Tuesday, August 2, 2016

Хятадад анх удаа сурахад анхаарах зүйлүүд

Дэлхийд бодлогоо хүлээн зөвшөөрүүлэх үүднээс Хятадын засгийн газар асар их хөрөнгө зарцуулж байгаагын үрээр сүүлийн жилүүдэд Монгол оюутнууд Хятадад голдуу тэтгэлэгтэй сурч байна. Тэтгэлэгтэй сурахын тулд Хятад оюутнууд асар их шүүлтүүр давдаг бол Монгол оюутнууд их азтай гэж хэлж болох ч нөгөө талаар Хятадад сурна гэдэг нэг талаар амар биш. Ингээд  Хятадад анх удаа очиж сурах гэж буй та бүхэнд дараах зөвлөгөө өгье.
1.Соёл. Монгол оюутнуудын хувьд Хятадад соёлын цочролд орох нь бага хэдий ч  Хятад асар өргөн уудам нутагтай тэр хирээр муж, хотууд бүр янз бүрийн амьдралын үнэт зүйлс, хандлага, хөгжлийн түвшин, тав тух өөр. Хятадад хаана ч явсан ариун цэврийн цаас авч явах хэрэгтэй. Хяналтын камер хаа сайгүй, крантны болон нийтэд зориулсан цэвэршүүлсэн уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хүнээс их юмгүй учраас тэр дундаа томоохон хотуудад хувь хүний орон зай гэсэн ойлголт байгүй. Хятадад Монгол үндэстнүүд амьдардаг тул Монгол хүнийг ялгаварлах нь бага бөгөөд Монгол хүн Хятадад очоод царайны хувьд нэг их анзаарагдахгүй. Зарим тосгод гадаад хүнд хаалттай ханддаг байхад зарим томоохон хотууд маш нээлттэй. Хятадад хувь хүн, хувь хүний үнэт зүйл гэсэн ойлголт чухал биш агаад, Хятад оюутнууд багшийгаа их хүндэлдэг, бизнесийн ихэнхи хөтөлбөрийг эс тооцвол хичээл нь голдуу хэлэлцүүлэг гэхээс илүүтэй лекц хэлбэрээр өрнөх бөгөөд хувь хүний үнэт зүйл, сонирхол, таашаал тэр бүр чухал биш. 
2.Хятад хэл ихээхэн чухал. Хятад хэлгүйгээр хятадад сурч амьдарна гэдэг төсөөлөхөд бас л бэрх. Англи хэлээр хичээлээ үзэх бол Бээжин, Шанхай хотууд орчны хувьд боломж өндөртэй ч жижиг хотуудад тийм ч амар биш. Урт хугацаанд сурахаар төлөвлөсөн бол Хятад хэл сурах нь маш ач холбогдолтой. Хятад хэлний гэрчилгээ шаарддаг сургуульд таны түвшинг гэрчлэх оноогүй тохиолдолд эхний жилд хэлний бэлтгэлд суугаад 2 дахь жилээс үндсэн ангидаа элсэж болох боловч хавар нь түвшин тогтоох шалгалт өгөх ёстой. Шалгалтаа давахгүй бол тэтгэлэг цуцлагддаг. 1 жилийн дотор хичээлээ ойлгож, даалгавар хийх хэмжээнд хятад хэл сурах үндсэндээ боломжгүй. Гол нь суурь сайтай Хятадад ирэх шаардлагатай байж гэмээн 1 жилийн дотор шаардлагын хэмжээнд сурах боломжтой. Нэг жил зөвхөн хятад хэлний бэлтгэлд сууж байгаа тохиолдолд хавар нь хэлний шалгалтанд тэнцэж байж үндсэн зэргээр сурах эрхтэй байдаг тул маш богино хугацаанд ихийг амжуулах хэрэгтэй болдог. Хэрвээ HSK 1 буюу 150 орчим үгийн сангийн түвшний хятад хэлний мэдлэгтэй бол өөрийгөө товч танилцуулан, дэлгүүрээс худалдан авалт хийх л боломжтой. HSK 2 бол сургуулийн хотхонд зүг чигээ заалгуулах, цайны газраар үйлчлүүлэх мэдлэгтэй байдаг. HSK 3 буюу 600 үгийн сантай бол хичээлийн танхимд багшийн хэлж буй зүйлийн ерөнхий чигийг л ойлгоох боломжтой. HSK 4 бол өөрт тулгамдсан асуудлаа хэлж ойлгуулах, сурах бичгийг толь бариад ерөнхий санааг ойлгох чадвартай. HSK 5 бол лекцийг ерөнхийд нь ойлгохоос гадна, сурах бичгээ толь бариад бүрэн уншиж ойлгох, өөрийн санаагаа боломжийн илэрхийлнэ. HSK 6 бол Хятадад сурахад хангалттай бөгөөд цаашид өндөр түвшинд хүртэл хятад хэлээ сайжруулах боломжтой. Хятад хэл сурахад туслах дараах цахим хуудаснууд байна. www.chinese-tools.com, http://cctv.cntv.cn/lm/learningchinese/01/index.shtml   http://studymorechinese.com/    http://www.nciku.com/  http://hua.umf.maine.edu  http://iteslj.org  
Дараах холбоосоор хятадад байгаа хэлний курсүүдийг харж болно.http://www.mandarinhouse.cn/learn-chinese-in-china-university.htm. Хятадад хятад хэлийг сурахад дараах апп, цахим хуудсууд ач холбогдолтой. Ханзныхаа дуудлагыг мэдэхгүй бол зурах байдлаар Pleco App толь бичгийг ашиглах боломжтой. MDBG цахим хуудсыг орчуулгад төдийгүй үг хайхад ашиглах боломжтой. DeepL translator нь  google translater-с илүү нарийвчлалтай орчуулдаг. 
