Friday, November 27, 2015

Гадаадад сурч байгаа Монгол хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаанууд, тэдэнд тулгардаг бэрхшээлүүд: Тайваний жишээн дээр

Гадаадад анх удаа сурахаар ирж буй хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаанууд тэдгээрээс үүдэн тулгардаг бэрхшээлүүдийн тухай олж мэдсэн хийгээд бас ажигласан зүйлсээ нэгэнт гадаадад суралцахаар төлөвлөж буй та бүхэнд багахан ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна. 
                                                     
Гадаадад  сурахаар ирдэг хүүхдүүдийн гаргадаг түгээмэл алдаанууд
1. Гадаадын их сургуулиудад хэлний бэлтгэл нь тэтгэлэгтэй сургууль байдаггүй. Гадаадын аль ч их сургууль 1 эсвэл 2 дахь улирлын дүн болон бусад үзүүлэлтүүдийг үндэслэн дараагын улирал эсвэл жилд тэтгэлэгтэй сурах эсэхийг тодорхойлдог. Ихэнхи хүүхдүүдийн хувьд тэтгэлэг аваад сургуульдаа сурахаар ирэхэд хэлний бэлтгэлд хамруулж өгдөг гэсэн ойлголт байдаг. Зуучлалын газрууд ч мөн тэгэж сурталчилгаагаа хийдэг. Тухайлбал, Тайваний их сургуулиуд шинэ хичээлийн жилд элсэн суралцахаар ирж буй гадаадын харъяат бакалаврын оюутнуудаас суралцах хэлээр нь буюу англи эсвэл хятад хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Зорилго нь гадаад оюутан тухайн хэлээр суралцахуйц хангалттай хэлний мэдлэг байгаа эсэхийг тогтоох явдал байдаг. Түүнчлэн хятад хэлний үнэ төлбөргүй курсдээ 1 жил сурах боломжийг өөрийнх нь тохирох түвшинд олгоход энэхүү түвшин тогтоох шалгалтын зорилго оршдог. Гэхдээ энэхүү үнэ төлбөргүй курсийг бакалаврын суралцагчийн хувьд хичээлийн хажуугаар буюу та 1 семестерт хамгийн багадаа 9 кредит буюу 3-аас дээш хичээл үзэх ёстой байж гэмээн энэхүү сургалтанд хамрагдах бөгөөд 1 долоо хоногт 6 цаг л суралцах боломжтой агаад их удаан, цөөхөн цагтай, хичээлийн чанар муу тул зөвхөн оюутны хятад хэлний мэдлэгийг сайжруулахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, та ганцхан хэлний курсэд суралцаад хэлээ сайжруулсны дараа үндсэн ангидаа орж сурна гэж найдалтгүй гэсэн үг. Иймээс Гадаадын их сургуулиудад элсэн суралцах эрх авахдаа авсан тэтгэлэгээ алдахгүйн тулд хэлний мэдлэгтэй байх ёстой болж байна.
Дашрамд дурдахад англи хэлний бэлтгэл курс гэж байхгүй бөгөөд сонгон болон заавал үзэх хичээлээр дамжуулан уг хэлийг суралцах боломжтой. 
Магистр болон докторын оюутны хувьд 1 семестерт 3 кредит буюу 1 хичээл судлах эрхтэй тул ганцхан хэлний үнэ төлбөргүй, 3 кредиттэй хятад хэлний курсэд 1 жил сурсны дараа үндсэн ангид суралцах нь боломжтой. Мөн хүсвэл хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг өөртөө тохирсон түвшингээс үзэх зорилгоор л түвшин тогтоох шалгалт өгч болно.  Гэхдээ бакалавр болон мастерийн оюутнуудад хүсвэл өөрийн төлбөрөөр тухайн их сургуулийнхаа хэлний бэлтгэл курсэд төлбөртэй буюу 3 сар нь ойролцоогоор 2 сая төгрөг төлөөд хэлний мэдлэгээ сайжруулж болно. 1 долоо хоногт 15 цаг суралцaна. Иймээс та бүхэн хэлний мэдлэг хангалтгүй ирэхэд нь хэлний курсэд үнэ төлбөргүй сургаад, тэтгэлэгээ суралцан дуусах хүртлээ шууд авна гэж ойлгохгүй нь. Та мэрийлттэй сурч, бусад оюутнуудтай өрсөлдөнө гэсэн үг. Mонголдоо хэлээ сайжруулаад, зорилгоо сайн тодорхойлоод ирэх хэрэгтэй. 
Гадаад улсад ирээд хэлний бэлтгэлд суралцаад хэлний түвшин чинь шууд сайжрана гэсэн хүлээлттэй байх хэрэггүй. Хэлний бэлтгэлд чамтай л адилхан хятад, англи гэх мэт хэлийг 2 дахь хэлээ болгон суралцаж байгаа гадаад хүүхдүүд байгаа. Тэд нартай хамт сураад тийм амархан хурдан сайжирахгүй. Багш өдрийн 3 цагаа заагаад л гараад яваад өгнө, өдөржин та бүхэнтэй дадлага хийхгүй. Тайваньд гэхэд хятад хэлээр ойр зуур харилцах чадваргүй бол хүнтэй харьцдаггүй ажил олдохгүй. Ер нь хэлний бэлтгэл 1 жилийн 2700-4500 орчим доллар байдаг бол бакалавр, мастер ба докторын сургалт жилийн 3600 орчим доллар орчим бөгөөд үндсэн ангид хэнд ч үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрх нээлттэй байгаа шүү.
