардлагатай байна. 
Хоёрдугаарт, Хятадад урт хугацааны бизнесийн амжилттай харилцаа тогтоохын тулд биечилсэн хүчтэй харилцаа шаарддаг. Барууны нийгмээс ялгаатай нь Хятад бизнес ба хувь хүний харилцааны хооронд хатуу шугам тогтоодоггүй. Иймээс, барууны бизнесийн прагматик харилцааг Хятадын нөхцөлд оруулж, бизнесийн үр нөлөөтэй харилцааг бий болгохын тулд соёлын хил хязгаарт итгэлцлийг бий болгох явдал юм.  Ингэхдээ, толгойноосоо эхлэх, дараа нь зүрхнээсээ итгэж эхлэх явдал бөгөөд итгэл чухал юм. Итгэлцэл өөр соёл хоорондын урт хугацааны бизнесийн харилцааны цөм нь болохыг олж харсан. Итгэлцэл өөр соёл хоорондын урт хугацааны бизнесийн харилцааны цөм нь болохыг олж харсан.  Бизнес хэрхэн цэцэглэдэг талаарх төсөөлөл ба үнэт зүйл нь ижил байдаггүй учир өөр соёлуудын түншүүдийн итгэлцэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Итгэлцэл тогтсон байхад түншүүдийн хувьд, хүнд асуудлаа шийдэх, санаа бодлоо солилцох, ил тод байх нөхцөл бүрдэнэ. 

Saturday, June 2, 2012

Бизнесийн зохицуулалт

Эдийн засгийн шинжлэх ухаанд өсөлтийг институци хандлагаар буюу бизнесийн байгууллагын эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн орчин зэрэг үзүүлэлт нь сул байвал хувийн хөрөнгө оруулалт, хувийн бизнесийн үйл ажиллагаанд бэрхшээл үүсгэж зах зээлийн өсөлт удааширч дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурна гэж үздэг.
      Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас эрхлэн гаргадаг Doing Business”(Doing Business индексийг 2004 эхлэн Олон Улсын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас бизнесийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаа болон түүнд саад хийж байгаа зохицуулалтыг тодорхойлох үүднээс эмхэтгэн гаргаж байна. 2009 оны энэ удаагын тайлан нь 181 орнуудад өмчийн эрхийн хамгаалалт болон бизнесийн зохицуулалт ямар байгааг харуулах тоон үзүүлэлтийг багтаасан байна) хэмээх жил дутмын тайланд дэлхийн 180 гаруй орнууд дахь өмчийн хамгаалалт ба бизнесийн зохицуулалтыг тоон үзүүлэлтээр  нэгтгэн харуулдаг. Бизнесийн өдөр дутмын үйл ажиллагаанд нөлөөлөгч 10 зохицуулалтыг бизнес эхлүүлэх, лиценз авах, ажилтан ажиллуулах, өмчийн бүртгэл, зээл авах, хөрөнгө оруулагчидийн эрх ашгийг хамгаалах, татвар төлөх, хил дамнасан худалдаа хийх, гэрээний хэрэгжилт болон нь бизнес хаах гэсэн хувьсагчуудаар үнэлэн гаргадаг. Энэхүү судалгаанд компаниудад хамааралтай бизнесийн орчиний бүх хувьсагчуудыг хамааруулдаггүй. Өөрөөр хэлбэл, улс орны эрсдэл, макро эдийн засгийн тогтвортой байдал, авилга, соёл гэх мэт хүчин зүйлүүдийг хамааруулдаггүй зөвхөн бизнесийн үйл ажиллагааны орчиний хамааралт хувьсагчуудыг хамааруулдаг.
      Doing Business буюу улс орнуудын бизнесийн орчинд судалгаа хийж дараах дүгнэлтэнд хүрсэн:
Ø  Бизнесийг эрт эхлүүлэх нь пүүсүүдийн бүтээмж өндөртэй байхад корреляци хамааралтай байна. Нэг хүнд ноогдох орлогын 80%-иар нэвтрэн орох зардлыг бууруулсан нь нийт хүчин зүйлийн бүтээмжийг 22%-иар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2004: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.21.).
Ø  Эдийн засгийн цочролын үед бизнес эхлүүлэх үйл явц шуурхай бөгөөд хялбар байвал капитал ба ажилчидын хувьд секторуудад шилжихэд хурдан байдаг байна.
Ø  Хөрөнгө оруулалтыг хамгаaлах гэсэн дэд индексэд дээгүүр байранд орсон орнуудын хувьд хувьцаа эзэмшигчидэд мэдээллийг нээлттэй өгөхийг шаарддаг. Сингапур болон Шинэ Зеланд нь уг дэд индексэд 29 ба 28 гэсэн оноогоор тэргүүлсэн байна. Уг хоёр улсад ашиг сонирхлын зөрчилдөөн болон холбогдох талуудын ажил гүйлгээг нээлттэй байхыг шалгуур болгон тавьдаг. Хэрвээ хөрөнгө оруулагчидийн эрх ашгийг хамгаалахгүй бол хөрөнгийн зах зээл хөгжих бололцоо бүрдэхгүй бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг банкнаас хангах нөхцөл бүрддэг. Ингэснээр, бизнес эрхлэгчидийн хувьд санхүүжилт авах бололцо хумигаж эдийн засгийн өсөлт саардаг гэж үздэг(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2009: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.46-50.). Тухайлбал доорхи хүснэгтээс бизнесийг хөнгөвчилөх гэсэн дэд индексийн эхний 10 орон болон манай улсын үзүүлэлтийг харна уу.
Хүснэгт          Бизнесийг хөнгөвчилсөн үзүүлэлтээр тэргүүлж буй орнууд/2010/
Улс орнууд
Зэрэглэл
Сингапур
Шинэ Зеланд
Хонгконг
АНУ
Их Британи
Дани
Ирланд
Канад
Австрали
Норвеги
1
2
3
4
5
6
7
8
9
10
Монгол
60
Эх сурвалж: Doing Business 2010 The International Bank for Reconstruction and Development / The World Bank 2009