3.Олон нийтийн сүлжээний хэрэгслүүд ихээхэн хязгаарлагдмал. Facebook, Youtube, Twitter, Instagram, Whatsapp гэх мэт интернэт дэх олон нийтийн сүлжээний хэрэгслүүд хязгаарлагдмал байх агаад google-ийг Baidu, “WeChat” нь твиттерийг, фэйсбүүкийг “Ren Ren” орлохоор  Хятадууд зохиосон  байдаг. Хятад дахь Монголчууд VPN(Virtual Private Network)-р дамжуулан эдгээр сайтуудын блокыг гаргадаг утасны аппликэйшн хэрэглэдэг учир Хятадад зорчихоос  өмнө үнэгүй болон үнэтэй VPN-үүдийг утас болон компьютертээ суулгах хэрэгтэй. VPN-с гадна NordVPN, Surfsshield, Hotspot Shield-г хэрэглэх боломжтой. Хоорондоо харилцахад Wechat аппликейшнийг өргөнөөр ашиглахаас гадна мөнгө шилжүүлэх, хүлээн авахад ашиглах нь зардал багатай. Түүнчлэн зураг солилцох, мэдээлэл оруулах, дүртс дуудлага хийх, мэдээлэл авах, ном унших, кино үзэх, билет захиалах боломжтой. alibaba-н Amap апп-р байршил, хаяг олох боломжтой бөгөөд англи хэлээр бол Apple Maps хувилбарыг нь ашиглах боломжтой. Alibaba-Alipay апп-ыг Хятадад банкны данстай холбон QR code уншуулан төлбөр төлдөг. Taobao нь цахим худалдааны хамгийн том сайт бөгөөд барааг хүргэлтээр үйлчилдэг.  Хятадад CHINA UNICOM, CHINA MOBILE гэх мэт утасны операторуудын сүлжээнээс сонголт хийн дугаар авч болно. Дугаар авахдаа хэрэглээний багцаа сонгож болно. Тухайлбал, CHINA UNICOM 1 сарын 27 юань буюу хамгийн хямд багц бөгөөд 450 мб дата эрх, улс даяар 50 мин ярих эрх болон 50 мессейж эрх үнэгүй. Утасны нэгжийг зөвхөн Вичат эсвэл Алипэй-ээр цэнэглэдэг.  Baidu Map/百度地图/ аппаар метро, автобусанд суух, такси дуудахад хэрэглэдэг. 
4.Аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй. Хятадын их сургуулиудад өөр хэл, соёл бүхий орнуудын оюутнуудын хооронд зодоон гардагаас гадна хулгай, дээрэм тэр дундаа Өмнөд Хятадад багагүй гардаг тул дотуур байр болон сургуулийн хотхоноос гадуур явахдаа ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй. Мөнгө болон чухал бичиг баримтаа найдвартай газраа хадгалах, оюутны үнэмлэхээ биедээ байнга авч явна. Хятадад луйвраас сэргийлбэл зохино. Гадаадын иргэд Хятадад их хэмжээгээр бэлэн мөнгө авч явах, анхаарал болгоомжгүй байх, орчноо сайн мэдэхгүй байх нь луйварчдын олз болох шалтгаан болдог. тухайлбал, бохир мөнгө угаах үзэгдэл хятадад түгээмэл бөгөөд их хэмжээний мөнгөн дэвсгэр дотор хуурамч мөнгөн дэвсгэрт байх магадлалтай. Тэр дундаа 50 ба 100-ын дэвсгэртийг наандаж нимгэн байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. АТМ-ээс мөнгө авахдаа санаа зовох зүйлгүй. Харин жижиглэн худалдаа хийгчдээс мөнгөө хариулж авахдаа сайтар шалгах нь зөв. Хууль бус такси тэр дундаа Бээжингийн нисэх онгоцны буудал болон жуулчдын бүсэд жуулчдад асар өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний хөлсөө авахдаа хуурамч мөнгөөр хурдан сольж, мөнгө чинь хуурамч байна гээд буцааж өгөх тохиолдол байдаг. Тухайлбал хуурамч тоолуур ашиглах нь элбэг. Зөвшөөрөлтэй таксинд суухыг зөвлөж байна. Очих газар, буух буудал, гарцаа мэдэж байвал метро нь  илүү амар. Цайны газарт гэмгүй царайлсан охидууд тэр дундаа яриа өдөн ойртох бөгөөд идэж уусан зүйлээ төлөхгүй алга болох зэргээр асар өндөр үнэтэй төлбөрт унагаах тохиолдол байдаг. Зарим цайны газрууд үнэтэй зүйлээ шууд тулгаж үйлчилгээ үзүүлэх тохиолдол ч байна. 
5.Сурах чадвар чухал. ITP TOEFL эсвэл НSК-н оноо хуурамчаар гаргуулаад, сургуульд зуучлуулж ирээд тэтгэлэг авлаа гэхэд хичээлээ ойлгохгүй, даалгавараа хийж чадахгүй, шалгалтаа амжилттай өгдөг нь тийм ч олон биш, жил эсвэл улирал бүрийн голч дүнг харгалзан үзэж байж, тэтгэлэг сунгах эсэхээ сургууль шийдвэрлэдэг. Монгол багш шиг хичээлээ хийгээд өгөөч гэж Хятад багш нар гуйхгүй, шаардахгүй, хятад багш нартай харилцахад их бэрхшээлтэй тул Монгол оюутнууд ч мэрийхгүй, багш нар ч дуугүй байж байгаад л дүн тавчихна. Засгийн газар, муж хотын болон сургуулийн тэтгэлэгийн шалгуураа хангаж чадахгүй хасагдах тохиолдол Монгол оюутнуудын дунд цөөнгүй гардаг. Манайхан тэтгэлэг нь ямар бэ гэж асуухаас ямар сургууль, ямар газар, ямар орчинд сурах гэж байгаа, өөрт чинь тохирох хөтөлбөр, мэргэжил мөн үү гэдгээ өөрөөсөө асуулгүй, бусдын саналаар хаа хамаагүй ямар ч оюутанг авахад бэлэн сургуульд зуучладаг тул сурахдаа мэрийдэггүй. Зуучлагч байгууллагууд нь Хятадад сурч байсан нь ховор, мэдээллийг ч хангалтай өгөх чадваргүй. Хүлээн авч буй сургууль нь гадаад оюутнуудад чиглүүлэх мэдээллийг тэр бүр өгдөггүй.Энд хэн нэгнээс хуулах, аргалах, мэхлэх, найрах тэр бүр боломжгүй. Хятадын их сургуулиудад хятад хэлээр суралцах тийм амар зүйл биш. Багш хятадаар ярина, унших материал, гэрийн даалгавар, шалгалт дандаа англи хэлээр байх нь бий. Нэг хичээлээр л гэхэд л 800 гаруй хуудастай зузаан ном өгнө. 1 улиралд доод тал нь 3 боть ном үзэх шаардлагатай болно. Ойлгохгүй зүйлээ Хятад хүүхдээс асууяа гэхээр хэлж буй зүйлийг нь ойлгохгүй, оюутнуудыг сурлагаар нь жагсаадаг тул сэтгэлээсээ туслах нь юу л бол. Монгол хүүхдүүд нийлээд сагс тоглоод байдаг хирнээ нийлээд хичээлээ давтахаа мэдэхгүй, уруу татах, цаг нөгцөөх, тоглох нь их, хэн нэгнээсээ асууя гэтэл бас л өөртэй нь адил бэрхшээлтэй, ингээд л хэл соёлоороо гадуурхагдаад ирэхээр нийлээд хэрэг төвөгт орооцолдоход хүрнэ. Сургуульд өрөө материалаа бүрдүүлээд суралцах эрхээ авч чадахгүй бол их сургуульд сурах бэлтгэл чинь хангагдаагүй байна гэсэн үг. Их сургуульд сурах чадвартай байхын тулд хэлний шалгалтаа хамгийн түрүүнд давах хэрэгтэй. Огт суургүй байгаад 1 жилийн дотор хичээлээ ойлгох хэмжээнд хятад хэл сурна гэдэг дийлэнх оюутнуудын хувьд бас л эргэлзээтэй. Хэлний шалгалтаа давахгүй бол тэтгэлэгийг нь бас л зогсооно.Хятадад сурах гэж байгаа бол өөр хэл соёлын орчинд дасан зохицох чадвартай байхаас гадна сайтар бэлтгэлтэй ирэх шаардлагатай болдог. Мэдээж бүх оюутанд дээрх бэрхшээлүүд тулгардаггүй ч дөнгөж ахлах сургуулиа төгсөөд ирж буй хүүхдүүдэд дийлэнхдээ тулгардаг гэдгийг хэлье.Хятадад суралцахад шаардах эрүүл мэндийн бичиг ба даатгал.  