2.Төгсөн төгстөл тэтгэлэг өгдөг сургууль гэж байдаггүй. Мөн тэтгэлэгийн хэмжээгээ сайтар мэдсэн байх. Монгол оюутнууд голдуу зэрэглэл доогуур сургуульд олноороо санхүүгийн туслалцаа авч сурдаг үүнийгээ тэтгэлэг гээд буруу ойлгодог. Тэтгэлэг олж чадсан учраас л ирсэн гэж хэлдэг. Энэ маш том эндүүрэл шүү. Тэтгэлэг л гэхээр л их л юм байгаа мэтээр төсөөлж ирдэг. Гэтэл тэтгэлэг нь суралцагчийн сургалтын төлбөр, дотуур байр, сар бүрийн амжиргааны зардлыг бүрэн хариуцах тэтгэлэгээс эхлээд зөвхөн сургалтын төлбөр, сар бүрийн амжиргааны зардал эсвэл зөвхөн сургалтын төлбөрийн 50%, 100% эсвэл зөвхөн 1 улирал буюу 4 сарын хугацаанд л тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлэх гэх мэтээр заасан төрөл бүрийн санхүүгийн туслалцаа байдаг. Тэтгэлэг яагаад ийм харилцан адилгүй байдаг вэ гэхээр энэ нь тухайн сургуулийн санхүүгийн бололцоотой шууд хамааралтай байдаг бөгөөд таны суралцаж төгсөх хүртэл олгоно гэсэн баталгаа огт байдаггүй. Учир нь энэ нь таны суралцах чадвараас нэг талаас хамаарна. Тухайлбал, зарим сургууль тэтгэлэгээ 1 хичээлийн жилд олгодог бөгөөд дараагын хичээлийн жил үргэлжлүүлж олгох эсэх нь өмнөх хичээлийн жилийн дүнгийг чинь харгалзан байж өгдөг. 1 жилээр тэтгэлэг өгдөг ийм сургууль голдуу улсын их сургуулиуд байдаг. Харин зарим сургуулиуд зөвхөн 1 улирлаар буюу улирлын бүрийн дүнг харгалзан байж олгодог байхад зарим сургуулиуд эхний 1 жил бүх гадаад оюутанд тэтгэлэг өгөөд дараа жил нь зөвхөн хамгийн өндөр дүнтэй суралцсан зөвхөн 1 оюутанд эсвэл 3 эсвэл 5-10 оюутанд тэтгэлэгээ өгдөг. Ихэнхи сургуулийн журам ёсоор Бакалаврын оюутан 70-аас дээш, Мастерийн оюутан 78-аас дээш дүнтэй суралцаж байж тэтгэлэгээ хадгалах нөхцөлтэй. Бакалаврын оюутнуудын 80% орчим нь тэтгэлэгээ алддаг бол мастерийн оюутнуудын хувьд 50% орчим нь тэтгэлэгээ алддаг. Засгийн газрын тэтгэлээр суралцаж буй оюутны сурлагын дүнг жижиг сургууль хамгаалаад тавиад өгдөг бол том сургууль тийм боломж олгодоггүй. Тэтгэлэгээ алдвал өөрийн зардлаар үргэлжлүүлэн сурах эсвэл буцах сонголттой үлдэнэ. Бүр хасагдах тохиолдолууд их байгаа шүү. Даатгал, интернэт гэх мэт алхам дутамд хураамж мөнгө гарч ирнэ. Иймээс таниас суралцах хугацаандаа хичнээн хэмжээний зардал гарахаа сайн тооцоолох хэрэгтэй. Зуучлалын газрууд, хувь хүний буруу, таашаа мэдээллийн улмаас Тайваньд ирээд цагын ажил хийж, сургалтын төлбөр ба амжиргаагаа залгуулах боломж хомс. Өнөөдөр хичнээн оюутан ямар хэмжээний тэтгэлэгтэй суралцаж байгааг хэлэх нь байтугай, хэдэн оюутан Тайваньд гэхэд суралцаж байгааг хэн ч хэлж чадахгүй сууж байгаагын шалтгаан энэ. Ихэнхи их сургуулиудын тэтгэлэгийн журмаар бакалаврт 4 жил, мастерт 2 жил гэж заадаг болов ч, семестер бүрт эсвэл 1 жилээр суралцагчийн сурлагын болон бусад гүйцэтгэлийг харгалзан үзэж байж тэтгэлэгээ үргэлжлүүлэн олгохоо шийдвэрлэдэг. Харин зарим сургууль зөвхөн эхний 1 жил буюу 2 семестр тэтгэлэг олгоод шууд зогсоодог бол зарим сургууль зөвхөн дүнгийн жагсаалтаар эхний байранд орсон оюутнуудад тэтгэлэгээ үргэлжлүүлж олгодог. 
3.Ямар сургууль, ямар хөтөлбөр, аль хот, тоcгон, хошуунд сурахаар ирж байгаа вэ гэдгээ сайтар судалсан байх хэрэгтэй. 7 хоног аялаад л ирэх гэж байгаа мэт хэн нэгний хэлсэн ярьсанд итгээд, их хайнга ханддаг. Тайпей 101 шиг Тайванийг манайхан төсөөлж ирэх нь их байдаг. Гэтэл сургууль бүрийн сурах орчин, чанар, нэр хүнд, үйлчилгээ, цагын ажил хийх, мэргэжлээрээ дадлага хийх боломж нь харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл зарим сургуульд цагын ажил хийх боломж дүүрэн байхад зарим сургуульд боломжгүй. Цагын ажил хийлээ ч сайндаа цайны газрын мөнгө, дотуур байранд л хүрнэ. Зарим сургуулийн хотхон их жижиг тул цайны газрын сонголт бага, амарч тухлах боломж тааруу байдаг. Тухалбал, оюутны цайны газар Тайванд өртөг багатай болов ч, тахиа, гахайны мах л орцонд нь байх бөгөөд үхрийн мах маш үнэтэй. Зарим сургууль хотын төв ба зам тээврээс ихээхэн алслагдсан байдаг. Дотуур байрны 4х4 өрөөнд 3-4 хүн хамт амьдарна гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй. Ганцаараа амьдрах өрөө байдаг болов ч сургууль бүрт бас байдаггүй байлаа ч хэд дахин нугалсан үнэ төлнө. Гадуур амьдарна гэвэл дотуур байрнаас үнэтэй байх жишээтэй. Зарим сургууль оюутнууддаа хичээл сонголтыг уян хатан хийх боломж олгосон байдаг бол зарим сургууль цөөхөн оюутантай тул хатуу тогтоосон байдаг. За тэгээд ихэнхи газрын хүмүүс нь англиар ярих чадваргүй тул хятадаар л харилцах шаардлага гардаг шүү.
