Saturday, August 8, 2015

Тайваньд анх удаа сурахаар явж байгаа бол

Юуны өмнө та бүхэн өөрийн их сургуультайгаа холбогдож суралцах хөтөч буюу сургуульдаа хүрэлцэн ирж, суралцах сургуульдаа хэрхэн ирж бүртгүүлэхээс эхлээд суралцах журам, орчин, кредит цаг, цаг агаар, зам харилцаа, банк, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэтээс эхлээд бүхий л мэдээллээс авсан байх ёстой. Сурах гэж буй сургуулиас чинь цахим шуудангийн хаяг аль хэдийнээ өгсөн байхаа, түүнийгээ ч ороод шалгаж амжсан бизээ.
Анх сурахаар ирэхдээ дараах бичиг баримтыг заавал авч ирнэ:
- Эрүүл мэндийн шинжилгээний бичгийн хуулбар эсвэл эх хувь байж болно.
- Сургуулийн суралцах урилга
- Гадаад пасспорт
- Цээж зураг доод тал нь 4 хувь
- Өмнөх боловсролын гэрчилгээ буюу диплом, дүнгийн хуулбарын хамт тайваний төлөөлөгчийн баталгаажуулсан байх ёстой. 
Бусад авчирч болох, болохгүй зүйлсүүд:
- Халуун, чийглэг газар тул мэдээж өвлийн хувцас авчирах хэрэггүй, гэхдээ 1-3 сар хүртэл жиндүү, чийлэг, хүйтэн салхитай тул хавар намрын хувцастай байвал зохино. Тайваньд чанар, үйлдвэрлэсэн газраасаа шалтгаалаад хувцасны үнэ Монголоос үнэтэй болон хямд байдаг тул өөрийн боломжоороо өмсөх хувцасаа авчирах боломжтой. Савхин эдлэл чийгтэй зүүн бүс, далайд ойр газруудаараа их чийг татдаг. 
- Ааруул, шар тос, арвайн гурил гэх мэтээр Тайваньд байдаггүй ховор идээнд дуртай бол аваад ирж  болно. Гэхдээ хөргөгчгүй бол 1-3-р сар хүртэлхийг эс тооцвол Тайвань халуун цаг агаартай учраас хүнсний зүйл 2-3 хоног дотор амархан мууддаг болохыг анхаарна уу.
- Махан төрлийн зүйлсийг үе үе тодорхой хугацаагаар хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Тэр үе нь таарвал борц, хиам ч авчирах боломжгүй. 
- Тодорхой эмэнд дасалтай бол аваад ирж болно. Ер нь Тайваний эм нь Монгол эмээс их үнэтэй байдаг. Мөн эхний ээлжинд оо, сойз гэх мэт ариун цэврийн хэрэглэлээ аваад явж болно. 
Мэдээж өртөг өндөр газар болохоор хөнжил, гудас гэх мэт нь үнэтэй тул Монголоос ачааны зай байгаа бол аваад ирж болно. 
Тайваньд сурахад банкны үйлчилгээ чухал. Тайваний аль нэгэн банкинд карт нээлгэхэд ARC
 буюу оршин суух үнэмлэх, оюутны үнэмлэх, гадаад пасспорт шаардах бөгөөд зураг, ямар нэг хураамж төлдөггүй, өдөрт нь гаргаж өгдөг. Улсын банк Bank of Taiwan АТМ-с мөнгө авахад шимтгэл хамгийн гардаг. Мэдээж сургуулийн ойр байрлах, олон АТМ-тэй банкийг сонговол зүгээр. Гэрээсээ мөнгө авдаг бол Монголын аль нэг банкны карт нээлгэсэн бол их хялбар. Тэр картнаасаа нэг мөсөн мөнгөө аваад Тайваний картандаа хийгээд аваад байхад шимтгэл авдаггүй тул тайвань карттай болох хэрэгтэй. 
Гадаадад анх удаа сурахаар явах гэж байгаа Монгол оюутнуудад хэлэх хэдэн зөвлөмжүүд байна.
1.Суралцах чадвар. Бакалавраар суралцах гэж буй оюутны хувьд эхний 1-2 жил амаргүй жил байхыг үгүйсгэхгүй. Монголын аль нэг их сургуульд 1-2 жил сурч байгаад гадаадын аль нэг их сургуульд 1-р ангиасаа сурч байгаа оюутанд мэдээж амархан гэхдээ дөнгөж ахлах сургуулиа төгсөөд ирж гадаадад оюутан болж буй хүний хувьд англи болон тухайн орны сурах хэлээр мэргэжлийн сурах бичиг, багшийн лекцийг эх хэлний сэтгэхүйгээрээ ойлгоход бэршээлтэй талууд зарим хүүхдүүдэд үүсдэг.
Иймээс эхний ээлжинд ядаж мэргэжлийнхээ толь бичиг, эхний 1 жил үзэх сурах бичгийг монгол хэлээр аваад явахад илүүдэхгүй. Мэдээж та бүхэн өөрийн сурах гэж буй сургуульд эхний семестер эсвэл эхний жил үзэх хичээлийн нэрсийг шүүгээд үзэх сурах бичгийн жагсаалтыг аваад арай дөхүү байж болох, Монгол хэл дээр орчуулсан АНУ-д хэвлэсэн сурах бичгийг авахад гэмгүй. Манай их сургуулиудад заадаг математикийн хичээлийг Тайваньд хэрэглээ талаас нь үздэг тул багшийн зүгээс өгүүлбэрээр, жишээгээр ярьж тайлбарладаг тул математикт сайн хүүхдүүд хүртэл тааруухан дүн авах тохиолдол байдаг.
Монголчууд олуулаа сурдаг сургуульд сурч буй оюутанд бас боломж байдаг бол тэнхимдээ ганцаараа сурч буй оюутанд бэрхшээлтэй тал бий. Иймээс хичээлээ ойлгохгүй, хоцорч буй оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр хүртэл байдаг бөгөөд ойлгохгүй зүйлээ багшаасаа, ангийнхаа оюутнуудаас нэрэлхэлгүй асуух хэрэгтэй. Номын сангаас гадна ярилцаж хичээлээ хамтран давтах, багаар хамтран гүйцэтгэх даалгавараа хйидэг өрөөг тусгайлан гаргаж өгдөг. Ийм боломжийг сайн ашиглах хэрэгтэй.
Улсын сургуульд бакалаврын оюутан 1 семестерт 9 кредит хамгийн багадаа үзэх ёстой байдаг тул хэрвээ хэлний бэрхшээлтэй, суралцахад хүндрэлтэй бол 9-с илүү кредит үзэлгүйгээр эхний 1-2 жилдээ сурч болно. Гэхдээ манайхан голдуу суралцдаг хувийн сургуулиуд 12 кредитээс дээш сурахыг шаарддаг тул аль нэг хэлээр 2000-аад дээш үгийн хүрээнд хэлний мэдлэггүй бол сурах гэж ирэх хэрэггүй бизээ. 1-р курсэд анхлан суралцаж буй гадаад оюутны 30% нь амжилттай буюу 2-р ангид дэвшин суралцдаг бол үлдсэн 70% нь дахин 1-р курсдээ үргэлжлүүлэн сурдаг эсвэл хасагддаг гэсэн статистик судалгаа байдаг. Санаа зоволтгүй сурах үүргээ биелүүлж л байгаа бол, гадаад оюутнууд голдуу 6 хүртэлх жил сурч төгсөхийг Тайваний боловсролын журамд зөвшөөрдөг. Гэхдээ зарим сургуулиуд доод тал нь 12-20 хүртэлх кредит 1 улиралд судлахыг шаарддаг. Энийг бас анхаарах хэрэгтэй. 
