Sunday, March 17, 2013

Бизнесийн англи хэлээ хэрхэн сайжруулах вэ?

Хэдийгээр мэргэжлийн багш, орчуулагч биш хэдий ч надад гадаад хэл зааж байсан багш нарынхаа заах арга барилыг шингээн 2010-2012 онуудад олон улсын худалдаа, маркетинг, санхүүгийн англи хэлний сургалтыг явуулж, “Маркетинг, Менежмент, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Статистик, Экономикс”-ийн Англи-Монгол толь бичиг гаргаж байлаа. Сургалтандаа хамгийн багадаа 1000 үгийн сангийн хүрээнд уншиж, бичих чадвартай буюу англи хэлний анхан болон 2000-аас үгийн сангийн хүрээнд буюу дунд түвшний мэдлэгтэй суралцагчидад чиглүүлэн англи хэлээрх мэргэжлийн сэтгүүл, сурах бичгүүдээс өгүүлэл, онолын хэсгүүдийг авч өгүүлбэрийн бүтцийг нь дүрэмтэй тайлбарлан шууд прагматик байдлаар орчуулах дадал суулгахад оршиж байв.
Ингээд өөрийн бяцхан туршлага ба сургалтаас олж авсан ажиглалтандаа үндэслэн бизнесийн англи хэлээ сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд дараах бяцхан зөвлөмжүүдийг хүргэж байна.
  1. Чин зорилготой байх. Сурах чин эрмэлзлэлтэй зорилго тавих нь бизнесийн англи хэл сурах алхамдаа 50% ойртлоо гэсэн үг. Би ажлаа англиар тайлагнаж сурмаар байна хэмээн тодорхойгүй хугацаагаар хандах хэрэггүй. Харин, хийсэн ажлын үр дүнгээ англи хэл дээр илтгэх чадвартай болногэж хэлж сур. 
  2. Өөртөө дадал бий болго. Өдөр бүр, долоо хоног бүр англи хэлээр практик хийх арга замуудыг ол. Тогтмол хүчин чармайлт гаргах нь суралцах сэдэл ба дадлыг бий болгодог. Жишээ нь, өдөрт бизнесийн холбогдолтой нэг жижиг өгүүлэл толь бариад харьцуулан уншин долоо хоногт нэг удаа илтгэл тавин, долоо хоног бүр үйл ажиллагааныхаа тухай товч мэдээлэл бичиж болно.
  3. Өөртөө итгэлтэй бай. Үр дүнд хүрч чадна гэж өөртөө итгэсэн суралцагч илүү сурах сэдэлтэй байдаг бөгөөд сорилтот зорилтуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Тавьсан тодорхой зорилгоо хэрэгжүүлнэ гэдгээ нотол үгүй бол зорилгодоо хүрч чадна гэж өөртөө итгэх хүртлээ зорилгоо дахин эргэн хар. 
  4. Сурч байгаа зүйлдээ дуртай байх. Англи хэл сурч байхдаа илүү эерэг хандлагатай хүмүүс суралцахдаа илүү хүчин чармайлт гаргадаг. Хэрвээ англи хэл сурах хүсэлтэй болов ч, сурахаас бэрхшээдэг бол өөрийн хандлагаа эргэн харах хэрэгтэй. Бүтээлч байж, өөрийн мэргэжлийн дагуу, дуртай сэдвээ, дуртай номынхоо англи орчуулгыг уншин, боломж гарвал англи хэлээрх төрөл бүрийн клуб, лекцээс сонгон сууж болно. 
  5. Өгүүлбэрийн бүтцийг задлах. Эх сэдвийг унших явцад өгүүлбэрийн бүтэц, дүрмээр задлан, харьцуулж унших нь ихээхэн ач холбогдолтой. 2011-2012 онуудад манай блог дээр оруулсан санхүүгийн орчуулгын хичээлүүдтэй танилцаж болно. 
  6. Англи хэл дээрх бодит материалуудыг унших. Сурах бичиг, практик тестүүдээр англи хэлээ сайжруулах нь ач холбогдолтой хэдий ч, ТВ шоу, подкастууд, Ройтерсийн ярилцлага зэрэг унаган англи хэлтнүүдийн ярилцлагуудыг үзэх нь бодит амьдралын нөхцөлд хэрхэн харилцах, ойлгох чадварыг өгдөг бөгөөд хатуу тогтоосон сурах бичгээс хөгжилтэй сурах боломж олгодог. Сайн итгэдэг, бичдэг хүмүүсийн яриа ба бичлэгийн хэлбэр, бүтцийг ажиглан, суралцах. Бодит материалуудтай харилцсанаар хэлний ур чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.
  7. Суралцаж байгаа  хүмүүстэй нийлэх. Хэл сурах маш олон апп байдаг бөгөөд багшаас гадна хамт суралцаж байгаа оюутнууд суралцахад бас ихээхэн тус дэм үзүүлж байдаг.  Олон нийтийн цахим сүлжээгээр груп үүсгэн үр дүнтэй сурах арга барилаас хуваалцаж болно. Мэдэхгүй зүйлээ асуун, суралцахад маш ач холбогдолтой. Өнөөгийн цахим ертөнцөд бизнесийн англи хэлээ сайжруулахад ихээхэн амар болжээ. Гадаад хэл сурна гэдэг ихээхэн цаг хугацаа шаарддаг бөгөөд тэвчээртэй байж, бодит зорилго тавин, ярианы клубэд оролцох нь бизнесийн англи хэлийг сайжруулах үр дүнтэй арга юм.
Та бүхэнд амжилт хүсье.