Sunday, September 17, 2017

Үнэт цаасыг анх удаа санал болгох үед төлөвлөснөөс доогуур үнээр борлуулахад нөлөөлөгч хүчин зүйл

Үнэт цаасыг нийтэд анх удаа арилжаалж, хөрөнгө босгосноор тухайн компанд олон улсын зах зээлд гарах гэх мэт өсөлтийн шинэ боломжуудыг бий болгохын сацуу хөрвөх чадварыг бий болгох, үүсгэн байгуулагчид ба бусад анхны хөрөнгө оруулагчидад төрөлжүүлэлт хийх гэх мэтээр ихээхэн чухал ач холбогдолтой. Гэхдээ ийм боломжууд багагүй өртөгөөр бий болдог. Тухайлбал, нээлттэй зах зээлд анх удаа үнэт цаас гаргаж байгаа компанийн хувьд төлөвлөж байснаас доогуур үнээр арилжаалснаар, арилжаа хийхэд хамтран ажилласан хөрөнгө оруулалтын баанкууд ба бусад мэргэжилтнүүдэд төлсөн шимтгэл, хураамжаас давах болзошгүй тул багагүй өртөг үүсгэдэг. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд дэлхийн зах зээлд хийгдсэн үнэт цаасыг олон нийтэд анх удаа арилжаалах үйл явцын судалгааны үр дүнгээс харахад хөрөнгө оруулагчид хоёр дахь зах зээлд хувьцааг худалдан авах боломжит үнээс доогуур ханшаар компаниуд хувьцаагаа арилжаалдаг болохыг ч мэдэж болно.
Улсуудын хуучинсаг байдал ба үнэт цаасыг зах зээлд анх удаа гаргахад хувцааны үнийг бууруулж борлуулж байгаа үзэгдлийг илэрхийлэх дээрх графикаас харахад хуучинсаг байдал бага байх тусам үнэт цаасыг зах зээлд анх удаа гаргахдаа хувцааны үнийг төлөвлөснөөс бага үнээр борлуулах үзэгдэл өндөр байгааг харж болохоор байна.
Иймээс үнэт цаасыг доогуур үнээр арилжаалахад нөлөөлөгч хүчин зүйлийн нэг нь компанийн нээлттэй байдлын практик нь хуучинсаг буюу цэвэр хөрөнгийн бүртгэлийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад системтэйгээр доогуур үнэлдэгтэй холбоотой бөгөөд арилжаанд оролцогчдийн хооронд мэдээллийн тэгш бус хэмт байдлыг бууруулах замаар нөлөөлдөг хэмээн Thomas, Scott, Zutter нарын судлаачид үзсэн байна. Ингэхдээ 36 орны үнэт цаасыг зах зээлд анх удаа гаргасан 3285 компанид судалгаа хийсэн. Учир нь үнэт цаасыг анх удаа нийтэд арилжаалж байгаа компаниуд цөөн жил үйл ажиллагаа явуулсан, зах зээлд анх гарахын өмнө санхүүгийн зарим үзүүлэлтээ нээлттэй тавихаас гадна, үнэлгээ хийхэд хүндрэлтэй өндөр өсөлттэй, үсрэнгүй хөгжиж салбаруудад үйл ажиллагаа явуулдаг байна. Хуучинсаг байдал нь компанийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөхүйц мэдээний талаар холбогдох цаг үеийн мэдээллээр хангах замаар хөрөнгө оруулагчидад мэдээлэл олж авах боломжийг нь нэг талаас дээшлүүлж өгдөг. Гэхдээ хөрөнгө оруулагчдийг хохироодог тайлант ашгийг менежерүүд нэмэгдүүлэх боломжийг хумигдуулж өгдөг. Үнэт цаас гаргаж байгаа компанийн талаар хөрөнгө оруулагчидад мэдээлэл олгох замаар тухайн компанид хувьцаагаа төлөвлөснөөс доогуур үнээр борлуулахад хуучинсаг байдал нөлөөлдөг.
Хуучинсаг байдал хоёр хэлбэрээр бий болдог. Эхнийх нь компанийн тайлант ашиг нь эдийн засгийн сөрөг мэдээг тусгахад үүсдэг бол удаах нь компанийн тайлагналын практик нь бүртгэлийн үнэлгээнд системт уналтын гажуудлыг бий болгоход үүсдэг ажээ. Эдгээр судлаачдын үзэж байгаагаар хуучинсаг бүртгэл он удаан жил байсаар байгаагын шалтгаан нь ёс суртахууны гажуудал ба үндэсний хуулийн тогтолцоотой холбон тайлбарлажээ.
Хуулийн гарал үүсэл гэх мэт улс орны хүчин зүйл нь бүртгэлийн хуучинсаг байдал ба үнэт цаасыг зах зээлд анх удаа гаргах үед хувьцааг доогуур үнээр борлуулах шалтгааны хоорондын хамааралд нөлөөлдөг болохыг олж харжээ. Нийтлэг эрх зүйн тогтолцоотой орнуудтай харьцуулахад иргэний эрх зүйн тогтолцоотой орнууд бүртгэл ба нээлттэй байдлын стандартууд нь сул учраас мэдээллийн тэгш хэмт байдлууд нь иргэний эрх зүйт орнуудад өндөр байсан байна.