6.Эрүүл мэнддээ анхаар. Хятадад суралцах бол сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй эрүүл мэндийн бичиг / Physical Examination Record for Foreigners/ шаарддаг. Уг бичгийг Монголд хийлгэсний дараа суралцах сургуулийн оршин байгаа харъяа эмнэлэгт дахин шалгуулж үзлэгт орно. Хятадад анх ирж буй гадаад оюутан 400-500 юань өөрийн зардлаар төлж үзлэгт хамрагдаx ба зүрх, уушиг, элэгний В, С вирус, ДОХ, сүрьегийн шинжилгээ хийлгүүлэх ба цусны шинжилгээгээр  В, С эсвэл өөр халварт өвчинтэй бол тэтгэлэгийг цуцлан буцаадаг тул Монголд бүх шинжилгээгээ үнэн зөвөөр өгөх хэрэгтэй. Засгийн газар, муж, хотын тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг Хятадаас хариуцдаг бол өөрөө төлбөрөөрөө сурч байгаа бол оюутан ойролцоогоор 600-800 орчим юань төлнө.
Хятадад оюутан болсны дараа эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага гарвал даатгалын компани руу залгаад, эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ илэрхийлээд паспортын дугаар, овог нэрээ бүртгүүлнэ. Ингээд дугаар авч үйлчилгээ авна. Эмнэлэгт хэвтэхэд заавал 3 болон түүнээс дээш ортой өрөөнд хэвтэн эмчлүүлэх, өдөрт 600 юанийн эмчилгээ үйлчилгээ авах, хамгийн ихдээ хагалгаанд ороход 2000 юанийн зардлыг даатгалын компани даах ба үйлчилгээгээ авахаас өмнө даатгалаа хэрэглэх боломжгүй бөгөөд төлбөрөө зардлаасаа төлж эмчилгээгээ хийлгээд эмнэлгээс гарахдаа бүх төлбөрийн баримт, өвчтөний түүх, паспортын хуулбарын хамт даатгалын компани руу явуулсны дараа даатгалын компани өөрсдийн төлбөл зохих мөнгийг ажлын 20 хоногт данс руу шижлүүлнэ, 45 хоногын дотор даатгалын компанид бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй бол мөнгө шилжүүлэхгүй, урьд нь өвдөөд л ирсэн юм аа даа гэх мэтээр өндөр үнэтэй, тусгай үйлчилгээнд даатгал үйлчилдэггүй тул эрүүл мэндийн даатгалд бүрэн найдах боломжгүй. Биеэ сайн бодохгүй бол ер нь хэцүү, бүх эм нь хятад хэлээр, өвдөөд хэвлтээ гэхэд асарч туслах хүн байхгүй, эмч нар нь хятадаар ярих нь бага, үзүүлээд бичиж өгсөн эм нь их үнэтэй,ургамлын гаралтай эм их хэрэглэдэг учир ойр зуурын ходоод гэдэсний, ханиадны, толгой өвдөхөд хэрэглэх бага сага эм аваад ирэхэд болно. Монголд байхад ер нь ханиад хүрлээ, халуурлаа гээд сармис эсвэл сонгинотой үхрийн махан шөл уугаад 2 хоног гэртээ байхад эдгэдэг л байсан, толгой, өвдлөө унтаад босоход зүгээр л болчихсон байдаг. Гэтэл энд эм л уухгүй бол эдгэдэггүй, эмнээс л салахгүй болох шинжтэй тул спортын талбай хаа сайгүй байдаг учраас дасгал сургуулилт сайн хийх хэрэгтэй шүү.  Доорх хавсралт бичгийг татаж аваад 1-р эмнэлэг болон Халдвартад албан ёсны хятад болон англи хэл дээрх маятыг бөглөж тамга даруулах ба үүнд зүрхний бичлэг, цээжний зураг, ДОХ, БЗХӨ-ний дэлгэрэнгүй шинжилгээг хавсаргах ба  визад ороход шаардлагагүй бөгөөд эх хувиа сургуульдаа бүртгүүлэхдээ өгнө. Хятадад очоод зөвхөн цусны шинжилгээг төлбөртэй өгнө. Доорх хавсралт бичгийг татаж аваад 1-р эмнэлэг болон Халдварт, эсвэл аймаг, дүүрэг, сум дундын болон хувийн эмнэлэгүүдэд албан ёсны хятад болон англи хэл дээрх маятыг бөглөж тамга даруулсан байна. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас

7.Сургуулиа сайн судал. Хятадад ирэхээс өмнө сургуулийнхаа цахим хуудаснаас шаардагдах бүх мэдээллийг авах ёстой. Үүнд хаана аль хотхонд нь хүрч очих, тухайлбал зарим сургууль 2-оос дээш газар кампустай байх бөгөөд аль кампуст нь очих, хэрхэн бүртгүүлэх, юу авч явах ёстой байдаг, дүрэм журам нь ямар болох гэх мэтээр судалгаа хийнэ.
