Sunday, December 25, 2016

Хятад хөрөнгө оруулагчидтай хэрхэн хэлэлцээ хийх вэ?

Өдгөө Хятадын компаниуд гадаадын компаниудад хөрөнгө оруулах нь нэмэгдэх болсон нь Хятадын хөрөнгө оруулагчидтай давуу тал бүхий гэрээ байгуулахын тулд менежерүүдэд хэлэлцээрийн хэв маягын ялгаатай талыг олж харах, түүнд бэлтгэлтэй байх шаардлага урган гардаг тул Хятадын хөрөнгө оруулагчидтай хэрхэн хэлэлцээр хийх тухай товч дурдая. 
Сүүлийн жилүүдэд Хятад дэд бүтцийн төслүүд ба бөөний үйлдвэрийн нөлөөгөөр бий болсон хурдацтай өсөлтөөс хэрэглээний эдийн засаг ба тогтвортой аж үйлдвэрт суурилсан алгуур өсөлтрүү чиглэх болсон. Тухайлбал, Хятадын компаниуд шинэ технологиудыг бий болгох, хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх процесс эсвэл алдартай бренд, тогтвортой хөгжлийг дэмжихэд түлхүү анхаарч хөрөнгө оруулах боллоо. Үүний тод жишээ бол хүнсний салбар бөгөөд дунд болон өндөр орлоготой хятад хэрэглэгчид Хятадаас өөр орны чанартай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг. Иймээс хятадын компаниуд гадаадын хүнсний компаниудыг онилох болсон. Хятадын бүтээгдэхүүн нь чанартай хэдий ч, брендүүд нь дэлхийн зах зээлд танигдаагүй байгааг ойлгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брендтэй гадаад компаниудтай хамтрах сонирхолтой байдаг. Pearl River Piano Group Ltd хэмээх хятадын хамгийн том төгөлдөр хуур үйлдвэрлэдэг компани Хойд Америк ба Европын том зах зээлд баттай зогсох үүднээс Ritmüller-ыг худалдан авсан нь үүний тод жишээ. 
Иймээс Хятадын хөрөнгө оруулагчидтай үр нөлөөтэй хэлэлцээ хийх үүднээс менежер хүн юу мэдвэл зохих вэ?
Хэдийгээр Хятад хүн эвтэй байхыг эрхэмлэн зөрчилдөхөөс аль болох зайлсхийхийг эрхэмлэдэг болов ч, бусад соёлын өнцгөөс хятад хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхэд сөргөөцөлдөх тал үүсэхийг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө Хятад хөрөнгө оруулагчид давшингуй талдаа. Ялангуяа, эхлээд санал тавихдаа их хатуу, гар барихдаа гараа дээд талд нь тавих дуртай бөгөөд эцсийн шийдэлд хүрэх хүртлээ эв зохицол тийм ч чухал биш. Хэлэлцээ хийхдээ Хятад менежерүүд таныг нөхөр ч биш, хамтран ажиллаж байгаа хүн ч гэж үзэхгүй. Хятадын компаниуд бизнесийн ашиг сонирхолдоо хүрэхийн тулд хэлэлцээрийн ширээнд суудаг бөгөөд хэрвээ зорьсондоо хүрвэл урт хугацааны харилцаа нь эв зохицолтой гэж үзнэ.
Хятадуудтай итгэлцлийг тогтооход хугацаа хэрэгтэй. Хэлэлцээ хийж буй талууд ашиг сонирхол, байр суурийн талаар мэдээлэл хуваалцадаг бол хятадууд хэлэлцээрт хамтын итгэлцэлгүй гэсэн зарчмаар ханддаг талтай. Түүнчлэн хэлэлцээ хийхдээ өөрийн зүгээс олон асуудлыг тулган тавих атлаа нөгөө талынхаа ашиг сонирхлыг доогуур үнэлдэг. Шаардлагатай үед ач холбогдол багатай асуудалд буулт хийхэд бэлэн байдаг бол тэргүүлэх асуудалд хатуу байр суурь баримтлан янз бүрийн хувилбар санал болгон, хамгийн сайн шийдэлд хүрэх зохицуулалт хийдэг.