Saturday, June 22, 2019

Хятадын эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлүүд

1949 онд Хятад дэлхийн ямар ч улстай гадаад харилцаагүй, худалдааны түншгүй, нэн ядуу, өөрөө өөртөө найдсан эдийн засагтай байсан бол 2019 оны эхний улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт жил бүр дунджаар 7%-иар өсч дэлхийн ДНБ-ний 16%-ыг бүрдүүлсэн хоёрдагч том эдийн засаг болж, дэлхийн хүн амын 20%-г эзэлдэг энэ улсын иргэдийн 3.3% нь ядуурлын шугамнаас доогуур амьдарч байна. 
Хятадын эдийн засгийн өсөлтөнд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн. 
1.Хятадын онцлогтой төлөвлөлт. БНХАУ-ыг тунхагласны дараа хөдөлмөр, капиталын хуримтлал ба технологийн дэвшил нь эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин гэж үзэх эдийн засгийн өсөлтийн сонгодог онолыг хэрэгжүүлж байсан болов ч, хүнд аж үйлдвэрийн суурийг тавьсаныг эс тооцвол өгөөжөө тус улсад төдийлөн өгч байсангүй.  Барууны эдийн засагчид, олон улсын байгууллагууд болон шинэ сонгодог эдийн засгийн онолын нөлөөнд автсан Монгол болон ЗХУ-н нөлөөнд байсан социалист орнуудад хэрэгжүүлсэн эрс шинэчлэлээс Хятадын шинэчлэл аядуу буюу шинэчлэлийг хэсэгчилэн хэрэгжүүлж байсан нь тус улсын хөгжилд ихээхэн үр өгөөжтэй байсан юм. Өөрөөр хэлбэл шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлэсэн 1978 оноос өмнө Хятадын удирдлагууд төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоогоор капитал шингэсэн хүнд аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхийг оролддог байсныг шинэ удирдлагууд өвлөн хэрэгжүүлж, олон улсын эдийн засаг, Барууны эдийн засгийн онолд болгоомжтой хандаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг алгуур шинэчлэх зорилт тавихдаа микро шинэчлэлийг орон нутгаас эхэлсэн.
1970-аад оны сүүлээр хамтарсан фермерийн аж ахуйг өрхийн хариуцлагын тогтолцоогоор сольсон. Ингэснээр тариачдад бүтээгдэхүүнийг нь орлоготой холбож өгсөн нь тэдэнд урамшуулал болж өгсөн. Орон нутаг дахь шинэчлэлийн үр дүн мэдрэгдэж, хотын улсын үйлдвэрийн газруудад шинэчлэлийн эхний алхам болж, менежерүүдэд бүрэн эрх олгож, ашиг хуваах замаар компанийн орчин үеийн тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүний дараагаар төрийн бус өмчийн үйлдвэрийн газруудыг хөгжүүлэхэд хязгаарлалтыг сулруулсан. Хөдөлмөр шингэсэн секторууд дахь хувийн аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлснээр нөөцийн хувиарлалтыг сайжруулах, Хятадын эдийн засгийн хурдацтай бөгөөд тогтвортой өсөлтөнд ихээхэн хувь нэмэр оруулах боллоо. Хятад шинэчлэлийг хийхдээ шинэ сонгодог эдийн засагчдийн зааврыг дагаагүй тул улсын өмчийн үйлдвэрийн газруудыг хувьчилалгүй, нөөцийг зах зээл ба төлөвлөлт гэсэн хоёр сувгаар хувиарлаж байсан нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ хөл дээр босгож, гадны өрсөлдөөнөөс хамгаалах зорилготой байв. 
2.Олон улсын тусламж, зөвлөмж. Шинэчлэлийн эхний жилээс эхлэн дэвшилтэт технологиуд ба олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх, удирдах ур чадваруудыг сайжруулах зорилгоор 1978-2001 онуудад 6 тэр бум ам долларын тусламж авч, Хятад далайн эргийн бүсүүддээ олон улсын байгууллагууд болон OECD-н орнуудаас тусламж авч, дэд бүтцээ сайжруулсаны дараа 1990 оны дундаас тусламжийг буурай хөгжилтэй болон баруун бүсүүдэд чиглүүлсэн. 1985 онд Хятад, Дэлхийн Банктай Хятадын макро эдийн засгийн шинэчлэл нэртэй олон улсын бага хурал хийн, Хятадын засгийн газарт эдийн засгийн бодлогын төлөвлөлт ба хэрэгжилтийг хангах, орчин үеийн эдийн засгийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 
3.Гадаадын шууд хөрөнгө оруулалт. Капитал хомс Хятадын хувьд 1970-аад оноос хойш гадаадын хөрөнгө татах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын хувьд гадаадын хөрөнгийн дотогшлох урсгалын гол хэлбэр юм. Ажиллах хүчний илүүдэлтэй, хөрөнгийн хомсдолтой Хятадад гадаадын хөрөнгө оруулалт нь хүчин зүйлийн эрчимжилийг сайжруулах, аж үйлдвэрийн бүтцийг боловсронгуй болгох, менежмент болон технологийг дэвшлийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Япон, Өмнөд Солонгос, Сингапур гэх мэт хөдөлмөрийн хөлс өндөртэй орнуудтай  харьцуулахад Хятад харьцангуй давуу талтай болж ирсэнээр гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин хятадад шилжих болсон нь экспортоор тэргүүлэхэд гол нэмэр болсон. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Хятадын капиталын хуримтлал ба хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Хятадад бизнес хийх гадаадын компаниудад Хятадын компаниудад технологио хуваалцах шаардлага тавьж байсан бөгөөд хятадын компаниудад өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгосон.   
4.ДХБ-д элссэн. ДХБ-д элссэнээр Хятадын хувьд макро бодлогын орчний хүндрэлийг шийдвэрлэх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 
5.Юаний ханшийг барьсан. Хятадад амжиргааны өртөг бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад доогуур учраас ханшийг удирдах замаар төв банк нь америк доллартай харьцах юаны ханшийг тогтмол хянан, Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад Хятад барааг хямд байлгаж чадсан. 
1.4 тэр бум хүн амтай Хятад экспортоос хамаарах хамаарлаа бууруулах, зах зээлд суурилсан эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.