Мастерийн оюутнуудын хувьд өмнө нь их сургууль төгссөн болохоор харьцангуй суралцах чадвартай байдаг болов ч, бакалавраас ялгаатай нь профессорийн зүгээс тухайн суралцагчийн онолын мэдлэгийг хэрхэн эзэмшсэн бэ гэдгээс илүүтэй багаар хамтран ажиллаж, судалгаа хийх чадвар, бүтээлч сэтгэлгээ, хичээлийн идэвхи оролцоог илүүтэй чухалчилдаг.
Мөн хэлний болон бусад бэрхшээл байгаа бол 1 хичээл буюу 3 кредит судлаад семестр бүрт ахиулаад сурч болно. Тайваний их сургуулиуд хичээлдээ унасан бол ирэх жил эсвэл семестерт дахин үнэ төлбөргүй судалж болдог.
2.Хичээл сонголт. Анх удаа очих гэж байгаа учраас юу авч явах ёстой, Тайвань ер нь ямар газар вэ гэж л асуудагаас ямар сургуульд, ямар хичээл судлах ёстой вэ гэдгээ бараг мэдэхгүй л ирдэг. Монгол хүн гадаадад ирээд давгүй дасдаг хэдий ч, гадаадад анх удаа сурахаар ирж буй хүүхдүүд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. 
Гадаад оюутнууд тухайн гадаадын их сургуулиудад суралцахын тулд ердөө хүсэлт буюу application бөглөн элсэн суралцах боломжтой. Харин тухайн улсын иргэд их сургуульд элсэн суралцах эрх авах шалгалтаа давсны дараа элсэн сурахыг хүсэж буй сургуулийн тэнхимийн профессоруудын өмнө ярилцлага өгөх ба бичгийн шалгалтыг ч бас давхар өгдөг тул сурах чадвар ерөнхийдөө сайн байдаг.
Ихэнхи улсын их сургуулийн бакалаврын оюутан 1 улиралд хамгийн багадаа 15 кредит буюу 3 кредиттэй 5 хичээл сонгон судлах ёстой. Зарим хувийн сургууль хамгийн багадаа кредиттэй 5 хичээл сонгохыг шаарддаг. 2 улирал дараалан хичээлийнхээ 40-75%-д нь унавал сургуулиас хөөгддөг тул хэлэндээ муу бол гадаад хэл их шаарддаг хичээлүүдийг сонгох хэрэггүй. Эхний ээлжинд аль болох өөрөө даваад гарна гэсэн хичээлээ сонгохыг зөвлөж байна. Хятад хэл дээрх эсвэл бусад хэлээрх бакалаврын хөтөлбөрт багш хятадаар яриад, уншиж судлах ном, материал, даалгавар, шалгалт англи хэлээр байдаг тул их ачаалалтай. 
Одоо ихэнхи сургуулийн хичээл сонголт нэгэнт эхэлсэн байгаа тул цахим хуудасруу орж ямар хичээл судлах ёстой, хамгийн багадаа хэдэн кредит нэг улиралд судлах талаар сайтар танилцах хэрэгтэй. Жишээ болгон доорх зураг нь хичээл сонголт хийх цахим хуудасны нүүр юм. Цахим хуудсанд хичээлийн орох өдөр, цаг, багшийн нэр, судлах сэдэв, унших номын жагсаалт, оюутныг үнэлэх хэлбэр зэрэг бүхий л мэдээллийг өгсөн байдаг. Сонгосон хичээлийг сууж үзээд хичээлийн эхний 2 долоо хоног дотор буцааж (course drop) болдог бол хичээлээ үнэхээр дийлэхгүй, эсвэл багш нь таалагдахгүй бол 2 долоо хоногын дараагаар улирлын эцсийн шалгалт болохоос 1 сарын өмнө зогсоох хүсэлт(withdraw) гаргаж болдог. Гэхдээ бакалаврын оюутан 1-2 хичээлийг л буцаах эрхтэй бөгөөд цаана нь 3-5 хичээл үлдэж байгаа нөхцөлд боломжтой тул 3-5 хичээл сонгосон оюутны хувьд боломжгүй. Тэр багш ямар вэ, сонговол хир вэ гэж асуух нь бас л учир дутагдалтай, хүн хүний туршлага, мэдрэмж, хандлага өөр тул тааж хэлэх арга байхгүй. Хичээлд идэвхитэй оролцож багшаас асуулт асуух, хариулах нь дүнгээ боломжийн гаргахад ихээхэн тустай. 
Тайваньд л гэхэд их сургуулийн багш сард 70000-150000 тайвань доллар буюу 2300-5000 ам долларын хооронд цалин авдаг. Ийм бага цалингаар оюутнууддаа ойлгуултал хичээлээ заана гэсэн баталгаа байхгүй, гадаад оюутнууд хүртэл багш нараа муу заадаг, хариуцлагагүй, чадваргүй гэх мэтээр байнга шүүмжилдэг. Сүүлийн жилүүдэд шинээр орж буй багш нар Тайваньдаа доктор хамгаалсан байх ажээ. Гадаадад доктор хамгаалсан бол тэндээ үлдэх сонирхолтой болсон нь Тайваньд тэр дундаа хувийн сургуулийн багшид боломж бага байхаас гадна улсын болон хувийн сургуулийн багш нар судалгаагаараа нэмэлт орлого олдог тул үүндээ л гол анхаарлаа хандуулна. Инжинер, менежментээр суралцах бол математикт сайн байх шаардлагатай тул мэргэжлээ сайтар сонгох хэрэгтэй. Тэтгэлэгээр сурч байгаа бол эхний улирлын голч 60 хүрэхгүй бол хувийн сургууль 2 дахь улирлаас улсын сургууль 3 дахь улирлаас тэтгэлэгийг зогсоохоор барахгүй цаашид сургуульд үргэлжлүүлэн сурах эсэхийг шийдвэрлэх хүчин зүйл тул анхнаасаа хичээлээ зөв дэс дараалалтай сонгох хэрэгтэй. Хэн ч хэнд зүгээр байхад мөнгө гэж байхгүй, тэр дундаа хувийн сургууль тэтгэлэг өгөөд авахдаа амархан ч, орсныхоо дараа тэтгэлэгийн журам, нөхцөл нь маш хатуу бөгөөд голч нь бакалавр бол 75-с эхэлдэг бол улсын сургуулиуд голдуу 65-70 онооны хооронд буюу тэтгэлэгийн журам харьцангуй зөөлөн гэж хэлж бoлно. Харамсалтай нь манайхан улсын сургуульд орж сурахгүй байна.  
Нийт 4 жилийн хугацаанд үзэх хичээлийн 3/4 нь заавал үзэх хичээл буюу required courses эзэлдэг учраас эдгээр хичээлийг заавал судалж байж төгсөх эрхтэй. Үлдсэн сонгон хичээлийг бусад олон төрлийн хичээл дундаас сонголт хийх боломжтой. Гадаадад сурна гэдэг маш их ачаалал даах ёстой болдог.