4.Ямар хэлээр сурах вэ гэдгээ тодорхой болгох. Тайваний их сургуулиуд хичээлээ үндсэндээ хятад, англи хэлээр заадаг хэдий ч тухайн хөтөлбөрийн үндсэн хэл гэж зааж өгсөн байдаг. Энэ нь заавал үзэх эсвэл сонгон суралцах хичээлийн хэлийг үндсэн хэлээр орохыг зааж өгдөг. Үндсэн хэл нь хятад хэлээр бол хятад хэлэндээ боломжийн байх ёстой болдог. Хүүхдүүдийг хараад байхад эхний жил англи хэл дээр сурдаг дараа жил үзэх ёстой хичээлүүд нь хятад хэл дээр тунаж үлдсэн байдаг. Гэтэл эхний жил англи хэлээр хичээлээ шахаж үзсээр байгаад хятад хэл сурч амждаггүй. Ингээд хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс ирэхээсээ өмнө сайн нягтлах хэрэгтэй.
4.Өөрөө элсэлтийн материалаа бэлд. Ямар ч сургуулиуд нь зайлшгүй зуучлалын байгууллагуудаар дамжуулан зуучлуулах ёстой гэсэн журам ч байхгүй. Зарим их сургууль шуудангаар заавал материал авдаг бол зарим нь онлайнаар буюу гэрээсээ шууд материалаа сургуулийн цахим хаягруу холбогдоод илгээдэг.
"Азийн бар оронд суралцангаа ажил хийж сургалтын төлбөр, амжиргааны зардлаа олох боломжтой, эхний жилдээ үнэгүй хэлний бэлтгэлд суугаад дараа нь үндсэн ангидаа орох боломжтой, 4 жилийн турш тэтгэлэгтэй, сар бүр өчнөөн мянган долларын цалинтай, төгсөөд мэргэжлээрээ Тайваньд ажиллах боломжтой, Монголынхоо ирээдүйн боловсон хүчинг бэлтгэх зорилготой тэтгэлэгтэй хөтөлбөр, аян, event гэх мэт гоёмсог заруудад итгэх хэрэггүй. Боловсролын төвүүдэд Тайваньд ч сурч үзээгүй, хятад хэлний мэдлэггүй хүмүүс их байдаг. 
5. Азийн сургуулиуд сургуулиуд Америк, Европын сургуулиуд шиг эссе болон мэргэжлийн шалгалтын (SAT, GMAT, GRE) оноо шаарддаггүй. Ганц 2 сургууль өрсөлдөөн, тэтгэлэгийн журам, шалгуур зэргээс шалтгаалаад шаардах тохиолдол байдаг. Хэлний оноо болон дүн сайтай, багшийн тодорхойлолт, сурах төлөвлөгөө, нэмэлт материалууд сайн бол топ сургуулиудад шууд орчлоо л гэсэн үг. Гэхдээ Тайванийн сургуулиудад нэг дутагдалтай тал байдаг нь материал шалгах хугацаа маш удаан. Мастерын түвшний материалыг 1-3 сар хүртэл шалгах нь бий. Иймээс цаг хугацаагаа сайн төлөвлөх хэрэгтэй.
6.Ажлын хувьд цагийн хөлс нь 4.5 доллараас л эхэлдэг. Тайваний хуулиар 16 нас хүрсэн буюу түүнээс дээш настай оюутан улсын болон хувийн салбарт ажиллах эрхтэй. Гэхдээ бар, паб, диско болон шөнийн клубуудэд ажиллахыг зөвшөөрдөггүй. Тайваниар жишээ авахад оюутнууд ресторан, дэлгүүр, жижиглэн худалдааны цэгүүд, их дэлгүүрүүдэд цагын ажил хийх нь хамгийн элбэг. Шилдэг их сургуулиуд болон мастер, докторын оюутнууд бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад гэрийн багш хийх, эсвэл курс, дамжаанд багшлах нь түгээмэл ажээ. Түүнчлэн, бие, сэтгэл зүйд сөрөг нөлөөлөхүйц, бэлгийн харилцаа, мөрийтэй тоглоомтой холбоотой ажилд гар бие оролцохгүй байхыг сургууль болон засгийн газраас нь анхааруулдаг бөгөөд шөнийн цагаар ажиллах мотоциклээр эд зүйлс хүргэж өгөх, бусад эрсдэлтэй ажил хийхгүй байх, орчны бохирдолтой эсвэл хэт дуу чимээтэй ажлын байрнаас татгалзах эрхтэй байдаг ажээ. Бакалавр, мастер, докторын зэргээр болон 1 жил хятад хэлний сургалтанд суусан гадаад оюутнууд сургуулийн хотхон болон сургуулийн хотхоноос гадуур ажил хийх тохиолдолд ажиллах зөвшөөрөл заавал авдаг. Дээр дурдсанчлан Тaйвань оюутнуудтай ижил хөдөлмөр эрхлэх боломж байгаа ч хэл тааруу бол ажил хүссэнээр олдохгүй байдаг талтайгаас гадна гадаад оюутан тэр бүр хүнтэй харьцдаг ажил хийх боломж бага. Өвөл болон зуны амралтаар цагийн хязгаар байдаггүй болов ч хичээлийн улирлын үеэр 1 долоо хоногт дээд тал нь 20 цаг байдаг. 1 цагын хөлс дунджаар 115 тайвань доллараас эхэлдэг. Гэхдээ сургууль бүрийн гадаад оюутанд аль хот, тосгон, ямар хөтөлбөр гэдгээсээ хамаараад ажлын олдоц харилцан адилгүй тул сургуулиа ирэхээсээ өмнө сайн судлах хэрэгтэй. Зөвшөөрөлгүй ажил хийж байгаад баригдсан тохиолдолд 30000-150000 хүртэлх тайвань долларын торгуултай. Түүнчлэн ажлын үнэмлэхгүй бол ажил амар олдохгүйгээс гадна зальдуулах эрсдэлтэй. Зөвшөөрлийг авахдаа тэнхим, гадаад оюутан эрхэлсэн албанд хүсэлт гаргаад зөвшөөрөл авсны дараа хөдөлмөрийн яамрүү материалуудаа илгээснээр ажиллах зөвшөөрөл авдаг тул эхлээд тэнхимтэйгээ холбоо тогтоож лавлах хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.wda.gov.tw/ авах боломжтой.