8.Зуучлалын агентууд, хувь хүмүүс. Зуучлалын агентууд болон бусад эх сурвалжаас буруу мэдээлэл авсны улмаас санхүүгийн ямар нэг эх үүсвэргүйгээр Хятадад ирж буй оюутнууд Хятадад ажил хийж, сургалтын төлбөр болон бусад зардлаа олох ямар ч боломжгүй. Ийм учраас суралцахыг сонирхож буй сургуулийн цахим хуудас болон цахим шуудан эцсийн хариу, үнэ зөв мэдээлэл болох учиртай тул хэн нэгний хэлсэн ярьсан зүйл баттай баримт болох албагүй.
9.Дүрэм журам хатуу. Жолооны үнэмлэхгүйгээр мотоцикль унахыг хориглодогоос гадна асуудал үүсгэвэл асар их торгууль төлөх эсвэл сургуулиас хөөгдөх хүртэл шийтгэл хүлээдэг гэх мэтчилэн хууль дүрмийг чанд баримтлах шаардлагатай болдог. Өөрийг чинь чанга шийтгэсэн эсвэл өөрт ноогдуулсан заалтын талаар гомдолтой бол сургуульдаа хандаж дахин тодруулах эрхтэй.
9.Хятадын соёлыг заавал сурах үүрэгтэй. Хятадын засгийн газар гадаад оюутныг сургахтай холбоотой нэгэн шинэ журам энэ оны 7-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр боловсруулсан бөгөөд тухайлбал 25-р зүйлд боловсролын агуулгад Хятадын уламжлалт соёл, заншил, үзэл санаа, үндэсний оюун санаа, хууль, дүрэм журамтай холбоотой зүйлсийг заахыг үүрэг болгоод байна. 
10.Цаг агаар. Хятад өргөн уудам газар нутагтай тул цаг агаар харилцан адилгүй агаад хойд зүгрүүгээ илүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн байдаг бол өмнөд зүгрүүгээ өвөлдөө жиндүүвтэр, зундаа бүгчим, өвөлдөө жиндүүвтэр тул ямар ч хувцас хэрэгтэй. Өмнө зүгийн нутгууд өвөлдөө дулаан талдаа тул сургуулиудын байруудад халаат байхгүй тул өрөөндөө суухад даарах тул эсгийн углааш аваад явахад илүүдэхгүй. Мэдээж зарим сургуулиудын дотуур байр өрөөндөө агааржуулагчтай байдаг бол заримд нь байдаггүй, зарим сургуулийн дотуур байрны шал паркетен байхад, зарим нь плитагаар байдаг. Бас байнга бороо ордог чийг ихтэй өмнө зүгийн хотуудад ор хөнжлийн даавуу чийг татах тул нимгэн одеялон хөнжил, ноолууран цамц авч ирэхэд болно. Иймээс очихоосоо өмнө сурах гэж байгаа сургуулийнхаа байрладаг хот, мужийн цаг агаарыг судлах хэрэгтэй. 
​​​​​​11.Ачаалал даах чадвар чухал. Хятадын их сургуулиудад бие даах чадвар маш сайн байх ёстой бөгөөд унших материал ихтэй тул ачаалал даах чадвар маш чухал. Мэдээж аль нэг хэлний мэдлэг их чухал хэдий ч Монгол оюутуудын дутагдал бол бие даах чадвар бөгөөд Хятад багш багш хэзээ ч шахаж, шаардахгүй. Бүх зүйл өөрийн чинь зохион байгуулалт, хөдөлмөрөөс ихээхэн хамаарна. Бакалавраар суралцах гэж буй оюутны хувьд эхний 1-2 жил амаргүй жил байдаг. Анх удаа оюутан болж буй хүний хувьд англи болон хятад хэлээр мэргэжлийн сурах бичиг, багшийн лекцийг эх хэлний сэтгэхүйгээрээ ойлгоход бэршээлтэй талууд ажиглагдсан. Иймээс эхний ээлжинд ядаж мэргэжлийнхээ толь бичиг, эхний 1 жил үзэх сурах бичгийг монгол хэлээр аваад явахад илүүдэхгүй. Ихэнхи сургууль жил бүр оюутныг үнэлж, дүгнэж байж тэтгэлэгээ үргэжлүүлэн олгон эсэхээ шийдвэрлэдэг.
12.Хоол хүнс. Бээжин  гэх мэт хойд зүгийн хүмүүс мах, давс ихтэй хоол иддэг байхад өмнөд зүгийн нутгуудаар Монгол оюутнуудад идэхэд хэцүү, амт үнэтэй хоолнууд их байдаг. Маш их халуун ногоотой, мах огт байхгүй хоол хэрэглэдэг газар ч байна. Хамгийн чухал нь сургуулиа сонгохоос өмнө сайн судалгаа хийх хэрэгтэй. Ихэнхи байруудын эрүүл ахуй зэрэг шалтгаанаар крантны уснаас ууж болдоггүй, шүдээ ч угаадаггүй, ундны усаа худалдаж авч уух ба том 20 литртэй баллонтой ус гэхэд уднджаар 8 юань байдаг. 