3.Сургуулийн дотоод журам. Сургууль бүр өөрийн гэсэн дүрэм журамтай хэдий ч нийтлэг зүйлүүд ихтэй. Шалгалтанд 1 удаа хуулбал шууд Х тавьдаг бол давтан хуулбал сургуулиас шууд хөөнө. Удаа дараа дотуур байрны журмыг зөрчих гэх мэт шалтгаанаар ч хасагдах магадлал үүсдэг. Гадаадын их сургуулиудын дүрэм журам ямар байдгыг өмнөх постдоо дэлгэрэнгүй оруулсан тул шаардлагатай гэвэл харж болно.
4.Багаар ажиллах. Бакалаврын 1-р ангийн хичээлүүд голдуу шалгалтанд суурилсан байдаг бол 2-р ангиас эхлэн багаар ажиллах арга барилаар оюутныг үнэлж эхэлдэг бөгөөд 100 онооны 10-50 хүртэлх оноо нь багын ажиллагаа буюу 3-10 хүртэлх оюутан хамтдаа тодорхой асуудлаар жижиг судалгаа хийж, үр дүнгээ бичгээр болон аман байдлаар илтгэж, багш болон оюутнуудын асуултанд хариулж хамгаална. Тааруухан оюутнууд нэг баг болсон бол хамтдаа унах магадлалтай байдаг. Зарим багш нар багын ажлын үнэлгээг бүгдэд нь ижил дүн тавьдаг бол зарим багш нар аль оюутан илүү хичээл зүтгэл гаргасан, аль оюутан оролцоо муутай байсан талаар бусад багын гишүүдээс хаалттай асуулга асуудаг. Нэг ангийн оюутнуудыг сурлагаар нь жагсаан, тэтгэлэг авах, дадлага хийлгэх боломжийг олгодог тул өрсөлдөгчид чинь таньд туслана гэдэг юу л бол. Тийм болохоор багын ажиллагааны явцад ард хоцорч үлдэх, бусдад найдах хэрэггүй. 
Гадаадад сурах л ёстой гээд л манай аав ээжүүд аль нэг зуучлалын байгууллагад хандаад үр хүүхдүүдээ хүссэн хүсээгүй л явуулдаг нь амжилтгүй сурах шалтгаан болдог. Мэдээж даваад гардаг хүүхдүүд байгааг үгүйсгэсэнгүй ээ. Тиймээс өөрөө өөрөөсөө би яагаад гадаадад сурах ёстой вэ, миний сонирхол юу вэ, суралцах чадвар минь бүрдсэн үү, надад тохирох сургууль мөн үү гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. 
Гадаад багш нар Монгол багш нар шиг сураад өгөөч гэж гуйхгүй, анхааруулахгүй, чимээгүй байж байгаад л дүн тавьдаг. Эцэст нь хэлэхэд, Тайвань оюутнууд 12 жилийн сургуулиасаа л өрсөлдөөд, шат бүртээ шүүгдээд, хэнээр ч шаардаж шахуулахгүй хичээлээ хийгээд сурчихсан байхаас гадна, аав ээж нар нь хүүхдээ арын хаалгаар сургуульд оруулаад төгсөхөд нь бас л арын хаалгаар ажилд оруулна гэсэн ойлголт байхгүй учраас оюутнуудын сурах чадвар үнэхээр сайн, тиймдээ ч энд хүний хөгжил манай орноос нэг шат илүү яваагын нууц нь гэдгийг хэлэх нь зүйтэй бизээ. 
5.Амьдрах байр, хоол. Анх удаа сурахаар ирж буй таньд байр хайна гэдэг тийм амар зүйл биш бөгөөд дотуур байр маш их цаг хэмнэнэ. Хэрвээ таны ойр дотны хүн таньд байр олж өгөх бол нэг өөр хэрэг. Байранд ерөнхийдөө хоол хийж идэх боломжгүй бөгөөд зарим оюутнууд хүсэлт гарган гал тогооны өрөөнд хоолоо хийж идэх боломжтой. Зарим хүүхдүүд байр олж амжаагүй байж, мах авчираад хайран хаях хэрэг гардаг. Гадаад орнуудын хилээр боловсруулаагүй түүхий оруулахыг зөвшөөрөхгүй байгаа. Хоолны зардалд дунджаар 200 ам доллар нэг сард зарцуулдаг. 
Түүнээс гадна, ихэнхи сургуулиуд өөр хотуудад эсвэл өөр дүүргүүдэд кампустай байдаг бөгөөд үүнийг ч ирэхээсээ өмнө тодруулах хэрэгтэй. Тиймээс ирэхээсээ өмнө байраа сургуультайгаа тохиролцох хэрэгтэй. Өөрсдөө хоолоо хийж идэх нь хүн бүрийн хувьд үнэ, цаг, таашаалын хувьд харилцан адилгүй сонголттой тул таны шийдэх хэрэг. Гадуур байранд амьдрахаар шийдсэн бол борц их зүгээр байдаг. Мэдээж дотуур байр хамаагүй хямд байхаас гадна ямагт сургуулийн ойр, цаг хэмнэх давуу талтай. Гадуур байх хөлслөхөд сургуульд хир ойр байх вэ, нэмэлт унааны зардал гарах эсэхийг тооцох хэрэгтэй. Оюутны байрны дундаж үнэ 110 ам доллар, гадуур дунджаар 400 ам доллар. Аль хотод байрлахаас байр, хоол, хэрэглээний зардал харилцан адилгүй. Тэтгэлэг авах бол 2 сар хэрэглэх хэрэглээний мөнгө дунджаар 1.5 сая төгрөг, дээрээс нь дотуур байр, даатгал хагас жилээр төлөхөд 2 сая төгрөгтэй ирэх хэрэгтэй. Учир нь сургуулиуд ирэхэд нь шууд тэтгэлэгээ өгдөггүй. 
Тайвань цалинтайгаа харьцуулахад өртөг өндөртэй бөгөөд оюутан хүн 1 сард дотуур байр, даатгал гэх мэт зардлуудыг оролцуулахгүйгээр  амжиргааны өртөг бүсүүдээр авч үзвэл/тайвань доллараар/:
Yilan 5000-6000
Keelung 7000-9000
Taipei 8000-10000
Taoyuan 7000-8000
Hsinchu 5000-6000
Miaoli 4000-5000
Taichung 6000-8000
Changhua 5000
Nantou 5000
Yunlin 5000
Chiayi 7000
Tainan 5000-7000
Kaohsiung 7000-10000
Pingtung 3000-5000
Hualien 6000-8000
Taitung 5000

Гэхдээ дээрх өртөг бол оюутны цайны газар гахай, тахианы махан орцтой, усан хоолны л мөнгө бөгөөд чанартай хоол хүнс хэрэглэх бол үүнээс ч их өндөр зардал гарах болохыг анхаарна уу
6.Эрүүл мэнд. Суралцахад эрүүл мэнд хамгаас чухал тул хоолоо сайн идээд, нойроо сайн авсан байх, хөдөлгөөн ихээхэн чухал шүү. Ихэнхи сургуулиуд биеийн тамирын талбайг зориуд гаргаж өгсөн байдаг тул энэ завшааныг сайн ашиглах хэрэгтэй. Монгол улс 4 улиралтай тул цаг агаарын хувьд амархан дасдаг хэдий ч өвөлдөө дулаан мэт болов ч, чийлэг, салхитай тул ханиад нилээд их тусах магадлалтай тул хувцасаа тохируулж өмсөж байгаагаарай. Сургуулийн эмнэлэг хамгийн хямд бөгөөд оюутанд үйлчилгээ үзүүлэх тал дээр туршлагтай тул сургуулийн эмнэлэгтэй хандаж байвал зүгээр. Тайвань үзэсгэлэнтэй арал хэдий ч бас эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг тал бий шүү. Анх ирээд эрүүл мэндийн даатгалд 100 ам доллар төлнө. Чийглэг газар болохоор зарим хүүхдүүд мөөгөнцөрддөг байхад зарим хүүхдүүд чийгтэй байранд байгаад бөөр өвдөх, хатиг гарах зэрэг зовиурууд илэрдэг тул ирэхээсээ өмнө эмчид үзүүлээрэй. 