Дээрх хүснэгтэнд 2009 оны байдлаар бизнесийг хөнгөвчилсөн үзүүлэлтээр тэргүүлж буй эхний 10 орныг харуулсан байна. Эдгээр орнууд нь хөрөнгө оруулагчидийг хамгийн ихээр даллан татсан орнууд юм. Дэлхийн Банкнаас 183 орнуудыг энэхүү үзүүлэлтээр нь жагсаахад манай улс 60-р байранд оржээ. Өнгөрсөн жил 56-р байранд орж байсан. 
“Doing Business 2004” илтгэлд зарим улс орнуудын оновчгүй зохицуулалт нь эдийн засаг-бизнесийн орчинд дараах үр дагавартай байна гэж дүгнэсэн:
1.      Нүсэр зохицуулалт нь бүтээмжийн доогуур байдалтай хамааралтай байна. Тухайлбал, Африк, Латин Америкийн ихэнхи орнуудад нүсэр зохицуулалсанаас үүдэн бүтээмжийн үйл ажиллагааг боомилсон байна. Ийм нөхцөлд засгийн газрын зүгээс өмчийн эрхийн хамгаалахад бага анхаардаг байна. Дээрхи бүс нутгуудад өсөлт удаашралтай, ажлын байр бага бөгөөд ядуурал нэмэгдсээр байгаа ажээ. Африкт сүүлийн 30 жилд хүн амын 40 дээш хувь нь өдөрт нэг ам доллараас бага орлогтой амьдарч байгаа бол Латин Америкт сүүлийн 20 жилд хэрэгжүүлсэн макро эдийн засгийн бодлого нь ядуурлыг бууруулаагүй байхад Орост ажлын байрны таатай орчин бүрдээгүй байна.
2.      Нүсэр зохицуулалт нь авилгал ба албан бус эдийн засагтай хамааралтай байна. Засгийн газрын зүгээс өмчийн эрхийн хамгаалж байгаа нөхцөлд бүтээмжтэй бизнес цэцэглэдэг байхад засгийн газрын зүгээс бизнесийн үйл ажиллагааг нилэнхүйд нь зохицуулах нь алан бус эдийн засаг тэлэх үндэс болдог байна.
3.      Буурай орнууд бизнесийг хамгийн ихээр зохицуулж байна. Австралид бизнес эхлүүлэхэд 2 өдөр зарцуулдаг байхад Гайтид 203 өдөр, Конгын Бүгд Найрамдах улсад 215 өдөр зарцуулдаг байна. Данид шинэ бизнес хийхэд мөнгөн зарлага гардаггүй бол Камбожид нэг хүнд ноогдох орлогоос 5 дахин их, Сиеро Лионд 13 дахин их зарлага гардаг байна. Тунист арилжааны ердийн гэрээ 7 хоног, Нидерландад 39 хоног хэрэгждэг. Шинэ Зеланд, Норвег болон АНУ-д зээлийн түүхийг санхүүгийн агентууд нь хөтөлдөг бол Камерун, Гана, Пакистан, Нигери болон Серби зэрэг орнуудад насанд хүрэгчидийн 1 ээс бага хувь нь зээлийн түүхтэй байдаг.
4.      Нүсэр зохицуулалт нь үр ашиггүй байдлыг бий болгодог байна. Нүсэр зохицуулалт нь хугацаа алдах, өндөр зардал ба ажилгүйдэл, авилгал, бүтээмжгүй байдал ба хөрөнгө оруулалт саарах, хувийн болон нийгмийн барааны чанаргүй байдал гэх мэт төрийн институцийн үр ашиггүй байдлыг бий болгодог.  