13.Авч ирэх зүйлс.  Монголын аль нэгэн банкны олон улсад гүйлгээ хийх эрхтэй ам долларын болон union pay карт нээлгэвэл зүгээр, шимтгэл, үйлчилгээ зэргээрээ нэг их ялгагдахгүй тул, аль ч банкных байж болно. Тухайн карт руу доллараар тооцож монгол төгрөг хийж болох бөгөөд банк тухайн өдрийнхөө долларын зарах ханшаар бодох ба хятадад олон улсын картаа хэрэглэн АТМ-ээс юань гаргаж авах бол тухайн хятад банкны тухайн өдрийн доллар авах ханшаар тооцож гүйлгээ хийх ба гүйлгээ хийсний шимтгэл нэмж тооцно. Хэрэв монгол банкны олон улсын карт авч явж байгаа бол тухайн картнаасаа хятад АТМ ашиглан мөнгө авахдаа бүх мөнгөө нэг дор авах нь зүйтэй. Учир нь 10 юань ч 1000 юань ч авсан гүйлгээ хийсэн банкны шимтгэл адилхан байх болно. ICBC, ABC гэх мэт түгээмэл банкнуудын карт нээлгэж болно. Учир нь эдгээр банкнуудын АТМ олдоц сайтай. Карт нээлгэхээр очиход заавал хятад утасны дугаартай болсон байх шаардлагатайгаас гадна утсандаа тухайн банкныхаа мобайл мэссэж үйлчилгээ нээлгэх хэрэгтэй. Сар бүрийн үйлчилгээний хөлс нь 3 орчим юань байдаг бөгөөд сар бүрийн тэтгэлэг орсон эсэхийг шалгах боломжтой. Засгийн газрын тэтгэлэгт оюутан бол BANK OF CHINA-д карт нээлгэх хэрэгтэй. Нээлгэсэн дансны мэдээллээ тэтгэлэг хариуцсан багшдаа өгөөд энэ картандаа сар бүр стипендээ хүлээн авна. Монголоос Хятад руу гүйлгээ хийсний шимтгэл гээд 20-30 юань авдаг бол Хятадаас Монгол руу бараг шимтгэлгүй байдаг. Монголд худалдаалагдаж байгаа ор хөнжлийн даавуу Хятадаас голдуу орж ирдэг бөгөөд үнийн хувьд төдийлөн ялгагдахгүй тул авч ирэх хэрэггүй. Харин зарим сургууль шинэ ор хөнжлийн даавуу, хөнжил, гудас өгдөг. Өөрөө Хятадад худалдан авах бол дунджаар 350 юань байна. Хувцас хунар ч мөн Хятадад худалдаж авч болно. Ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг хятадад авч болох хэдий ч шүдний оо, шампунь зэрэг нь тохирохгүй байна гэдгийг сонсож байсан. Зарим олдоц багатай байж болох зүйлсийг супермаркетүүдээс авч болно. Шүд шарлах нь бага тул ундны баллонтой усаар угаавал шүд шарлах нь бага. Хэрэглээд дассан эм тангаа аваад явбал зүгээр. Сарын тэтгэмж шууд буухгүй тул 2000 орчим юаны 1-2 сарын хэрэглээний мөнгөтэй ирэх хэрэгтэй. Мэдээж, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг, байрны барьцаа, аяга тавагнаас эхлээд зардал гарах учир энэ бүгдийг тооцсон байх ёстой. Онгоцоор нисэхэд 20 кг ачааг хилээр төлбөргүй гаргах учир өөрийн хэрэглэж дассан зүйл, ор хөнжлийн давуу зэргээ ч авчирч болно. Гэхдээ хилээр гаргадаггүй барааны жагсаалт гэж бий. Оруулсан постыг хараарай. 
14.Сургуулийн хотхон тайван. Сургуулийн хотхоноос гадуур бохир нийтийн 00, заваан газрууд, хөглөрсөн хог, түгжрээтэй зам, луйвар залилан, хулгай дээрэм, гадаад хүмүүст  дургүй хандах хандлага ажиглагддаг тул шаардлагагүй бол сургуулийн хотхоноосоо дандаа гарах шаардлагагүй. Сургуулийн хотхонд хаа сайгүй хяналтын камер байрлуулсан байхаас гадна шаардлагатай тохиолдолд дараах дугааруудад дуудлага өгч болно. 
Цагдаа: 110
Галын дуудлага 119
Түргэн тусламж: 120
15.Сургуульдаа хүрч очихдоо. Анх удаа сургуулиа олж очих гэж буй бол таны цахим шууданруу сургуульруугаа хэрхэн хүрэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байх ёстой. Хэрвээ ирээгүй бол сургуульруугаа цахим шуудан илгээгээрэй. Нэг бол та элсэн суралцах урилга авсан сургуулийнхаа цахим хаягруу нь нэвтэрч сургуульдаа хэрхэн хүрэх тухай мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой. Зарим хүүхдүүд ийм мэдээлэл ирээгүй, алга байна гэдэг ч үнэхээр сургууль шиг сургууль бол ийм мэдээлэл заавал байх ёстой. Жишээ нь Tsinghua их сургууль гэхэд цахим хуудсныхаа International Students Office буландаа  сургуульдаа  ирэхийн өмнө виз хэрхэн мэдүүлэх, ямар материал бүрдүүлж авч ирэх, эрүүл мэндийн шинжилгээг хэрхэн өгөх, дотуур байранд хэрхэн орох гээд бүхий л мэдээллийг өгсөн байна. Жишээ нь Хятадад ямар дарааллаар сургуульдаа хүрч очих вэ гэдгийг 
a.Виза мэдүүлэхдээ өөрийн орон дахь Хятадын элчин сайдын яаманд 6 сараас дээш сурах бол Х1, 6 сараас доош сурах бол Х2 виз мэдүүлэхдээ суралцах урилга, визний маягт болон бусад бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Х1 визатай оюутан Хятадад ирээд мөн эрүүл мэндийн шинжилгээнд заавал хамрагдана. Өмнө нь Хятадын сурах виз хэрхэн хүсэх тухай өмнө нь дэлгэрэнгүй бичсэн тул шаардлагатай бол өмнөх постыг уншаарай. 
b.Дотуур байрыг Хятадад ирэхээс өмнө хүсэлтээ гаргадаг бөгөөд суралцагчийн хүсэл сонирхолд тэр бүр нийцүүлэх боломжгүй байх агаад захиалгаа онлайнаар бөглөн төлбөрөө бас төлдөг ажээ. Сургуулийн хотхоноос гадуур буюу дотуур байрнаас гадуур амьдрах бол заавал зөвшөөрөл авдаг бол гэрийн бүлийн хүнтэйгээ хамт амьдрах бол сургуультайгаа урьдчилан зөвшилцөх хэрэгтэй. Ингээд та бүхэн дараах холбоосоор сургуульруугаа хэрхэн хүрэх, ямар бичиг баримт бэлдэж очихийг харж болно. 
c.Онгоцны буудлаас анх удаа сургуульдаа хүрэх шаардлагатай бол хууль ёсны зөвшөөрөл бүхий нэгдсэн тэмдэг, өнгө бүхий таксинд суухыг сургуулиуд зөвлөдөг. Тухайлбал Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас Цинхуа ороход 35 км зам туулах ба 120 юаны зардал гарна. Хүсвэл автобусанд суух боломжтой ба заавал дамжих ёстой болдог бөгөөд зардлын хувьд ч арай хямд байдаг. 