7.Бусад зүйлс. Цаас, бал үзэг гэх мэт зүйлийг зөөж авчирах хэрэгггүй. Зөөврийн компьютер, гар утсаа аваад явахад илүүдэхгүй Тайваний сим картыг Монголд хэрэглэж байсан гар утсандаа шууд хэрэглэх боломжтой бөгөөд зөөврийн компьютерийн залгуурын нүхийг ихэвчлэн эндээс авч таардаг зарим нь шууд хэрэглэж болдог. Плитка, индүү гэх мэт бусад цахилгаан бараа огт хэрэггүй. Ихэнхи сургуулиудад үнэгүй хэвлэх үйлчилгээ, цаас байдаг. Гэрийнхэнтэйгээ холбоо барихдаа интернэт ашиглавал мэдээж хялбар, өртөггүй, харин гэрийхэн чинь интернэт хэрэглэж дасаагүй бол Монгол операторуудын гадаадад ашиглах интернэт дугаар авбал зүгээр. Гадаадад аль нэг компанийн дугаар авч болох бөгөөд сард дунджаар 10 ам доллар зарцуулах бөгөөд хэрвээ line суулгавал сургуулийн интернэтээр  холбогдон үнэ төлбөргүй утсаар ярих боломжтой бөгөөд утасны мөнгө тэр бүр зарцуулах шаардлагагүй. Тайваньд банкны үйлчилгээ шуурхай бөгөөд ам долларын дансыг Монголын аль нэг банкинд нээлгээд ирвэл сайн. Ихэнхи сургуулиуд сарын цалингаа эхний сардаа шууд өгдөггүй бас ирээд шууд цагын ажилд орох бололцоо бага тул 2-3 сарын хэрэглээний мөнгөтэй ирэх хэрэгтэй. Монгол оюутнууд хэрэглээндээ дунджаар сард 6000 тайвань доллар буюу 200 ам доллар зарцуулдаг бөгөөд даатгал, байр болон бусад зардлуудын хувьд нэмэлт төлбөр гарна. Ер нь тэтгэлэгийн мөнгөө хураах, ар гэрлүүгээ гуйвуулах боломж бас бага шүү. Засгийн газрын тэтгэлэгийн нэг сарын цалин 15000-20000 тайвань доллар тул бас боломж байж болох юм. 
Тухайн сургууль оюутан бүрийн цахим хуудасруу чухал мэдээ, мэдээллийг ямагт илгээж байдаг бөгөөд асуух зүйл байвал тогтмол харилцаатай байж асууж байгаарай. Ургаа мод урттай, богинотой байдгын нэгэн адил, гадаадад ч бас янз бүрийн л хүн байна. Зөвшөөрөлгүй ажил хийж байгаад залитны идиш болохоос сэрэмжлэх хэрэгтэй. Далд камер хаа сайгүй бий. Монголчууд хаяа олуулаа нийлээд доргих их дуртай, нэг нэгнээ ч түлчих гээд байдаг. Зар сурталчилгаа, зурагт хуудаснаас харсан шигээ Тайвань диваажин биш, хууль нь их хатуу, суралцах журмаа сайн мөрдөж, тэвчээр хатуужлийг та бүхнээс чанд шаардах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. 
Тайваний эрүүл мэндийн даатгал ба сурах виз бүрдүүлэх эрүүл мэндийн гэрчилгээг хэрхэн бүрдүүлэх вэ?
Tайваний сургуулиудад суралцахад шаардагдах эрүүл мэндийн гэрчилгээ/Health Certificate for Residence Application /г дараах байдлаар бүрдүүлнэ.
Эхлээд дээх хоёр нүүр маягтыг татаж аваад зургаа наан, хувийн товч мэдээллээ гараараа бичнэ.
БҮХ ШИНЖИЛГЭЭГ ХӨСҮТ(ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ)-Д ӨГНӨ
А.ДОХ- ЫН ШИНЖИЛГЭЭГ ХӨСҮТ 5000 ТӨГРӨГ
В. СҮРЬЕЭ -ИЙН ШИНЖИЛГЭЭ ХӨСҮТ-Д 5000 ТӨГРӨГ
С.ЦАГААН ХОРХОЙН ШИНЖИЛГЭЭ ХӨСҮТ-Д 2000 ТӨГРӨГ
D. ТЭМБҮҮ-ИЙН ШИНЖИЛГЭЭ ХӨСҮТ-Д А-ТАЙГАА ХАМТ ГАРНАЕ.УЛААН БУРХАН БА САХУУ ТАТРАНГЫН ШИНЖИЛГЭЭ ХӨСҮТ-Д ВАКЦИН ХИЙЛГЭЖ ГЭРЧИЛГЭЭГ АВНА 10000 ХЭРЭВ УРЬД НЬ ХИЙЛГЭЖ БАЙСАН БИЧИГ БАЙГАА БОЛ ГЭРЧИЛГЭЭГ ДАНГААР НЬ АВАХ БОЛ 5000
ЭЦЭСТ НЬ АРЬСНЫ ШИНЖИЛГЭЭГ ХӨСҮТ-Д ҮНЭГҮЙ ЗУРЖ ӨГНӨ.
ХАМГИЙН СҮҮЛД 1 ДАВХАРТ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ 5000 ТӨРГӨРӨӨГ ЕРӨНХИЙ ЭМЧИЙН ТАМГЫГ ДАРЖ ӨГНӨ.
Бакалавр, магистр ба докторт суралцахаар ирж буй олон улсын оюутнууд сургуульдаа анх бүртгүүлэхдээ оюутны ерөнхий даатгалд хамрагдан 3000 тайвань долларыг бэлнээр төлдөг. 
Харин 6 сараас доош хугацаатай зэргийн бус сургалтанд хамрагдах болон жуучний визтэй нөхцөлд энэхүү эрүүл мэндийн үндэсний даатгал үйлчлэхгүй.
