Wednesday, October 18, 2017

Гадаадын их сургуулиудаас мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?

Гадаадын аль нэгэн оронд сонирхож байгаа мэргэжлээрээ сурахыг хүсдэг болов ч чухам аль сургуульд мөрөөддөг мэргэжил нь байдаг талаар хүүхдүүд тэр бүр мэддэггүйгээсээ зуучлагчидад хандах нэгээхэн шалтгаан болдог. Нөгөө талаар гадаадын аль их сургууль тодорхой мэргэжил, хөтөлбөрүүдээр тухайлбал, архитектур, биологи, сэтгэл судлал, компьютер, бизнес, анагаах ухаан, олон улсын харилцааны чиглэлээр сургалт сайтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг талаар манайхан тэр бүр мэддэггүй. Тэгвэл та бүхэн илүү хялбар аргаар сургуулиудын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүдийг Times higher education, QS болон ShanghaiRanking, World university subject ranking-ээс олж мэдэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. 
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудын хөтөлбөрийг хэрхэн олох талаар Тайваний их сургуулиудын жишээгээр хамтдаа танилцая.
1.Бизнесийн шилдэг хөтөлбөрүүдийг хэрхэн олж болох вэ? Жишээ нь, US Best News, Times, ARWU, QS-ийн дэлхийн шилдэг 100 бизнесийн удирдлагын хөтөлбөрт одоогоор Тайваний нэг ч сургууль багтаагүй байгааг харж болно. QS-ийн цахим хуудаснаас subject of interest гэсэн хэсгээс business and management studies гэсэн хэсгээс сурахыг хүсэж байгаа орноо сонгоход шилдэгт багтдаг хөтөлбөрүүдийн жагсаалт гарч ирнэ. 
Дашрамд дурдахад гадаадад суралцаж буй оюутнуудын дийлэнх нь бизнесээр сурдаг гэсэн шүүмжлэл байдаг ч үнэндээ аль ч сургууль ашигaa биш юмаа гэхэд зардлаа бизнесийн хөтөлбөрөөрөө дамжуулан олдог учраас Тайваньд ч ялгаагүй их сургуулиудын 80% нь бизнесийн хөтөлбөртэй тэдгээрийн мөн л дийлэнх  нь англи хэлээр олон улсын хөтөлбөр нээн тодорхой тэтгэлэгүүдийг санал болгодог. Бизнесийн удирдлагаар сурах сонирхолтой хүмүүс голдуу гадаад оронд сурахыг эрмэлздэг, илүү сэдэл өндөртэй хэсэг нь бөгөөд англиас гадна, хятад, япон, солонгос, герман, франц, орос хэл ч өдгөө олон улсын бизнесийн гол хэлүүдийн нэг тийм учраас АНУ, Австрали, Тайвань төдийгүй хятад болон дэлхийн бусад орнуудад бизнесийн удирдлагаар сурах эрэлт өндөр байх нь дамжиггүй. Хятад ба англи хэлний аль нэгээр нь суралцах эсвэл хослуулан сурах, англи хэлээр суралцаж байгаа бол хятад хэл үнэ төлбөргүй сонгон сурах гээд Хятадад сурахын давуу тал бий. Тайваньд гэхэд эдийн засаг жижиг тул хэт нарийвчилсан хөтөлбөрүүд бага, бизнесийн удирдлагын ерөнхий хөтөлбөрүүдтэй бөгөөд сургуулиуд нь ч төрөлжөөгүй байхаас гадна бренд, маркетинг, санхүүгийн загварчлал гэх мэт төрөлжсөн хөтөлбөрүүд нь голдуу хятад хэлээр байдаг. Цөөн тооны сургуулиудад хүний нөөц, бренд, санхүү, бүртгэлийн англи хэлдээрх хөтөлбөрүүд байдаг ч, англи хэл дээрх хөтөлбөрүүдийн чанар маш доогуур байгааг хэлэх нь зүйтэй. 