d.Сургуулдаа ирж бүртгэл хийлгэсний дараа IC картаараа төлбөр тооцоо хийх боломжтой байдаг тул Хятадын банкинд данс нээлгүүлэх ёстой байх бөгөөд үүгээрээ төрөл бүрийн төлбөр тооцоо хийх боломжтой. 
e.Х1 виза нь 30 хоногын дотор хүчинтэй бөгөөд Хятадад ирсний дараа хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ. Оршин суух зөвшөөрөл хүсэхдээ сургуулынхаа гадаад оюутны албанд бүртгүүлэн эмнэлгийн даатгал болон хэрвээ төлбөрөө өөрөө төлөх бол сургалтын төлбөрөө төлж, сургалтын албанаас визны өргөдөл авч визний асуудал эрхэлсэн холбогдох агентад өгнө. Өөрийн сурах гэж буй сургуулийнхаа цахим хуудсаар орон дотуур байр, банкны үйлчилгээ, хичээлийн бүртгэл, цайны газар, интернэт, хичээлээ сонгох, эмнэлгийн үйлчилгээ, утас, сургуулийн журам, дүнгийн үнэлгээ гээд өөрт хэрэгтэй мэдэхийг хүссэн бүхий л үйлчилгээг авч болно. 
16.Хүүхдийн хамтаар суралцахаар явж байгаа бол. Сургуульдаа очоод визэндээ орсны дараа хүүхдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлэг авсан оюутнуудыг харьяалах сургууль нь эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бол хүүхдийг нь хамруулдаггүй журамтай. Ус, хоол хүнс, цаг агаар зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хятадад очсоны дараа хүүхэд шинэ орчинд дасахын тулд багагүй хугацаа зарцуулдаг.  Нялх хүүхдэд  农夫山泉 гэсэн бичигтэй хүүхдийн ус хэрэглүүлбэл зохино. Хүүхэддээ нэмэлт тэжээл өгдөг бол эхний удаа Монголынх арай зохимстой. Хүүхдээ харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд бүртгүүлж, эх хүүхдийн эрүүл мэндийн гарын авлага авах ингэснээр хүүхдээ вакцинд үнэгүй хамрагдуулах, тогтсон саруудад ерөнхий үзлэг хийлгэх болон цусны ерөнхий шинжилгээ зэргийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Эрүүл мэндийн төвийн ойролцоо хүүхдийн вакцины төв байх бөгөөд вакцины цахим бүртгэлд бүртгүүлж, вакцины ногоон дэвтэрээ авна. Уг дэвтэрийг дагалдан вакцины тайлбар ном ирэх бөгөөд үүнд вакцины тухай дэлгэрэнгүй тайлбар байх болн
17.Өөрийн сургуулийнхаа дотоод журам, хичээл сонголт болон бусад асуудлын талаар цахим хуудас болон суралцах гарын авлагаас нь тодорхой мэдээлэлтэй ирсэн байх хэрэгтэй. Хятадад анх ирэхэд юу авч ирэх, ямар материал бүрдүүлж ирэх, сургуульдаа хэрхэн хүрч очих, бүртгэл хийх зэрэг мэдээллийг өмнөх постууддаа дэлгэрэнгүй байрлуулсан тул харж болно. Сургуульдаа анх ирэхдээ ямар бичиг баримт авч ирэх ёстой вэ? Гол бичиг баримтаа хамгийн багадаа 2 хувь бэлдэж, хятад хэлрүү орчуулсан байх шаардлагатай. Үүнд Элсэн суралцах эрхийн бичиг(хуулбар), Хятадад сурах визаны өргөдлийн маягт(JW201/JW202 маягт) (эх хувиар), Хэрвээ өөрөө төлбөрөө төлөх бол төлбөр, Хамгийн багадаа 2 хувь цээж зураг, Эрүүл мэндийн шинжилгээний бичиг ба цусны шинжилгээний бичиг(шаардлагатай бол эх хувиар), Гэр бүлийн гишүүдийн гадаад паспорт, виз, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэрэг нь Хятадад сурахаар ирэхдээ авч ирэх чухал бичиг баримтууд юм. Сургуулийн дүнгийн жагсаалт, банкны тодорхойлолт, багшийн болон ажил олгогчийн захиаг шаардлагатай үед зарим сургууль шаарддаг.
Хятадад суралцаж буй Монгол оюутнуудад тулгардаг түгээмэл бэрхшээлүүд  
Хятад боловсролын экспортоороо дамжуулан бодлогоо хүлээн зөвшөөрүүлэх үүднээс гадаад оюутнуудад бүхий л бололцоогоороо гар сунгах болсон нь Хятадад сурах Монгол оюутнуудын тоог эрс нэмэгдүүлсэн нь сайн талтай ч хэл соёлын өөр орчинд сурна гэдэг гэр орон, ойр дотныхноосоо хол, өөр хоол хүнс, цаг агаар, ахуй орчинд сурч хөдөлмөрлөх шаардлагатай тул их тэвчээр шаарддаг.Хятадад тэтгэлэгтэй суралцах эрх авлаа л бол ихэнхи хүүхдүүдийн сэтгэл нь ханачихдаг. Эцэг эхчүүд ч үр хүүхдээ сайхан газар ном сурах нь гэж ойлгодог. Энд сурахаар ирсэн л бол дөнгөж л эхэлж байгаа нь тэр.
Сургуулиасаа хасагдсан зарим хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлэл нь унтарч, өөртөө итгэлгүй болж байгаа нь харамсалтай. Тэдний дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байгааг эцэг эхчүүд анхааралдаа авууштай. Хятад хэлээр суралцаж буй бакалаврын суралцагчдийн дийлэнх нь тэтгэлэгээ алдах, хасагдах эрсдэл өндөртэй байдаг нь дээр өгүүлсэнчлэн хэлний бэрхшээлээс гадна сурах чадвар, зорилгоо ухамсарлаагүй байгаатай үндсэндээ холбоотой.