Ажил хайхдаа цахим хуудсуудыг түгээмэл ашигладаг. https://www.104.com.tw/   https://www.1111.com.tw/    https://www.yes123.com.tw/  https://www.518.com.tw/ http://www.job178.com.tw/
Мөн бусад сонин хэвлэлүүдээс ч олж болно.  Дашрамд дурдахад, Тайваньд цагын ажил хийж сургалтын төлбөр амжиргаагаа залгуулах боломж хязгаарлагдмал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Манайхны ихэнхи нь сурдаг сургуулиуд ажил хийх боломжгүй, уулан дунд, бөглүү газар байдаг. Тэтгэлэг буюу сар бүрийн цалин ойролцоогоор 180 америк доллар буюу сар 5400 Тайвань доллар. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Нэг аятайхан идүүртэй хоол ойролцоогоор 15 америк доллар, хуурай сүүг халуунаар нь 1,5 ам доллар. Тиймээс 180 америк доллараар усан шөл, жижиг тахианы гуя, аяга будаагаар л 1 сар амь зогоох мөнгө гэсэн үг. Үүнийг бас тооцоолох хэрэгтэй. Эцэст нь аль болох үнэн мөнөөр, өөрөө бичиг баримтаа бүрдүүлээрэй. Сүүлийн үед Монгол хүүхдүүд гадаад улс оронруу ихээр зорьж, сурах болсон бөгөөд хэл муутай, сурах бэлтгэлээ хараахан хангаагүй, бусдыг уруу татах, гэмт хэрэгт орооцолдох, боловсролын төвүүдэд зальдуулах гэх мэтээр гадаадын их сургуулиудад улсынхаа нэр хүндийг унагаах, дүрэм журмыг нь зөрчих гэх мэтээр чих улайлгах болсон. Тайвань гэх мэт орнуудад хүн амын дунд төрөлт багасч, сурлага сайтай эсвэл мөнгөний боломжтой оюутнууд гадаадад суралцах боломж нь нээлттэй болсон, нөгөө талаар их сургуульд элсэгчидэд онооны босго тавьж өгсөн нь их сургуулиудад сурах оюутанг эрс хумигдуулж, зарим сургуулийн анги танхим эрс хоосорч эсвэл дүүрэхгүй болсон тул их сургуулиуд боловсролын экспортруу хандахаас аргагүйд хүрсэн байдаг. Тухайлбал, 2014 онд 301820 шинээр бакалаврт элссэн суралцах боломжтой байсан бол 2024 онд 182293 болж буурахаар байгаа бөгөөд их сургуулиудын мөхөл ойртож байна хэмээн Тайваний хэвлэлүүдээр бичиж байна. Тайваний их сургуулиуд чанарын хувьд ерөнхийдөө давгүй болов ч маш олон хүүхдүүд шилжмээр байна, яаж шилжих вэ гэж их асуудаг нь дээрх шалтгаануудтай үндсэндээ холбоотой шүү. Ялангуяа зуучлуулж байгаа бол зуучлагч байгууллагаасаа бүх зүйлээ сайтар лавлаж асуух ёстой. Энд ирээд хохирвол хэн ч таньд туслахгүй, бүх хариуцлагаа та өөрөө л үүрэх болно шүү. Цаг агаар, хоол хүнс, соёл, ахуй орчин гээд Монголоос өөр иймээс гадаадад сурна гэдэг аялал биш асар их урт зам туулах сорилт юм. Тайваньд ирж л байвал ямар ч сургуульд ямар ч мэргэжлээр суралцаж байгаад шилжинэ, учраа олно гэвэл цаг хугацаа, мөнгө төгрөг, сэтгэл санаа гээд маш олон зүйлээр хохирох болно. Анги, мэргэжил, сургуулиа солино гэдэг тийм амар биш. Анх сурахаар ирсэн сургуульдаа 12 сараас дээш хугацаагаар суралцсаны дараа сургуулиа солих бөгөөд визаагаа ч, оршин суух эрхийн үнэмлэхээ ч өөрчилөх, солих шаардлагатай болно. Иймд ирэхээсээ өмнө сайтаp судлаж шийдвэр гаргаарай.
Гадаададд суралцаж буй бакалаврын оюутнуудад тулгардаг бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах вэ?
Өөр хууль, дүрэм, хэл соёл, ахуй амьдарлын орчиноос шалтгаалан ямар ч бэлтгэлгүй ирснээс үүдэн анх удаа бакалавтр сурахаар ирж буй хүүхдүүдэд багагүй бэрхшээл тохиолддог. Аль нэг гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх авлаа л бол ихэнхи хүүхдүүдийн сэтгэл нь ханачихдаг. Харь оронд очоод шууд гэгээрнэ гэсэн баталгаа байхгүй, ямар суурьтай ирсэн тэр суурин дээр л үргэлжилнэ. Эцэг эхчүүд ч үр хүүхдээ сайхан газар ном сурах нь гэж ойлгодог. Энд сурахаар ирсэн л бол дөнгөж л эхэлж байгаа нь тэр. Монгол оюутнуудад тулгaрч буй бэрхшээлүүд нь үндсэндээ дараах хүчин зүйлүүдтэй холбоотой.
1.Мэдээлэл дутмаг. Ахлах сургууль төгсөж буй суралцагсдад аль хот, тосгоны аль сургуульд ямар хөтөлбөрт сурах вэ гэдэг маш хүнд сонголт байдаг тул ойр дотныхон, аав ээж, тэр дундаа зуучилалын үйлчилгээ үзүүлдэг их сургууль, сургалтын төвүүдэд ханддаг ч хангалттай мэдээлэл олж авч чаддаггүй. Хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхийн хувьд өндөр тэтгэлэгтэй сургуульд элсэхийг урьтал болгодог нь өөрт нь тохирох эсэх талаар тухайн сургуулийн хөтөлбөрийг нарийвчлан судлахгүйгээр зуучлагчдын саналыг хүлээн авах нөхцөл болдог. Ингээд их сургуульд ирэхээсээ өмнө ямар хичээл, хэдэн кредит сонгох, ямар дүрэм журам, амьдрах орчин, багш, оюутнуудтай харьцах гэх мэтээс эхлээд маш олон зүйлийн талаар ойлголт, мэдээлэл бүрхэг тул Тайваньд сургуульд ирсний дараагаас бэрхшээлүүд ар араасаа хөвөрдөг.