Хятад төдийгүй, Тайваньд бизнесийн удирдлагаар суралцаж буй Монгол оюутнуудын 90% нь тодорхой тэтгэлэгтэй сурдаг болов ч дэлхийн шилдэгт багтдаг их сургуулиудын хөтөлбөрт тэр бүр орж сурахгүй байна. Учир нь дээрх хөтөлбөрүүдийн босго арай өндөр байгаагаас гадна, эдгээр сургууль элсэлтийн босго хангасан оюутнуудын маш бага хувьд нь тэтгэлэг олгодог. Тухайлбал Тайваний Үндэсний Их Сургуулийн MBA хөтөлбөрийн хагас семестер буюу 1 улирлын төлбөр 52000-143000 тайвань доллар буюу 4000000-11500000 төгрөг. Хятад, Тайваний менежментийн хөтөлбөрүүдийн нэг давуу тал нь мэдээж хятад хэлээс гадна Хятадын зах зээл, эдийн засгийн талаарх мэдээлэл, менежментийн арга барилын талаарх мэдлэгийг боломжийн өгдөг гэж боддог. Тайваний сургуулиудад төдийгүй дэлхийн бусад их сургуулиудад ч мөн адил иймэрхүү дүр зурагтай байгаа. Гэхдээ Times higher education ба QS-ийн шалгуурууд нь сургалт, судалгааны ажлын чанар, нэр хүндийг баримжаалдаг. Тэгвэл Financial times дэлхийн шилдэг бизнесийн 100 хөтөлбөрийг жил бүр зарладаг бөгөөд одоогоор Хятад, Тайваниас мөн л нэг ч их сургууль багтаж чадахгүй байгаа. Учир нь бизнесийн хөтөлбөрийн элсэгчдийн GMAT-ийн дундаж оноо, цалинтай дадлага хийх нөхцөл, төгсөгчдийн дундаж цалин гэх мэт үзүүлэлтээр баримжаа болгодог. Одоогоор Тайваньд элсэгчдээс GMAT-ыг заавал шаарддаг сургууль алга байна, сурах бичгийн арга барил бүхий сургалттай, олон улсын бизнесийн тэнхимд гэхэд стратеги, санхүү, бренд, экономикс, бүртгэлийн гээд өөр өөр салбарын багш нар нэг тэнхимд хамтран ажиллах бөгөөд салбартаа тухайлбал экономиксийн тэнхимд гологдсон багш олон улсын бизнесийн тэнхимд орж, өөрийн зааж байгаа онолоо амьдралдаа нэг ч удаа хэрэглэж үзээгүй, дорвитой бүтээлгүй, зөвхөн сургуулийн цалингаар л амьдардаг, мастерийн хөтөлбөрүүдэд нөгөө л бакалаврын арга барил, сурах бичгээр заах бөгөөд, бүр сонгон суралцах хичээлүүдийг бакалаврын оюутнуудтай хамт суралцана, Тайваний их сургуулийн багшийн цалин дэлхийн дунджаас доогуур тул дэлхийн шилдэг сургуулиудад доктор цол хамгаалсан багш ирэх сонирхол бага, төгсөгчдийн дундаж цалин дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад хамгийн доогуур, гадаад оюутнууд хятад хэлгүй бол англиар дадлага хийх боломж хомс, төгсөөд Тайваний зах зээлд ажиллах боломж тааруу. Онолын суурь мэдлэг олгодог гэдэг утгаараа Тайваний бакалаврын хөтөлбөр үнэхээр боломжийн байна. Харин MBA бол бакалавр биш тул дадлага бас хэрэгтэй. 
Хэрвээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн боловсрол тэр дундаа MBA зэрэг авахын тулд, өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаатай танилцах, удирдлагын арга барил, байгууллагын соёлтой нь танилцъя гэвэл хятад англи хэлийг В2 түвшинд эзэмшсэн байх, мэдээж Хятад, Тайвань болон бусад орны оюутнуудтай өрсөлдөх хэрэгтэй болно. Эс бөгөөс дэлхийн аль нэг хөгжингүй орнуудад сурахыг зөвлөж байна. 