Ямар ч сургуульд элсэн суралцах боломж дүүрэн байхад өндөр үнээр зуучлуулаад хасагдах эсвэл тэтгэлэгээ алдаж байгаа бол хэний буруу вэ? Манай зуучилж байгаа сургууль дэлхийн шилдэг их сургуулийн нэг нь, ажил хийх боломжтой, ирээд өөр сургуульд шилжих боломжтой, 1 жилийн дотор хэлээ сураад тэтгэлэгээ үргэлжлүүлээд 4 жил тэтгэлэгтэй сурах эрхтэй гэх мэтчилэн өрөөсгөл мэдээлэлд хууртагдаж ирсэн маш олон хүүхдүүд бий. Хятад хүмүүс өөрсдөө ч ажил олоод хийх боломж хомс байхад гадаад оюутанд ямар ажил олдох вэ, олдлоо ч хуулиараа гадаад оюутанд ажил хийх зөвшөөрөл өгдөггүй. Хятадад ирээд амилтгүй сурах бас нэг шалтгаан нь зуучлуулсан байгууллагаас буруу ташаа, хангалтгүй мэдээлэл авч ирсэнтэй шууд холбоотой. Зуучлуулсан бол ядаж хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй. Хэлний шалгалтыг өөрийн чадлаар давах чадвартай болтлоо их зүйлд суралцдаг. Мэдээж инжинер, менежментээр сурах бол математик сайн байх хэрэгтэй. Нэг зүйлийг дурдахад Хятад бол Хятад хэлтэн орон учраас англи хэлээр сурна гэдэг бас бэрхшээлтэй, англи хэлний ярианы орчин байхгүй тул ихээхэн өрөөсгөл байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Гадаад оюутан ба хятад оюутанг хамт дотуур байранд байлгадаггүй тул Монгол оюутанд ярианы чадвар дутмаг байх нэг нөхцөл болж байна. 
Эрүүл гарсны дараа эрүүл мэндийн шинжилгээний хариугаа тухайн байрлаж буй газрынхаа харьяа цагдаагийн газрын хаяг байршлийн тодорхойлолтын хамт Хятадад байнгын оршин суух зөвшөөрөл /Residence Permit/-ийг авна. 
Сургуульдаа газраар хэрхэн хүрч очих вэ? 
Удахгүй Хятадыг зорих гэж та бүхэнд газраар болон агаараар Хятадруу, сургуульдаа хэрхэн хүрч очих, явахын өмнө юу авч очсон байх, юуг урьдаас бэлдсэн байх, анхаарах зүйлсийн талаaр туршлагаа хуваалцая. Хэрэв ачаа ихтэй, эсвэл Монголд ойр хот, мужуудад сурдаг бол газраар дамжаад явах боломжтой.
1.УБ-Шанхай чиглэлд явах төлөвлөгөөтэй байгаа бол Улаабаатараас - Эрээн чиглэлд 55'000-аар автобус 10 цаг орчим, Эрээн - Бээжин унтлагын автобус  1 талдаа 200 юань орчим, 10 цаг орчим, Бээжин - Шанхай хурдны галт тэрэг – 553 юань 6 цаг орчим эсвэл нэг хувилбар нь вагоноор замын үүд 21000 төгрөг, Замын үүдээс Бээжинрүү автобусанд 220 юань нэг талдаа
2.Улаанбаатар-Бээжин орох бол Замын үүд-Бээжин маршрут байх ба УБ-аас Замын үүд 20800, Замын үүдээс Бээжинрүү 220 юань бөгөөд Эрээний вокзалд буухаар Бээжин явдаг унтлагын автобусууд байдаг.
3.Бээжин-Шанхай явах бол Бээжин Шанхайн хурдан галт тэрэгний билет Бээжингийн урд вокзал дээрээс явахаасаа өмнөхөн авна. 30 минут тутам явна. 550 юань, 5 цаг явна. Гэх мэтээр Бээжин эсвэл Шанхайгаас бүх хот, мужруу агаараар болон газраар хүрэх боломжтой. Лавлаж харах боломжтой https://www.qunar.com/
4.Хүсвэл УБ-Эрээн автобусаар явсны дараа Эрээнээс Бээжинрүү нэг талдаа 330 юань бөгөөд 1 цаг 30 минут ниснэ. Хэрвээ агаараа бол Монголын дурын авиа билет бичдэг компаниудад хандах боломжтой.
Хятадруу газраар явахдаа галт тэргэ, хувийн тэрэг, автобусаар дараах байдлаар хүрч байна. Тухайлбал, 
УБ-Замын Үүдийн чиглэлд галт тэрэг Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад 17:20 минутад хөдлөх ба тасалбарын үнэ Тасалгаат 32,000, Унтлагын 19,000 төгрөг. Замын Үүдэд буусны дараа Эрээн хот руу хил гарах шаардлагатай бөгөөд ингэж хил гарахдаа хувийн тэрэг эсвэл олон улсын автобусанд суугаад гарч болно. Замын Үүдийн галт тэрэгний буудал дээр зогсож байгаа улс хооронд зорчигч тээвэрлэдэг автобусны билетийг тэндээсээ очоод авах ба  уг автобус Эрээн хотын Автобусны төв буудал дээр хүргэнэ. Тэндээсээ цааш Бээжин орох унаанд дамжин сууна. Билетийн үнэ 50 юань.
УБ-Бээжин-УБ олон улсын галт тэрэг.  УБ–БЭЭЖИН-гийн чиглэлийн шууд галт тэрэг 7 хоногт ганц удаа буюу Пүрэв гарагийн өглөөний 6:00 цагт хөдөлнө. Маргааш өдрийн 1:00 цагт Бээжингийн галт тэрэгний буудал дээр бууна. Буудлаас гарахад тасалбар шалгадаг тул та галт тэрэгний тасалбараа хаяж үрэгдүүлж болохгүй. Бээжингийн галт тэрэгний буудлаасаа гараад замын эсрэг талд метроны буудал байрлах бөгөөд та тэндээс метронд 4–6 юань төлөөд хүссэн газраа очих боломжтой. Тасалбарын үнэ 299,000 төгрөг.
Бээжин-УБ чиглэлд олон улсын галт тэрэг ням гарагт Бээжингийн олон улсын галт тэрэгний буудлаас хөдөлж маргааш өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирдэг.
2. Хувийн тэрэг. Төмөр замын буудал дээрээс хөдөлдөг бөгөөд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байж болзошгүй тул галт тэрэгнээсээ хоцорсон эсвэл яаралтай явах шаардлага тулгарсан нөхцөлд л жижиг тэрэг хөлслөх боломжтой. Тасалбарын үнэ 50,000 төгрөг.