Гэхдээ 6 сараас дээш хугацаагаар зэргийн сургалтанд хамрагдах оюутнууд эхний 6 сар 3000 тайвань доллар төлж бүлгийн даатгалд хамрагдах хэдий ч эхний ээлжинд эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлт эдлэхгүй, гагцхүү төлбөрт үйлчилгээ авсныг гэрчлэх баримтуудыг бүрдүүлснээр сургуульдаа суралцсанаас хойш 6 сарын дараа тодорхой хэмжээгээр хөнгөлөлтөө буцаан авдаг. Эрүүл мэндийн ердийн үзлэг, зөвлөгөө, сорилго болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нэг өдрийн төлбөр 1000 тайвань доллараас хэтрэх гэх мэт нөхцөлд бүлгийн даатгалд хөнгөлөлт эдлэхгүй. Надад нэг семестрт гарсан эмчилгээний зардал 720 тайвань долларыг 100% буцаан олгож байсан. Харин дараагын семестер буюу 6 сарын дараагаас эхлэн 4494 тайвань долларыг семестер бүр төлдөг.
Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ихээхэн ач тустай гэдгийг олонхи нь хэлж байгаа болов ч шүд гэх мэтээс эхлүүлэн гоо сайхны эмчилгээнд эрүүл мэндийн даатгал үйлчилдэггүй гэх мэт эрүүл мэндийн даатгалыг тойрсон шүүмжлэлүүд бий.
Зарим гадаад оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагдах дургүй байдаг бөгөөд сургууль бүр харилцан адилгүй журамтай. Эхний 6 сарын бүлгийн даатгалд зарим сургууль ач холбогдол өгдөггүй бөгөөд зарим гадаад оюутнууд эх орондоо даатгал хийгээд Тайваний худалдааны төлөөлөгчийн газраар баталгаажуулаад авчирдаг бол зарим сургууль тэрийг нь огт шалгадаггүй ч тохиолдол бий.
Тайваний сургуулиуд гадаад оюутнуудыг ирсэн даруйд эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулан цусны шинжилгээ авах ба 750 тайвань долларын хураамж хувиасаа төлнө.
Тайваний эрүүл мэндийн үйлчилгээ сайн хэдий ч өндөр үнэтэй. Цаг уур, агаар болон хоол хүнс, гэрээ санана, хичээл ном хүнд зэргээс үүдэн Тайваньд суралцаж буй оюутны хувьд эрүүл мэнддээ анхаарах нь ихээхэн чухал. Зарим хүүхдүүд ирэхээсээ өмнө Монголоос ойр зуурын эмээ аваад ирсэн нь дээр гэдэг. Аргагүй бизээ. Өвдөөд зовиураа хэлэхэд хэлний бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Эмийн санд бүх эм нь хятад хэлээр, эм зүйч, худалдагч нь англиар ярих нь ховор, халуураад хэвтлээ гэхэд хэн асарч тойлох вэ дээ. Ирэхээсээ өмнө бүх л шинжилгээг үнэн зөв хийлгэж, ямар нэгэн өвчин зовиураа сайн эмчлээд ирэх хэрэгтэй.
Тайваньд аялах болон зорчиход анхаарах зүйл, хилээр нэвтрүүлэхийг хориглодог бараанууд
Монголчуудын хувьд үзэсгэлэнт арал Тайвань бараг нээгдээгүй гэж хэлж болох бөгөөд 1990-ээд оны үеэр Хятад хэлтнүүдээс анх ардчилсан сонгууль явуулсан, Хятад, Баруун Европ болон арлын уугуул иргэдийн соёл гүнзгий нөлөөтэй, тусгаар тогтнох эсэх нь бүрхэг хэдий ч азийн бар эдийн засаг бүхий Тайвань нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад өртөг дундаж, англи хэлээр ганцхан арлыг тойрно гэдэг бас учир дутагдалтай ч уриалагхан, аюулгүй тайван гэсэн үзүүүлэлтээр дэлхийд дээгүүрт ордог ч гэмт хэрэг, залилан бас л байдаг л газар.
Бид та бүхэнд энэ удаа Тайваньд аялах хугацаанд зам харилцаа, санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, даатгал, цаг агаар, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хүргэж байна.
1.Виз. Тайванийн хилээр орохдоо хамгийн багадаа 6 сарын хугацаатай хүчин төгөлдөр гадаад пасспортоор визтэй нэвтрэн орохдоо аялалын зорилго, байрлах газар, холбогдох утас зэргийг мэдүүлэх бөгөөд визний хугацаа Тайваний хилээр нэвтрэн орсны маргааш өдрөөс эхлэн тооцогдох бөгөөд хэрвээ визний хугацаандаа Тайванийн хилээр гараагүй бол 1-10 хоног дутамд 2000 тайвань доллар буюу 140000 төгрөгийн торгууль төлнө. 6 сараас доош хугацаатай нэвтрэх бол ирэх буцах онгоцны тийзийг заавал авсан байна. Тайваний хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон эсвэл байрлах хаяг, холбоо барих хүний нэр, утас зэргийг дэлгэрэнгүй бичих, 
Виз мэдүүлэхдээ Тайпейн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар дараах материалыг бүрдүүлж өгнө. Үүнд, зорчих виз хүсэхэд урилга, анкетыг https://visawebapp.boca.gov.tw онлайнаар бөглөөд хэвлэж гарган гарын үсэг зурсан байх /бүсийн сонголт-west asia-г сонгон/, сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг 2%/3x4/, паспорт, хуулбарын хамт/паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх/, иргэний үнэмлэхний хуулбар, санхүүгийн баталгаа, ажил байдлын тодорхойлолт(албан шугамаар виз хүсэхэд), онгоцны билетийн захиалгын хуудас, шаардлагатай гэж үзвэл бусад нэмэлт материал, визний хураамж; 6 сараас дээш хугацаагаар сурах буюу /оршин суух/ виз хүсэхэд бүрдүүлэхэд материалд урилга/Admission Letter/, анкетаа мөн дээрх цахим хуудсанаас бөглөх, сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг 2% /3x4/, паспорт, хуулбарын хамт /Пасспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх/, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн хуудас, санхүүгийн баталгаа, өмнөх шатны боловсролын дипломын хуулбар/тус төлөөлөгчийн газраас баталгаажсан байх/, онгоцны билетийн захиалгын хуудас, шаардлагатай гэж үзвэл бусад нэмэлт материал
2. Цаг агаар. 5-11 сар халууны үе үргэлжилдэг бөгөөд Тайваньд далайн хар салхины улирал тул энэ үеэр аялахдаа Тайваний цаг уурын төв товчоо болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээллийг тогтмол хүлээн авч байх. Тайвань цаг агаарын хувьд халуун бас өрөө тасалгаанд тэр дундаа сургууль болон хямд үнэтэй байруудын хуучин агааршуулагч байнга асаалттай тул байнга ус ууж байх нь толгой өвдөх, ханиад хүрэхээс сэргийлэх боломжтой. Халуун орон хэдий ч 1, 2, 3-р саруудад жиндүү чийглэг, салхитай, өрөө тасалгаан нь хүйтэн талдаа тул  хавар намрын хувцас өмсөх шаардлага гардаг. 33 градус давж хэт халсан үед удаан хугацаагаар мотоцикль, дугуй унаж хол замд гарахгүй байвал зохино. Мөн зарим тохиолдолд халуун хумхаа гарч байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 
3.Тайваний гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр тамхи, архи болон сэтгэцэд нөлөөтэй ургамал, бэлдмэл, амьтан болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, мөрийтэй тоглоом, сугалаа гэх мэт, буу зэвсаг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн болон биологийн зэвсэг, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, коммунизмийг сурталчилсан материалууд болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, хөлдөөсөн, чанасан болон давсалсан далайн бүтээгдэхүүн, эмчийн жоргүй эм, бэлдмэл, зөвшөөрөлгүй нэн ховор амьтан ургамлын бүтээгдэхүүн, эртний үнэт эдлэл, нохой болон муурнаас бусад амьд амьтан зэргийг хилээр авч орохыг хориглодог болохыг анхаарах, боловсруулсан мах махан бүтээгдэхүүнээс бусад махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, ургамлын гаралттай зүйлс авч орохыг хориглодог. Алт, мөнгө болон гар буу зэргийг тусгай журмаар зөвшөөрдөг. 10000 ам доллар эсвэл 60000 Тайвань доллараас дээш хэмжээний бэлэн мөнгийг хилээр авч орохдоо мэдүүлэх, мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй.