2. Хэлний бэрхшээл. ITP TOEFL, НSК-н оноо гаргуулаад, сургуульд зуучлуулж ирээд тэтгэлэг авлаа гэхэд хичээлээ ойлгохгүй, даалгавараа хийж чадахгүй, шалгалтаа амжилттай өгдөг нь тийм ч олон биш, сургууль бүр гагцхүү улирал бүрийн голч дүнг харгалзан үзэж байж, тэтгэлэгээ үргэлжлүүлэн олгох эсэхээ шийдвэрлэдэг. Засгийн газар нь татаас боломжийн өгдөг, дотоодын оюутнуудад сургалтын төлбөр нь хямд, нэр хүнд сайтай тул суралцах хүсэлтэй оюутнаар одоохондоо санаа зовох зүйл бага тул топ сургуулиуд 2 улиралд дараалан хангалтгүй сурвал хасдаг. Манайхны голдуу сурдаг хувийн сургуулиуд өндөр төлбөртэй, сурах сонирхолтой оюутан тийм ч их биш тул ямар ч оюутанг авахад бэлэн байдаг тул зуучлалын байгууллагууд чухам л хувийн сургуульд зуучилдаг. Оноогүй байсан ч манай сургууль эхний 1 жил үнэ төлбөргүй сурах эрх олгож байна, хоёр дахь жилээс өмнөх улирлын голч дүнг харгалзан үзэж тэтгэлэг үргэлжлүүлэн олгоно гэж тэд хэлдэг учраас ямар ч хүүхэд энэ саналыг дуртай хүлээн авна. Харамсалтай нь дараагын улирлаас голч нь хүрэхгүй эсвэл тэтгэлэг авах болзлоо хангаж чадахгүйд хүрдэг нь хэлний бэрхшээлтэй үндсэндээ холбоотой. Тайвань хэдийгээр хятад хэлтэй орон хэдий ч Монгол хүүхдүүдийн хувьд хятадаар Тайвань оюутуудтай ярих боломж бага байхаас гадна Тайвань хүмүүсийн тийм ч нээлттэй биш зан, нөгөө талаар Монгол хүнд эх газрын хятад хэл харилцахад илүү дөхөм байдаг бол Тайваний хувьд өмнөд зүгийн орон болохоор доод өнгөөр намуухан, хэлний үзүүрээр ярих нь ихээхэн төвөгтэй байдаг. Хятад хэлийг ямар ч суургүй ирээд хичээлийн хажуугаар сурахад 4 жил доод тал шаардлагатай. Англи хэлний орчин бүр ч дутмаг, бас англиар харилцаж сурч амьдарна гэдэг амаргүй.
3.Сурах чадвар. Хэлний чадвараас гадна сурах чадвар маш чухлаар тавигдаж байна. Манай дотоодын сургуулиудад ЭЕШ шаарддаг нь бас л учиртай. Тайваний сургуулиуд хэлний оноог эс тооцвол ямар нэгэн шалгалт өгсөн байхыг гадаад оуютнуудаас шаарддаггүй тул хэн ч ямар ч материал бүрдүүлээд ороход амархан учир өөрөөсөө энэ мэргэжил, сургууль надад тохирох уу гэдгийг асуух хэрэгтэй. Энд хэн нэгнээс хуулах, аргалах, мэхлэх, найрах тэр бүр боломжгүй. Тайваний их сургуулиудад хятад хэлээр суралцах тийм амар зүйл биш. Багш хятадаар ярина, унших материал, гэрийн даалгавар, шалгалт дандаа англи хэлээр байх жишээтэй. Нэг хичээлээр л гэхэд л 800 гаруй хуудастай зузаан ном өгнө. 1 улиралд доод тал нь 3 боть ном үзэх шаардлагатай болно. Цөөн хэдэн сургууль дан хятад хэлээр байдаг. Ойлгохгүй зүйлээ Тайвань хүүхдээс асууяа гэхээр хэлж буй зүйлийг нь ойлгохгүй, оюутнуудыг сурлагаар нь жагсаадаг тул сэтгэлээсээ туслах нь юу л бол.
4.Соёлын орчин. Монгол хүүхдүүд гадаадад соёлын цочролд орох нь харьцангуй бага хэдий ч Тайваний сургуулиудын зүгээс гадаад оюутанд сургуульдаа амжилттай сурах, ажил олж хийх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, орчиндоо дасан зохицох талаар хангалттай мэдээлэл өгөхгүй байна. Монгол хүүхдүүд нийлээд сагс тоглоод байдаг хирнээ хамтраад хичээлээ давтахаа мэдэхгүй. Асууя гэтэл бас л өөртэй нь адил бэрхшээлтэй, ингээд л хэл соёлоороо гадуурхагдаад ирэхээр нийлээд хэрэг төвөгт орооцолдоход хүрнэ. Монгол хүний нэр хүнд, байр суурь зарим газар тийм ч сайнгүй, хятад хүнийг дотор хүн гэж Монголчууд ярьдаг бөгөөд Тайвань, Хятад хүн нэг гэж төсөөлдөг шиг, Тайваньд Монгол гэхээр л соёлгүй, ухаан муутай мэтээр төсөөлж Хятадын нэг хэсэг гэсэн ойлголттой байдаг. Тиймдээ ч ямар ч асуудалд Монгол хүнээс эхлээд өө хардаг.
5.Мэргэжлээ зөв сонгох. Хүүхдүүд голдуу эцэг эхийн шаардлагаар голдуу мэргэжил сонгох нь идэвхигүй сурах нэг нөхцөл болдог. Гадаадын ахлах сургуулиудад мэргэжлээ зөв сонгоход нь туслах хичээлүүд ордог тул тэдний бас нэг сурах чадвар сайн байдаг. Инжинер, эдийн засгийн ухаан ба менежментээр сурах бол математиктай сайн байх хэрэгтэй. Нилээд хүүхдүүд математикийн хичээлдээ унадаг.