3. Автобус. БЗД-ийн “ТЭНГЭР ПЛАЗА” дээрээс өглөөний 6 цагт УБ-БЭЭЖИНГИЙН олон улсын автобус хөдлөх бөгөөд тасалбарын үнэнд Сайншандад өдрийн хоол багтсан. Тав тухтай боловч өвлийн улиралд өглөөдөө их хүйтэн. Оройн 5 цаг орчмийн үед Эрээний автобусны буудал дээр ирж бууна. Тасалбарын үнэ 56,000 төгрөг
Галт тэрэг бол http://www.ubtz.mn/-с та цагийн хувиар, төлбөрийн талаар, нислэгийг http://www.ctrip.com/ -с үзэх боломжтой. Хятадад билет захиалахад хялбар сайт бол Ctrip юм. Англи хувилбар нь trip.com бөгөөд зочид буудал, нислэг, галт тэрэгний билет захиалах боломжтой. 携程旅行 хятад нэрээр апп-г нь татах боломжтой. 
Бээжингээс Шанхай хотын хооронд зорчих хурдны галт тэрэг туршилтын үеэр цагт 486,1 км хурдалж, дэлхийн хурдны дээд амжилтыг эвдсэн тухай өмнө нь та бүхэн сонсож байсан хэдий ч агаараар илүү хурдан, аюулгүй, 
 тав тухтай хэмээн иргэд хэлдэг тул та бүхэн сайтар тунгааж сонголтоо хийх боломжтой. Мөн анхаарах зүйл бол явах хугацаагаа тулгалгүй эртхэн захиалах хэрэгтэй. Хэрвээ Хятадруу анх удаа сурахаар явах гэж байгаа бол онгоцоор явах нь сэтгэлд амар. Англи хэл, хятад хэл аль аль нь байхгүй бол хэн нэгэнтэй хамт явбал зүгээр. Хятадын зарим сургуулиуд шинээр ирж буй оюутнуудаа онгоцны буудал дээр хүлээж авдаг бөгөөд урилган дээрээ энэ тухай явуулсан байдаг. Урилган дээр ийм мэдээлэл ирээгүй бол  сургуультайгаа холбоо бариад энэ талаар Free airport pick up service байгаа эсэх талаар тодруулж болно. Шөнө газардвал такси барихаас өөр аргагүй хүрэх ч бий. Таксиний жолооч нар англиар хэл нэвтрэлцэхгүй байх нь энүүхэнд. 
Вагон нэг чиглэлд олон давтамжтай явдаг болохоор эдгээр арр-уудын тусламжтайгаар суудал байгаа эсэхээ шалгачихаад D57 авъя гэдэг ч юм уу вагоноо сонгоод буух хоттойгоо хэлчихвэл билет авахад илүү амар байдаг.
Хятадад зорчихын өмнө дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. 
1.Монгол улсын иргэн Хятадад зорчихын тулд хамгийн багадаа 6 сарын хугацаатай хүчинтэй гадаад паспортоор виз мэдүүлэх эрхтэй
2.Монгол улсын иргэн 30 хоногийн визгүй зорчих эрхтэй бөгөөд заасан хугацааг хэтрүүлэхгүй байх ёстой бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам 500 юанийн мөнгөн торгууль төлдөг болохыг анхаарах
3.Визгүй зорчих 30 хоногын хугацаанд ажил хийх эрхгүй бөгөөд зөрчсөн нөхцөлд 5000-8000 юанын торгууль төлөх, ноцтой гэж үзвэл 2 долоо хоног хүртэл саатуулахыг анхаарах
4.Хятадын хилээр 20.000 юаньтай тэнцэхүйц валютыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Заасан хэмжээнээс дээш валют авч явж байгаад баригдвал мөнгийг хураан мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно. 
5.Хятадын хилээр авч орох, гарах үед заасан хориглосон барааг дайхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Хятадын хилээр нэвтрэхдээ дараах зүлсийг авч орохыг хориглоно.
1. Буу, зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис
2. Хуурамч мөнгөн дэвсгэрт ба үнэт цаас 
3. Хятадын бодлого, эдийн засаг, соёл ба ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц хэвлэмэл материал, кино, аудио бичлэг, зураг болон компьютерийн хэрэгсэлд хадгалсан 
4.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис 
5. Хүн ба амьтанд нөлөөлөхүйц хүнс, эмийн ба бусад зүйлс 
6. Амьтны гаралттай бүтээгдэхүүн:
a. Бүх амьд амьтан (нохой ба муурнаас бусад) тэдгээрийн үр хөврөл, донор, эр эс болон бусад генетик зүйлс 
b. Боловсруулаагүй мах ба махан бүтээгдэхүүн 
c. Амьтны сүү болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн
d. Өндөг ба тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн 
e. Ургамлын гаралттай бүтээгдэхүүн, жимс, ногоо
f. Тамхи, тамхины навч, архи дарс(400 шихрэг тамхи, 2 литр архи ба дарсыг зөвшөөрдөг)
g.Хутга, хайч, сахлын хутга, притка 
Хятадын хилээс гарахдаа дараах зүйлсийг авч гарахыг хориглодог.
1.Хятадын хилээр нэвтрэхэд хориглодог дээрх зүйлсүүд
2.Төрийн нууцтай холбоотой гар бичмэл, хэвлэмэл бүтээгдэхүүн, кино, фото зураг, аудио дүрс бичлэг болон компьютерт хадгалсан зүйлс
3.Соёлын болон бусад биет үнэт зүйлс зүйлс
4.Нэн ховордсон амьтны болон ургамал, тэдгээрийн үр үндэс, дахин боловсруулсан материал
Хэрвээ Хятадын хилээр эдгээрийг зүйлсийг авч яваад баригдвал шийтгэл ноогдуулдаг. Урьдчилан мэдэгдсэн нөхцөлд хуураалгуулаад шийтгүүлэхгүй байх боломжтой. Ер нь таньж мэдэхгүй болон бусдын ачаа тээшийг дайхгүй байхыг зөвлөж байна.
Та бүхэн аян замдаа сайн яваарай.  
Түүнчлэн дараах мэдээллүүдийг унших боломжтой.

Хятадад анх удаа сурахад анхаарах зүйлүүд

No comments:

Post a Comment