4.Тайваньд согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд мөнгөн торгууль төлөх эсхүл хорих ял ноогдуулдаг болохыг анхаарах, бэлгийн дарамт, хүчирхийллийн заалт, журам нь маш нарийн бөгөөд өргөдөл гаргагчид давуу тал өгдөг болохыг анхаарах,
5.Даатгал ба консул, төлөөлөгчийн газрын үйлчилгээний хувьд аялахаасаа өмнө эрүүл мэндийн болон аялалын иж бүрэн даатгалд хамрагдсан байхад илүүдэхгүй. Богино хугацаагаар сурахад Тайваний эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрхгүй байдаг бол 6 сараас дээш эвсэл үндсэн зэргээр сурах бол оршин суух эрхийн үнэмлэх авсны дараа эрүүл мэндийн даатгалд хамрагдах эрх үүсдэг. Гэхдээ Монголд даатгал хийлгээгүй бол үндсэн зэргээр сурахаар ирж бй оюутнуудаас эхний 6 сарын эрүүл мэндийн даатгалд 3000 тайвань доллар төлнө. 
Монгол улс Тайванийг бүрэн эрхт улс гэж хүлээн зөвшөөрдөггүй тул элчин сайдын яам байхгүй бөгөөд Тайпей дэх Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар ба консулын газруудаар үйлчилгээ хязгаарлагдана. Мөн Монголруу итгэмжих явуулах, бичиг баримт шинээр авах шаардлагатай үед Улаанбаатарын төлөөлөгчийн газар хандах боломжтой. 
6.Аюулгүй байдлын хувь гэмт хэргийн гаралт харьцангуй бага болов ч, онгоцны буудал, галт тэрэгний зогсоол, нийтийн тээврийн үйлчилгээ, зочид буудал, жуулчид ихээр зорчдог газруудад түрүүвч, цүнхний гэх мэт хулгайн хэрэг гардаг тул сонор сэрэмж илүүдэхгүй.  Цахим залилангын гэмт хэргийн гаралт нилээд өндөр бөгөөд Тайваний цагдаагын газрын статистик мэдээнээс харахад 18-39 насны эрэгтэйчүүд залиланг хамгийн их үйлдэж, бас хамгийн их хохирогч нь болдог байна. Интернэтээр хуурамчаар дуудлага худалдаа хийх залилан 26.44%, эротик залилан 22.67%, танилын дүр эсгэн банкны картны нууц дугаар олж авах залилан 20.00% буюу хамгийн их давтамжтай байна.Залиланд өртөхгүйн тулд элдэв арилжаа санал болгосон хуурамч аккаунтыг нэмэхгүй байх, цахим залилантай тэмцэх албаны 165-г татаж аван сүүлийн үед газар авч буй залилангын үйлдлүүдийн талаар мэдээлэл авах, хэт хямд бүтээгдэхүүн, үйлчилгээ, элдэв баталгаагүй борлуулалтын сайтад эргэлзээтэй хандах хэрэгтэй. Түүнчлэн орой үдэш эмэгтэйчүүд таксигаар ганцаараа үйлчлүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Терроризмийн аюул маш бага. Ажил хаялт, жагсаал цуглаан үе үе гардаг тул олон нийтийн цугларалт болж буй газруудаар тэр бүр явах шаардлагагүй. Гадаадын иргэн гэмт хэрэгт орооцолдсон бол хэргийн шийдвэр гарах хүртэл Тайваниас гарахыг хориглодог. Шүүн таслах ажиллагаа нилээд хугацаа шаарддаг тул хэн нэгний батлан даалтаар гарахыг зөвшөөрдөггүй. Мөн анх сурахаар ирж буй дотуур байранд амьдардаг оюутнууд хулгайн хохирогч болох тохиолдол гардаг тул эд зүйлсдээ анхаарал болгоомжтой хандана уу. 
7.Зам тээвэрт замын бөглөрөл үүсэх тохиолдол гарах ба манай улсыг бодвол жолооч нар харьцангуй тайван болов ч, хайхрамжгүй байдал гаргадаг, тэр дундаа мотоциклийн хэрэглээ өндөр тул осол аваар байнга гардаг. Жолоо барьж байхдаа утсаар ярихыг хатуу хориглодог. Уулархаг арал тул зам нь нарийхан, өгсүү, уруу гэх мэт хэлбэртэй тул осол аваараас сэрэмжлэх нь зүйтэй. Тайпей хотоос бусад газарт таксиний жолооч нар англи хэлээр ярих нь ховор тул та өөрийн хүрэх газраа хятадаар ярих шаардлага гарах тул аль болох хүрэх газрынхаа хаягыг өгөхөд жолооч зам заагчаараа хялбархан олох болно. Тайваньд байхдаа машин, мотоцикль унах бол заавал шалгалт өгч байж эрх авдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Сурч байгаа оюутнуудын хувьд дотуур байр нь сургуулийн хажууд голдуу байрладаг тул унааны мөнгө тэр бүр гарахгүй хэдий ч унаанд суух бол оюутны хөнгөлөлтийн картаараа хөнгөлөлттэй зорчих боломжтой. Аялах, жуулчлахад тохиромжгүй газруудаар аль болох очихгүй байх, Danger Deep water гэсэн бичигтэй нуур, цөөрөм, хүрхрээ, усны газруудад анхаарал болгоомжтой байхын сацуу мөн аль болох очиж, сэлэх, загасчлах, завиар аялахгүй байвал зохино. Ер нь завиар зөвлөгчгүйгээр хамаагүй газруудаар аялаж зорчихгүй байх хэрэгтэй. 
Youbike-ийг Тайпейд ойр зуур хэрэглэх боломжтой, эхний хагас цаг дутам 5 тай доллар төлдөг.  Далайн хар салхи, баяр ёслолын өдрүүдийг эс тооцвол 24 цагын үйлчилгээтэй бөгөөд апп-ыг татах замаар хаана байрлах зэрэг мэдээллүүдийг авч болно. 