Иймээс төлбөрөө өөрсдөө төлж үргэлжлүүлэн сурахыг сургуулиуд санал болгодог тул хувийн сургуулиуд эсвэл зэрэглэл доогуур сургуулиуд амархан тэнцүүлдэг. Харин шалгуур өндөр сургуулиуд шууд хасдаг. Зарим эцэг эхчүүд татгалзахгүй төлдөг бол зарим нь үхтэл үр харам гэгчээр байдаг бүхнээрээ төлнө харин зарим нь боломжгүй ингээд л буцах хэрэг гарна. Монгол багш шиг хичээлээ хийгээд өгөөч гэж гадаад оюутнуудаас багш нар гуйхгүй, шаардахгүй, дуугүй байж байгаад л дүн тавчихна. Сургуулиасаа хөөгдсөн эвсэл хасагдсан зарим хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлэл нь унтарч, өөртөө итгэлгүй болж байгаа нь харамсалтай. Сургуулиас хасагдаж буй хүүхдүүдийн дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байгааг эцэг эхчүүд анхааралдаа авууштай. Бакалаврын суралцагчдийн дийлэнх нь тэтгэлэгээ алдах, хасагдах эрсдэл өндөртэй байдаг. Тайваньд сүүлийн жилүүдэд гэрлэлт багасч, шинээр мэндлэх хүүхдийн тоо буурч, мөнгөтэй, сурлага сайтай хэсэг нь гадаад орнуудад сурах болсон тул засгийн газар нь жаахан татаас олгохгүй бол их сургуулиуд нь санхүүгийн хувьд хүндхэн ажээ. Хувийн сургуулиудад улсаас олгох татаас маш бага тул өөрсдийн бор зүрхээрээ яваа тэд хичээл хийдэггүй хүүхдийг үнэгүй сургахгүй нь лав. Тайваний иргэн улсын их сургуульд 1 жилд 50000 орчим тайвань доллар, харин хувийн сургууль 2 дахин өндөр төлбөртэй. Энэ нь Тайвань иргэний 2 сарын цалинд ч хүрэхгүй, манай улсын хамгийн доод төлбөр дундаж цалинтай харьцуулахад ямар билээ дээ. Тиймээс их сургуулиудад элсэх нь амархан ч сурах амаргүй гэдгийг анхаарууштай.
Сургуульд өрөө материалаа бүрдүүлээд суралцах эрхээ авч чадахгүй бол их сургуульд сурах бэлтгэл чинь хангагдаагүй байна гэсэн үг. Их сургуульд сурах чадвартай байхын тулд хэлний шалгалтаа хамгийн түрүүнд дав. Ямар ч сургуульд элсэн суралцах боломж дүүрэн байхад өндөр үнээр зуучлуулаад хасагдах эсвэл тэтгэлэгээ алдаж байгаа бол хэний буруу вэ? Шилдэг их сургуулийн нэг нь, ажил хийх боломжтой, ирээд өөр сургуульд шилжих боломжтой, хэлний бэлтгэл үнэ төлбөргүй, 4 жил тэтгэлэгтэй сурах эрхтэй гэх мэтчилэн буруу ташаа мэдээлэлд хууртагдаж ирсэн маш олон хүүхдүүд бий. Тайвань хүмүүс өөрсдөө ч ажил олоод хийх боломж хомс байдаг. Тайпейд гэхэд 7&11 дэлгүүрийн худалдагч нар 100% их сургууль төгссөн хүмүүс байдаг юм билээ. Хэлний шалгалтыг өөрийн чадлаар давах чадвартай болтлоо их зүйлд суралцдаг. Зуучлуулсан бол ядаж хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй.
Одоо 2 болон түүнээс дээш курсэд сурч байгаа хүүхдүүдийн ихэнхи нь 1-р ангийнхаа хичээлийг нөхөж үздэг, ангийнхантайгаа нийлдэггүй, ганцаардмал байх нь цөөнгүй. Авилга, арын хаалгаар асуудлаа шийдэж сурсан, боловсролын түвшин доогуур оронд зуучлалын бизнес газар авах нь тодорхой. 
Энд нэг зүйлийг онцлоход Монголд сурч байгаа хүүхдээ ээж аав нар ямар сурч байгааг нь төвөггүйхэн мэдэх бололцоотой. Харин гадаадад сурч байгаа хүүхдээ хичээлдээ очиж байгаа, хэрхэн сурч байгааг мэдэх тэр бүр бололцоогүй. Хүүхдүүд мөнгө хэрэгтэй байна, бие өвдлөө гэх эсвэл хичээлээ ойлгохгүй байна, хичээлдээ явж байгаа гэх мэт ерөнхий зүйл л аав, ээждээ хэлдэг. 
Хэрвээ та хүүхдүүдэдээ санаа тавьж байгаа бол юуны өмнө хүүхдээсээ сонгон судалж байгаа хичээлүүдийн багш нарын цахим хаягыг авах хэрэгтэй. Мөн сургуулийн тэнхмийн цахим хуудаснаас тэнхмийн профессоруудын цахим хаягаар холбоо тогтоон туслалцаа авч болно. Хичээл бүрийн мэдээллийг сургуулийн цахим хуудаст оруулсан байдаг бөгөөд уг мэдээлэл зөвхөн хичээлд нь хамрагдан судалж байгаа оюутнуудад нээлттэй байх нь бий. Үүний дараа хичээл зааж буй багшийнх нь цахим хуудасруу хүүхдийнхээ хичээлд оролцож буй байдал, даалгавар, шалгалтуудын талаар мэдэх бололцоотой. 
Хоёр орны боловсролын тогтолцоо харилцан адилгүй, хэл соёлын орчин, бие даан суралцах чадвар, зорилго, санхүү гэх мэт үндсэн хүчин зүйлээс шалтгаалан Монгол хүүхдүүд гадаад оронд сурахаар ирээд амжилтгүй суралцах, цаашлаад сургуулиа орхих үндсэн шалтгаанууд юм. 
Хичээл заадаг багшаас нь асуувал хэлний бэрхшээл, ангийнхантайгаа нийлэхгүй байгаа, хичээлд ирэхгүй байгаа, даалгавараа хийдэггүй, шалгалтаа ирж өгөөгүй, давтлага хичээлд хамруулсан болов ч мэрийлт гаргахгүй байна хэмээх хариулт хамгийн түгээмэл. 