2.Аль сургуульд инжинер, технологиор сурах вэ? QS-ээс эрхлэн гаргадаг дэлхийн их сургуулиудын инжинер, технологийн хөтөлбөрүүдийн чансааны 2018 оны шилдэг 500-д Хятадын 34 сургуулиуд багтжээ. Компьютерийн шинжлэх ухаан, эрчим хүч, робот, сансар судлал анагаахын технологиос эхлээд барилгын дизайн хүртэл инжинерийн зэргүүд нь олон салбартай бөгөөд инжинерийн зэргээр төгсөгчид дэлхийн аль ч улс оронд хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байна. Хятадын сургуулиудын инжинер, технологийн сургуулиудын зэрэглэл нь бусад салбаруудтай харьцуулахад дэлхийд хамгийн өндөрт жагсаж байгааг харж болохоор байна. Үүний илрэл нь дэлхийн их сургуулиудын чансааг тогтоодог мөн л QS болон Times higher education-аас гаргадаг зэрэглэлүүд юм. QS-ийн зэрэглэлээр Тайваний 40 гаруй их сургууль багтсан бол Times higher education-ийн зэрэглэлд 30 их сургууль багтсан байна. QS-ийн зэрэглэл нь сургалтын чанар, судалгааны бүтээлийг нь иш татсан байдалд ач холбогдол өгдөг бол Times higher education зэрэглэл нь төгсөгчдийн цалин, салбартаа олж буй орлого, инновацид ач холбогдол өгдөг. Тайваньдаа инжинер, технологийн салбарын төгсөгчдийн цалин өндөр болов ч, дэлхийн хөгжингүй бусад орнуудтай харьцуулахад доогуур байдаг.
Тimes higher education-ийн шилдэг 500 инжинер, технологийн хөтөлбөрийн зэрэглэл нь Computer Science & Information SystemsEngineering Chemical Engineering, CiviI & StructuralEngineering Electrical & ElectronicEngineering Mechanical, Aeronautical & ManufacturingEngineering Mineral & Mining гэсэн салбаруудаар нэгдсэн зэрэглэл гаргадаг. Мөн тус тусад нь гаргасан зэрэглэлүүдийг харах боломжтой.
Тайваньд инжинер, технологиор сурахын давуу тал юу вэ гэж асуухад хэрвээ хагас дамжуулагчийн чиглэлээр мэргэжвэл Тайваньд сурсны давуу тал тэр гэж Тайвань оюутнууд хариулдаг юм билээ. Хэдийгээр аль ч орны гадаад оюутнууд хятад хэлний бэлтгэл хангалтгүй ирдэг болов ч англиар сурах бичгээ уншиж ойлгодог, математик, физик гэх мэт шинжлэх ухааны хичээлүүдийн суурь сайтай, сурах чадвартай байдаг. Тиймээс англи, хятад хэлний суурь мэдлэггүй, инжинер, технологийн чиглэлээр сурах бэлтгэлээ хангаагүй, багшаараа шаардуулж хичээлээ хийгээд сурсан бол Хятадад сурна гэдэг үнэхээр хүнд. Хятадын сургуулиудын бакалаврын хөтөлбөрүүд голдуу хятад хэлээр, мастер ба докторын хөтөлбөрүүд англи хэлээр байх нь элбэг. Монголд бакалавр төгсөөд Хятадад мастер ба докторт сурахад амар биш хэдий ч Тайваний аль ч их сургуульд инжинер, технологийн хөтөлбөрт хамрагдан сурах боломж өндөр байна. 
3.Анагаах ухаан, эрүүл мэндийн шилдэг хөтөлбөрүүд
Лаборатори, тоног төхөөрөмжөөс эхлээд харьцуулбал, Монголын анагаахын шинжлэх ухаан төнөг төхөөрөмжөөрөө 20 гаруй жилээр хоцорсон, Хятадад гэхэд л жижиг хувийн сургууль Монголын улсын том сургуульд байдаггүй лабортартай гээд л сурах орчноос нь эхлээд л Хятадад эрүүл мэндийн шинжлэх ухаанаар сурч байгаа Монгол оюутнууд хэлдэг. Мэдээж эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, шинжлэх ухааны ололтууд, судлаачдын бүтээл, эмч нарын ур чадвар гээд Тайваньд анагаах ухаанаар сурахын давуу талыг нэрлэж болох юм. 