8.Тайваньд сурахад банкны үйлчилгээ чухал. Тайваний аль нэгэн банкинд карт нээлгэхэд ARC
 буюу оршин суух үнэмлэх, оюутны үнэмлэх, гадаад пасспорт шаардах бөгөөд зураг, ямар нэг хураамж төлдөггүй, өдөрт нь гаргаж өгдөг. Улсын банк Bank of Taiwan АТМ-с мөнгө авахад шимтгэл хамгийн гардаг. Мэдээж сургуулийн ойр байрлах, олон АТМ-тэй банкийг сонговол зүгээр. Гэрээсээ мөнгө авдаг бол Монголын аль нэг банкны карт нээлгэсэн бол их хялбар. Тэр картнаасаа нэг мөсөн мөнгөө аваад Тайваний картандаа хийгээд аваад байхад шимтгэл авдаггүй тул тайвань карттай болох хэрэгтэй. Олон улсын картын хувьд мөнгөн тэмдэгт нь New Taiwan Dollar бөгөөд Монголоос ам доллар авч ирээд Тайвань доллар болгох эсвэл Монголын дурын нэг банкны олон улсын, union pay картаас тайвань долларыг Тайваний аль нэг банкны АТМ-с авах боломжтой бөгөөд Монголын банкуудын олон улсын картыг үйлчилгээний газрууд болон АТМ-ээр унших болов ч зарим газар боломжгүй гэдгийг анхаарах. Монголоос мөнгө гуйвуулах эсвэл картаараа мөнгө хүлээн авч болохоос гадна Тайваньд байхдаа Монголруу мөнгө гуйвуулах бол Тайваний дурын нэг банкинд хандах боломжтой бөгөөд шимтгэл нь мөн олон адил олон улсын түвшинд буюу Монголтой адил байдаг. 
Оюутны дотуур байрууд
Тайваньд ирэхээсээ өмнө дотуур байраа сургуульдаа урдаас захиална. 
Тайваньд оюутны дотуур байрууд нь голдуу сургуулийн хотхон дотор эсвэл ойр хавьд байрласан байдаг. Зарим тохиолдолд сургуулиас зайдуу байрлалтай ч бий. Энэ нь тухайн сургуулийн хотхоны бүтэц, байршил, талбайн хэмжээнээс хамаардаг. 
Өрөөнд ор, ширээ, сандал, агааршуулагч, номын тавиур, хувцасны шүүгээ, ширээ, агааршуулагч, сандал, утас, кабль, интернэттэй байдаг бол 1 хүний өрөө нь ариун цэврийн өрөө болон хөргөгчтэй байдаг. 2-оос дээш хүн байрлах өрөөнүүдийн хувьд нийтээрээ хэрэглэх ариун цэврийн өрөөтэй байдаг бөгөөд угаалгын, зочны, уулзалтын, амралтын, хичээл давтах танхимуудыг гаргаж өгөхөөс гадна, хувилах, хэвлэх, спорт тоног төхөөрөмж, хэрэглээний зүйл автоматаар худалдахаас гадна, халуун хүйтэн усаар байнга хангадаг. Мөн 24 цагийн хамгаалалт, дугуй, машин байршуулах талбай, зогсоолтой. Байрны түрээсийн гэрээг жилд 1 удаа байгуулах ингэхдээ гадаад оюутанд байртай болоход хамгийн түрүүнд давуу тал өгдөг бөгөөд 2 сарын барьцаа авдаг. Интернэт, усны хэрэглээг түрээсэнд ихэнхдээ шингээдэг бөгөөд цахилгаан, утас болон каблийн телевизийн хураамжийг тусдаа төлдөг. Гэхдээ ихэнхи дотуур байрууд ямар ч тавилга хэрэгсэлгүй, хоосон байх нь бий. За тэгээд аварга, нисдэг жоомнуудтай нөхөрлөх ч тохиолдол бий. Шумуул өдөр, шөнө ч, зун ч өвөл ч хаа сайгүй, өрөөнийаль хэсэг цоорхой эсвэл онгорхой бол байнга орж ирж, амар тайван унтуулахгүй. Анх өрөөнд ороход хав халтар, хоосон, ямар ч тавилгагүй ч байх нь бий. Өөрөө цэвэрлэнэ. Цэвэрлэгч цэвэрлэдэггүй. Дотуур байруудыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгадаг юм билээ. Мэдээж дотуур байрны ойр орчим бар, паб гэх мэт бараг байхгүй, хориотой ч байж мэднэ. Их сайн талтай. 
Шинэ байр 1 хүний өрөө нь сард /баригдаад удаагүй, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, тав тух сайтай, үйлчилгээ хангамж, ариун цэврийг дээд зэргээр хангасан/ дунджаар USD250, 2 xүний өрөө нь 1 сард USD120, 3 хүний өрөө нь сард USD100. Өрөөнд амьдарх оюутны тоо нэмэгдэх тусам үнэ нь хямдардаг. Байрны түрээсийн үнэ хуучин шинэ, өрөөнд амьдрах оюутны тооноос хамаараад 1 сар нь дунджаар 40-300 ам доллар байдаг. 1 өрөөнд 1-8 хүртэлх оюутан амьдардаг.  Шинэ байрууд нь өрөөндөө тусдаа ариун цэврийн өрөөтэй. Хуучин байр/баригдаад 20-оoс дээш жил болж байгаа/ бол 1 сар нь дунджаар бакалаврын 4 оюутан тус бүрдээ USD 70 мастер, докторын 2 оуютан тус бүрдээ USD 90-ын хооронд байх ба ийм байранд голдуу мастер докторын оюутан бол 2, бакалаврын оюутан 4 хүн 1 өрөөнд хамт байх бөгөөд ариун цэвэр, угаалгын өрөө нь голдуу нийтээрээ хэрэглэдэг. 
Усанд ордог өрөө нь тус тусдаа байдаг. 
Ор нь дээд давхарт, доод давхарт хичээлээ давтах ширээ нь байрладаг. Мөн бакалавр, мастер, докторын, эрэгтэй, эмэгтэйгэрээ хамт байрлах холимог байрууд байх бөгөөд аль байранд байрлахыг ихэнхи сургуулиуд сугалаагаар тодруулдаг. Дотуур байранд хоол хийж идэх боломжгүй, дуу чимээ гаргах, гадны хүн авчирч хонуулж болохгүй, бусдын ор дэвсгэрийг хэрэглэхгүй байх, тамхи татах, мөрийтэй тоглох гэх мэт журамтай ч зарим дотуур байрууд олон хаалгатай тул найз нөхдөө авчирч хоног төөрүүлэх явдал багагүй гардаг ажээ. Гэхдээ зарим дотуур байранд хөнгөн зэргийн хоол хийж идэх боломжийг бүрдүүлж өгдөг ажээ. Ихэнхи сургуулиуд гэр бүл эсвэл хосуудыг байраар хангадаггүйгээс гадна хэрвээ өрөөний хүн таалагдахгүй байвал солих, өөрийн хүссэн хүнтэйгээр хамт түрээслэх боломжгүй. 
Дотуур байранд интернэт ч үнэ төлбөргүй байх ба зарим сургуулиудын интернэтийн хурд сайн байхад зарим сургуулиудынх удаан гэсэн шүүмжлэл интернэтээс хүртэл олж мэдэх боломжтой байдаг. Тухайлбал, Cheng Kung, Chungcheng их сургуулиудынх хамгийн хурдан бол Taipei University of Science and Technology, Taipei University, Central University, Feng Chia University, Chung Yuan Christian, Chengchi University зэрэг сургуулиудын дотуур байрны хурд удаан талдаа байдаг ажээ. 