Хичээлдээ ирээд, даалгавараа ангийхнаасаа асууж лавлаад, шалгалтаа чадах чинээгээрээ өгсөн байхад аль ч сургуулийн багш нар тэнцүүлэхийн төлөө л байдаг ч ямар ч бэлтгэлгүй хүүхдүүдийг мэрийсэнгүй гэж зэмлээд ч бас яалтай. Тайваний дунд сургуулиуд гэхэд өглөө 8 цагаас оройн 17 цаг хүртэл ороод тод сургуулиудад сурна гэвэл гэрийн багшаар эсвэл сургалтын төвүүдэд үргэлжлүүлэн сурдаг. Үнэхээр сурна гэж юу байдгыг харж болохоор санагдсан. Онгоцны зардал, дотуур байр, сар бүрийн хэрэглээ, сургуулиуд сургалтын төлбөр, даатгал, сурах бичиг гээд асар их хөрөнгө оруулалтыг Монгол оюутнууд Тайваньд хийдэг тул санхүү, сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирохгүйн тулд мэргэжлээ зөв сонгох, хамгийн багадаа англиар сурах бичгээ толь бичиг бариад хурдан ойлгодог байх, ангийнхантайгаа харилцах чадвартай байх, зорилгоо ухамсарласан байх, махруу байх шаардлагатай болж байна.
Тайваний оюутнууд миний нүдээр. Уулын мод урттай, богинотой. Тайвань арал чөлөөт нийгэм болов ч залуучууд нь тийм ч нээлттэй биш байхыг үгүйсгэхгүй. Нэг талаас амьдралын дарамт нь өрсөлдөөнийг бий болгосноор чи л өөрийнхөө амьдралаа өөрөө авч явна гэсэн зарчим хувиа хичээсэн мэт харагдуулдаг.
Эрт босч, шөнө нойргүй хонон хичээлээ давтаж чармайн суралцан, хаана л бол хаана ном тэвэрч, хичээлдээ шамдан уйгагүй зүтгэл, тэвчээр гарган амьдрахын төлөө гэсэн нэг хэсэг нь байхад өглөө унтаж л байдаг, шалгалт дөхөхөөр хичээлээ давтдаг, хуулдаг, өрсөлдөх чадваргүй хэсэг нь байх. Зарим Тайвань оюутнууд хичээлдээ төвлөрч суудаг бол, хичээл дээр ёс зүйгүй, хичээл дундуур дураараа багшийн хичээлийг тасалдуулдаг, клубэд оролцохгүй атлаа тав тухлан гэртээ байгаа мэт, цаг дэмий үрнэ. Авдаг цалингаа бага гэж гололгүй, цагын ажил хийж сурлагын төлбөртөө нэмэрлэдэг цөөхөн хэсэг нь байхад цагын ажлыг голдог ч олсон мөнгөө зугаа цэнгэл, хайр дурлалдаа зарцуулдаг дийлэнх нь байх. Ер нь Тайвань оюутнууд их баярхуу, амны бэлгээс ашдын бэлэг гэдэгчлэн, амьдрал хэцүү байна гэж бараг хэлэхгүй. Хичээл хийхдээ ширээн дээр үнэтэй амттан тойруулах дуртай. 
Тайвань оюутнууд их ёсорхуу бөгөөд, ярих нь шивнэх мэт намуухан, танихгүй хүнтэй хүндэтгэлтэй харьцах бөгөөд гадаад оюутантай таалагдаагүй байдлаа илэрхийлэхдээ англиар ярьдаг. Энэ нь чи биднээс өөр гэж шууд илэрхийлж байгаа санаа нь. Тэд ерөнхийдөө даруухан бөгөөд дургуйцэл, таагүй байдлаа шууд илэрхийлдэггүй, шууд л дуугаа хураана эсвэл холдоод яваад өгдөг нь нэг талаар өндөр хүмүүжил нь ажээ. Хичээл хийх сонирхолгүй сургуулийн оюутнууд ер нь харьцаа давгүй байдаг бол зэрэглэл өндөртэй сургуулийн оюутнууд яриа их муу байдаг нь нэг талаас цаг зав бага байдагтай нь холбоотой. Ер нь гадаад оюутнууд Тайвань оюунтуудтай тийм ч амар хэл амаа ололцохгүй. Энэ нь тэдний хэлний саад бэрхшээл, ичимхий, илэн далангуй биш байдагтай нь холбоотой. 
Тэдний хувьд Тайвань 1-р зэрэглэлийн хүн, 2-р зэрэглэлд Америк, Япон болон Баруун Европын оюутнууд 3-р зэрэглэлд Хятад болон Өмнөд Солонгос, 4-р зэрэглэлд бусад орнууд орно. Жилээс жилд БНХАУ-д сайн хандах залуу үеийнхний хандлага сайжирсаар байгаа нь Хятадад гарч ажиллах сонирхолтой холбоотой. Хятад болон Өмнөд Солонгосыг их сонирхдог атлаа өрсөлдөгчийн байрнаас харна. Тэдний сурахыг хүсдэг орнууд нь мэдээж АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Европын орнууд. Монголчууд Тайванийг сайн мэдэхгүй бас тэр бүр сонирхдоггүйтэй адил, Тайвань оюутнууд Монголын талаар тэр бүр мэдэхгүй, сонирхох нь тун бага, Чингис хаан гэж бүр ч дуугарахгүй.
Тайвань оюутнуудтай англиар ярьвал, тэд найзлах, дотносох дуртай бөгөөд англи хэл сайтай гадаад оюутан найзтай болох их амархан. Багш хичээл зааж байх үеэр юм идэх болов ч анги танхим орчиндоо их цэвэр цэмцгэр суух агаад хогоо ялган хогын саванд хийнэ. Хичээлдээ дугуй, мотоцикль унаж ирэх нь цөөнгүй. Ер нь их орой унтдаг, сургуулиуд нь талбай сайтай болохоор бүжиглэж, тоглоно. Хэн юу өмссөн байгааг бараг анзаарахгүй тул өвлийн улирлыг эс тооцвол оюутнууд нь жилийн турш углааш өмсөнө.
Амьдрал нь дарамт ихтэй, ажил дээр гараад гологдоно гэдгийг мэдэх тул сурч байхдаа дадлага хийхийн зэрэгцээ бакалаврт хос мэргэжлээр сурахад нэмэлт төлбөр хураамжийг тэр дундаа улсын ихэнхи сургууль авдаггүй тул хос зэрэг олж авах сүйхээтэй оюутнууд бий. Тэд ер нь эрдэм номын хувьд суурь нилээд сайтай, сурах чадвар сайн талдаа. Тайвань оюутнуудын ихэнхи нь бусдынхаа санаа бодлыг даган, хамтран ажиллахыг илүүд үздэг тул хувь хүнийхээ хувьд ер нь ардчилсан бус.