QS medicine-ийн шилдэг 450 хөтөлбөрт Хятадын 20 сургууль багтсан бол Тimes higher education анагаахын 500 шилдэг хөтөлбөрт нилээдгүй их сургууль багтан ороод байна. Улсын сургуульд сурдаг оюутнууд цөөн, хувийн сургуульд дийлэнх нь сурч байгаа бөгөөд голдуу мастерийн зэргээр суралцагсад голлож байгаа бөгөөд доктор, бакалавр маш бага байдаг ажээ. Нэг талаас докторын шалгуур арай өндөр, бакалаврт шалгуур нь боломжийн болов ч тэтгэлэг олох боломж маш бага байдаг нь мөн л тавих шалгууртай нь холбоотой. National Taiwan University-д нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг эс тооцвол анагаах ухааны сургуульд мөн л одоогоор сурдаг Монгол оюутан алга байна. National Cheng Kung University-д хэдэг Монгол оюутан эсэх нь тодорхойгүй, голдуу хувийн сургуулиудад сурч байна. 
Нийгэм-хүмүнлэгийн ухааны бусад шилдэг хөтөлбөрүүдийг дээрх зэрэглэлүүдээс харьцуулан харж болохоор байна. Тimes higher education нийгмийн ухааны шилдэг 400 хөтөлбөрт Хятадын багагүй  багтсан байна. Хүмүнлэгийн чиглэлээр National Taiwan University,  National Taiwan Normal гэсэн 2 сургууль багтжээ. 
АНУ гэх мэт орнуудад шилдэг хөтөлбөрүүдэд суралцахад доод тал нь IBT 80 онооноос эхэлж байгаа болов уу. Харин Хятад, Тайваний их сургуулиудад тэтгэлэгтэй суралцахад босго нь их намхан тул хүссэн сургуульдаа сурах нь боломжтой байдаг бөгөөд хэлний босго оноо тэр бүр шаарддаггүй. Тэгвэл Монгол оюутнуудын хувьд дээрх жагсаалтанд багтсан их сургуулиудад сурч байгаа болов ч, жагсаалтанд багтаагүй сургуулиудад олноороо сурч байна. Энэ нь нэг талаар дээрх шилдэг хөтөлбөрүүдэд багтсан сургуулиудын шалгуур ялимгүй өндөр болов ч нөгөө талаас мэдээллийн дутмаг байдалтай холбоотой. Тайваний аль ч их сургууль бакалавр, мастер ба докторын хөтөлбөрт хамрагдсан гадаад оюутнуудад боломжийн хирээр тэтгэлэг олгох зэргээр Тайваньд суралцах оюутнуудыг татахыг чармайж байна. Зарим сургуулиуд гадаад оюутанг төлбөрөөс чөлөөлөх, хэлний оноо шаардахгүй байдаг нь Монгол оюутнуудын хувьд олноор суралцах шалтгаан болдог нь нэг талаас сайн хэрэг болов ч нөгөө талаас сурах бэлтгэлээ хангаагүй оюутнууд тэтгэлэгээ үргэлжлүүлэн авахын тулд голч дүнгээ авч чадахгүйн улмаас тэтгэлэгээ алдах, улмаар санхүүгийн эх үүсвэргүй болох асуудал их гардаг тул бэлтгэлээ хангаж ирэх хэрэгтэй байна. 
Хятад, Тайваний их сургуулиудаар жишээ авсан дээрх мэдээлэлүүд мөн дэлхийн бусад орны их сургуульд сурч байгаа Монгол оюутнуудад хамаатай бөгөөд сургуулиа сонгоход туслах боловуу гэж найдаж байна. 
Амжилт хүсье. 

Хэрвээ та бүхэн Тайваньд сурах, аялах сонирхолтой бол Тайвань дахь Монголчуудын групэд нэгдэж сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл авна уу.
https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/