Хүснэгт          Дэлхийн сонгосон улс орнуудын бизнесийн орчны үнэлгээ

Улс
Бизнес хийхэд хялбар байдал
Бизнес эхлүүлэх
Лиценз авах
Ажилд авах, халах
Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх
Зээл авах
Хөрөнгө оруулагчидийн эрхийг хамгаалах
Татвар төлөх
Гадаад худалдаа хийх
Гэрээний биелэлт
Бизнес хаах
Австрали
9
3
62
1
34
4
57
47
27
16
14
Бутан
126
80
127
12
41
177
132
90
153
33
183
Болгар
44
50
119
53
56
4
41
95
106
87
78
Хятад
89
151
180
140
32
61
93
130
44
18
65
Египт
106
24
156
120
87
71
73
140
29
148
132
Казакстан
63
82
143
38
31
43
57
52
182
34
54
Өмнөд солонгос
19
53
23
150
71
15
73
49
8
5
12
Шинэ зеланд
2
1
5
15
3
4
1
9
26
10
17

Сингапур
1
4
2
1
16
4
2
5
1
13
2
ОХУ
120
106
182
109
45
87
93
103
162
19
92
Бразил
129
126
113
138
120
87
73
150
100
100
131
Өмнөд Африк
34
67
52
102
90
2
10
23
148
85
76
Монгол
60
78
103
44
25
71
27
69
155
36
110
Эх сурвалжInternational Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2010: Reforming through difficult times”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan

Дээрхи сонгосон орнуудын бизнесийн орчины үнэлгээнээс харахад бизнесийн орчин сайтай улсуудад хөгжлийн түвшингээрээ тэргүүлж буй орнууд байна. Гэхдээ Бразил, ОХУ болон Хятад гэх мэт орнуудад бизнесийн орчин төдийлөн таатай биш байгаа ч хөрөнгө оруулалтыг сайн татаж чадаж байгаа билээ. Дэлхийн банкны хийсэн судалгаанаас харахад манай Монгол улсад бизнес эхлэхэд өнөөгийн байдлаар дараах зардал гардаг гэсэн тооцоог хийсэн.
o   Бизнесийн үйл ажиллагааг шинээр эхлэхэд ажлын 13 өдрийг зарцуулж шаардагдах 7 дүрэм журмыг биелүүлж үүнээс гарах зардал нь нэг хүнд ноогдох орлогын 3.0%-тай тэнцүү байх бөгөөд капиталын хамгийн бага шалгуур буюу үндэсний нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох орлогын 44%-тай тэнцэх хөрөнгийг банкинд хадгалуулж бизнесийн гэрчилгээ авна.
o   Лиценз авахад ажлын 215 өдөр, 21 дүрэм журмыг биелүүлж үүнээс үүдэн нэг хүнд ҮНБ ний 61.2% -тай тэнцэх зардал гардаг.
Монгол улсад гэрээний биелэлтийг хэрэгжүүлэх нь харьцангуй хэцүү бөгөөд зардал өндөртэй. Тухайлбал, гэрээний хэрэгжилт 314 өдрийн дотор 32 дүрэм журмыг гүйцэтгэж гэрээний 30.6%-тай тэнцэх хэмжээний зардлыг гаргадаг(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2010: Reforming through difficult times”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan).
     Гэрээний биелэлтийн үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан орнуудаас 36-р байранд орж байгаа болов ч гадаадын хөрөнгө оруулагчидаас дурдаж буй эрсдэлүүдийн нэгэд зүй ёсоор тооцдог. Манай улсын хувьд энэ жил байр ухарсан нь нэг талаар бусад орнуудын засгийн газар, хувийн хэвшилийнхэнээс бизнесийн орчиндоо шинэчлэл хийсэнтэй холбоотой.
   Зохицуулалтыг хялбарчилах нь бизнесийн орчин хийгээд засгийн газрын бодлогын хэрэгжилтэнд ач холбогдолтой байдаг байна. Тухайлбал, Португальд газар дээр нь бүртгэх шинэчлэл хийсэн нь үйлдвэр эрхлэгчидийн хувьд нэг жилд 230000 өдөр хүлээхээс чөлөөлөгдсөн байна. Харин засгийн газрын хувьд хөрөнгө хэмнэх ач холбогдолтой байдаг байна.
     Их Британы Нэгдсэн Вант улсад гэхэд л 2005 оны байдлаар 13.7 тэр бум ам долларыг бизнесменүүдэд зориулан захиргааны зардал гаргасан гэсэн тооцоо хийсэн байна. Иймэрхүү дарамтыг багасгаснаар засгийн газрын хувьд төрийн үйлчилгээг сайжруулахад зарцуулж болох хадгаламжийг бизнесменүүдэд үүсгэх боломжийг олгосон байна. Дэлхийн зах зээлд шинээр гарч ирж буй орнуудаас Энэтхэг улс нь зохицуулалтын шинэчлэлийг хийхдээ технологийг гол зорилтоо болгож шинэ бизнес, барьцаа зэргийг електроноор бүртгэн гаалийн маягт ба төлбөр тооцоог онлайнаар бүртгэх болсон байна. Хятадын хувьд зээл авах нөхцлийг хялбарчилсан байна. Ингэснээр 2006 онд 340 сая иргэн анх удаа зээлийн түүхтэй болжээ. Түүнчлэн компанийн тухай шинэ хуулиар хөрөнгийн шалгуурыг багасган хөрөнгө оруулагчидийг хамгаалсан байна.
    Харин Эдийн Засаг, Хөгжил Хамтын Ажиллагааны байгуулагуудын орнуудаас Канад болон Шинэ Зеланд улсуудад бизнес эхлүүлэхэд нэг л журам үйлчилдэг байна. Торонто дахь үйлдвэр эрхлэгчид нь компаниа онлайнд нэгтгэн бизнесийн дугаараа 5 өдрийн дотор автоматаар авдаг байна(International Bank for Reconstruction and Development/The World Bank “Doing Business 2009: Understanding Regulation”, A copublication of the World Bank, the International Finance Corporation, and Palgrave Macmillan p.19-24.).
Олон улсын маркетерийн хувьд зорилтот зах зээл нь зохицуулалтын дарамт ихтэй бол албан бус сектор давамгайлсан, ажилгүйдлийн хэмжээ их байхын зэрэгцээ эдийн засгийн өсөлт удаашралтай гэсэн дүгнэлтэнд хүрдэг. 

 Д.Төмөрбатын "Олон Улсын Маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" 2009 номоос ишлэн авав.