Тэдний төгсөлтийн баяр нь тун энгийн, төгсөлтийн зурагаа ангиараа авхуулаад, хоолонд хамт ороод л болно доо. Өөр зүйлгүй, зардал гээд байх юм байхгүй. 
Мэдээж англи хэл, жинс, холливуд, рок, поп, хип хоп, хятадын эсрэг үзэл, бэлэнчлэх сэтгэлгээ, ичимхий зан гээд Монгол болон Тайваний залуу үеийнхний хоорондоо ойлголцох шалтгаан байдаг ч хэлээ тэр дундаа хятад хэлээ сайжруулъя, тэднээс ойлгохгүй зүйлээ асууя гэвэл таниас сэргэлэн зан, тэвчээр шаардана. Тэдний итгэлийг нэг олоод авбал маш халуун ханддаг.
Тайвань оюутнууд нэг нэгнийгээ дуудахад хэрэглэдэг үгс
Оюутнууд нэгнээ дуудахдаа 同學/ Tóngxué / гэх бөгөөд энэ нь танидаг болон танидаггүй аль ч багш, оюутнууд өөр хоорондоо хэрэглэдэг. 
Ангийн дарга 班代 / Bān dài /
Дээд ангийн эрэгтэй оюутан 學長/ Xuézhǎng /
Дээд ангийн эмэгтэй оюутан 學姐/ Xué jiě /
Доод ангийн эрэгтэй оюутанг 學弟/Xué dì/
Доод ангийн эмэгтэй оюутанг 學妹/ Xué mèi /
Анги эсвэл сургуульдаа нэр хүнд сайтай эсвэл царайлаг, хүндэлж явдаг эрэгтэй оюутанг 男神/Shén nán/ хэлдэг бол
Анги эсвэл сургуульдаа нэр хүнд сайтай эсвэл хөөрхөн, хүндэлж явдаг эмэгтэй оюутанг 女神/Shénnǚ/
Сургуулийн эмэгтэй ажилтанг 阿姨 /Āyí/
Сургуулийн эpэгтэй ажилтанг阿伯 /Ābo/

Багшийн туслах эсвэл тэнхмийн туслах ажилтнуудыг 助教 /zhùjiào/
Тайваний их сургуулиуд оюутныг үнэлэх үнэлгээ ямар байдаг вэ? 
等第成績
等第績分
百分制分數區間
(小數點第一位四捨五入至整數)
百分制單科成績對照
A+
4.3
 90-100
95
A
4.0
85-89
87
A-
3.7
80-84
82
B+
3.3
77-79
78
B
3.0
73-76
75
B- (研究生及格標準)
2.7
70-72
70
C+
2.3
67-69
68
C
2.0
63-66
65
C- (學士班及格標準)
1.7
60-62
60
F
 0
59()以下
50
X
 0
   0
Дээрх бүдүүвчээс харахад хамгийн дээд үнэлгээ нь 4.3 буюу А+ байдаг. Бакалаврын оюутан 1.7, мастерийн оюутан 2.7, докторын оюутан 3.7-аар тэнцэж кредит хангасанд тооцдог.
Хэрвээ заавал сурах ёстой хичээлдээ унавал дахин судлах ёстой бөгөөд кредитийн төлбөр авдаггүй хөтөлбөр бол төлбөр нэмж төлдөггүй хэдий ч босго хангаагүй дүнг дүнгийн хуулбарт оруулж, биелүүлэх ёстой кредитээс хасаж дүнд сөргөөр нөлөөлдөг. 
Ижил нэртэй хичээлийг дахин судлаж болох хэдий ч кредит өгдөггүй. 
Мөн заавал судлах хичээлийг зөвхөн тэнхимээсээ судлах ёстой хэмээн ихэнхи сургууль зааж өгсөн байдаг тул өөр тэнхмийн ижил нэртэй хичээл судлавал кредит өгөх хэдий ч төгсгөхгүй. Түүнчлэн сонгон хичээлийн нэр заавал судлах хичээлийн нэртэй ижил бол сонгон судласан нөхцөлд төгсөлтийн шалгуур хангахгүй.
Тайваний их сургуулиудын хичээлийн үнэлгээ нь ерөнхийдөө улирлын явцын болон эцсийн гэсэн 2 шалгалттай байх бөгөөд нийт үнэлгээний 30-100%-ыг эзэлдэг. Бакалаврын хичээлийг шалгалт, гэрийн даалгавар, ирц, оролцоогоор, мастерт шалгалтаас гадна, илтгэл, судалгааны төсөл, ирц, оролцоогоор дүгнэдэг. 1 хичээлийн улирал 4 сар үргэлжлэх бөгөөд бакалавр болон мастерийн ихэнхи хичээлийг явцын болон төгсгөлийн гэсэн 2 шалгалтаар ихэнхидээ 30:30 эсвэл 50:50 оноогоор дүгнэдэг. Бакалаврийн суралцагчийг ирц, идэвхи, оролцоо ба гэрийн даалгавараар ерөнхийдөө үнэлэн дүгнэдэг бол мастерийн суралцагчийн хувьд оролцоо, илтгэл, судалгааны төслөөр үнэлэн дүгнэх нь элбэг. Зарим хичээлийн онцлогоос хамааран гэрийн даалгавар, судалгааны төслөөр үнэлэн дүгнэх нь бий. 2 шалгалтандаа зэрэг унавал ихэнхи багш унагаадаг бол зарим багш нар бусад үзүүлэлтийг харгалзан үзээд тэнцүүлдэг байхад, цөөн тооны багш эцсийн үнэлгээ нь бакалаврын хувьд 60-аар тэнцдэг тул 59.9, мастер 70-аар тэнцдэг тул 69.9 гарлаа ч тэр чигээр нь өрөвддөггүй унагаадаг. 


Намайг Монголд сурдаг байхад хэдэн 21 хоног үргэлжилдэг тул оюутнуудад уншиж, давтах цаг их гардаг байсантай харьцуулахад Тайваньд хэдэн ч хичээл ч үзсэн байлаа, шалгалтыг ажлын 5 өдөрт багтаан хичээл ордог цагуудад авдаг тул бөөнд нь уншиж давтах цаг маш бага байдаг. 
Та бүхэнд амжилт хүсье. 
Хэрвээ та Тайваньд сурахаар төлөвлөж буй бол Тайвань дахь Монголчуудын групээс та бүхэн хэрэгтэй мэдээллээ авч болно.  https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/