Гадаад болон Тайвань оюутнуудыг суглаагаар хамтад нь нэг өрөөнд оруулдаг бөгөөд нэг орны иргэд нэг өрөөнд хамтадаа тэр бүр байдаггүй ажээ. Ер нь гадуур байр түрээслэхэд үнэтэй байдаг хэдий ч Тайваньд зарим хот, тосгонд түрээсийн байр боломжийн хямд өртөгтэй тул дотуур байрнаас ялгаагүй үнэтэй байх ч тохиолдол бий. Гэхдээ дотуур байранд амьдрах нь олон давуу талтай байх нь дамжиггүй бизээ. Адаглаад газар хөдлөлтийн үед мэдээлэлд ойр байх, ярианы хэлээ сайжруулах, мэдэхгүй зүйлээ өрөөний оюутнаасаа асуух, цаг хэмнэх гээд дурдвал олон зүйлийг дурдаж болох бизээ. Монголд, Тайваньд ч сурч байхдаа хэзээ ч дотуур байранд амьдарч үзээгүй болохоор дутуу орхигдуулсан зүйлс байвал хүлцэл өчье. 
Оюутны цайны газар
Тайвань нь хоол хүнсний хувьд арлын уугуул иргэдийн гэсэн ойлголт байх болов ч үнэндээ хүн амын 95% нь 400 гаруй жилийн тэртээгээс Хятадаас нүүн сууршиж эхэлсэн хань хүмүүсийнх илүү өргөн ажээ. Тухайлбал, Хятадын хойд зүгийн хүмүүс түлхүү хэрэглэдэг үхрийн мах, гоймон, өмнөд зүгийн хүмүүс түлхүү хэрэглэдэг тахиа, гахай, загасны мах, будаа, халуун ногоог ч Тайваньд хэрэглэдэг. Эх газрын өмнөд зүгийн нутгуудаас сууршигчид давамгайлдаг, далайн орон, газар нутаг жижиг зэрэг онцлогоос шалтгаалан Тайваньд үхрийн аж ахуй хөгжөөгүй тул үхрийн махны дундаж үнэ кг нь 60000 төгрөг, 1 литр сүү 6500 байдаг учраас Монгол хүний хувьд амжиргааны өртөг их өндөр болдог. Иймээс Монгол оюутны сарын цайны дундаж өртөг 200 ам доллар бол тахиа гахайны мах орцоор тооцсон ханш юм.
Сургуулийн цайны газар Тайваньдаа хямд үнэтэй нь бөгөөд махны сонголтын тухайд загас, тахиа, гахайны мах зонхилох бөгөөд галуу, үнэтэй ч үхрийн махны орц ч бий. Мөн элдэв төрлийн ногооны орц маш их бөгөөд халуун ногоо ихтэй, эсвэл халуун ногоогүй хоолноос гадна 40-50NTD-н цагаан хоолны газар ч байдаг. Эндхийн цагаан хоол манайх шиг цагаан идээний төрлөөс өөр, ногоо, будаа, гоймон гэх мэт орцтой байдаг.
Сургуулийн цайны газрын хоол амт муутай гэх шүүмжлэлийг оюутнууд байнга дуулгах хэдий ч сургуулийн хотхонд гадаад оюутнууд ихтэй тул харьцангуй олон үндэстний хоолны сонголтуудтай. Тухайлбал, Япон, Солонгос, Европ хоол, McDonalds гэх мэт оюутнууд амтархан идэж болох хоолны сонголт ч бий. Хэдий амттай хоол идэхийг хүснэ тэр хирээр санхүүгийн бололцоо их байх ёстой болдог. Хоолны хэрэглээнд нэг оюутан дунджаар 100-300 ам доллар зарцуулдаг болов ч ийм мөнгөөр их л даруухан амьдрах бөгөөд оюутны цайны газарт л үйлчлүүлэх төсөв юм. Мөн сургуулийн цайны газраас гадна сургуулийн ойр орчмын цайны газруудад ч үйлчлүүлэх боломжтой бөгөөд үнийн хувьд сургуулийн хотхоны цайны газраас бага зэрэг үнэтэй хэдий ч харьцангуй амт чанар сайтай байдаг. Мөн сургууль дотор байрлах дэлгүүрүүдээр 10%-ын хөнгөлөлттэй үйлчлүүлэх, нарийн боов, ундаа, цай гэх мэтээр ерөнхийдөө оюутнуудын тав тухыг чадах чинээгээрээ бүрдүүлсэн байдаг. Нарийн боовны дундаж үнэ 25 тайвань доллар, ундаа 25 тайвань доллар, 1 шихрэг алим дунджаар 25, сүүтэй цай манайхаас өөр чихэртэй байдаг бөгөөд дунджаар 35 тайвань доллар. Өглөөний цайндаа голдуу сэндвичийг хэрэглэдэг бөгөөд 1 шихрэг нь 15-35 тайвань доллар. Энэ бол сургууль бүрт байдаг family mart болон 7 and 11-ийн ханш бөгөөд ерөнхийдөө жижиглэнгийн. дэлгүүр тул үнэтэй талдаа. Тиймээс та бүхэн Carrefour-с авбал хямд байх болно. Гэхдээ томоохон хотуудад олдоц ихтэй бол жижиг хотуудад хол газарт байрладаг. 
   Оюутнуудын хамгийн түгээмэл хоолны сонголт бөгөөд дунджаар 80 тайвань доллар
                             
Өөрөө сонгож хоолны цэсээ бүрдүүлэх хэсэг нь бөгөөд 100 грам нь ойролцоогоор 16NTD        
Нуулгүй хэлэхэд бас ийм хоол дандаа иднэ гэдэг бас л их тэвчэр шаардана шүү. Цайны газарт мөн төрөл бүрийн арга хэмжээ үе үе зохион байгуулагдах бөгөөд оюутнууд ч урлагын авъяас, үзүүлбэрээ үнэ төлбөргүй толилуулахаас гадна, албан байгууллагууд ч өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах тул их дуу чимээтэйгээс гадна, хэрэглэсэн аяга, тавгаа өөрсдөө хураадаг. Амны алчуур, шингэн саван, гар угаах өрөө зэргээр хангаж өгсөн байдаг.
Зарим оюутнууд сургуулийн ойр орчим гадуур байр түрээслэн өөрсдөө хоолоо хийж иддэг. Түүнчлэн зарим сургуулийн оюутны дотуур байрны 1-р давхарын үүдэн хэсэгт өөрсдөө хоол хийж идэж болох нөхцлийг ч бүрдүүлж өгсөн байдаг.
Xудалдан авсан барааны баримтаар сугалаанд оролцох боломжтой
Нэгдсэн тасалбар /統一發票/ болох сугалааны урамшуулал буюу худалдан авсан барааны тасалбараараа хоёр сард нэг удаа сугалаанд оролцох боломжийг 1951 онд татварын орлогоо нэмэгдүүлэх үүднээс тухайн үеийн Тайваний засгийн газар анх хэрэгжүүлжээ. Ингэснээр 1950 онд 29 сая тайвань долларын татварын орлого бүрдүүлж байсан бол тухайн жил 51 сая ам доллар буюу 75% дахин нэмэгдүүлж, далд эдийн засгаа ил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Учир нь иргэдийнхээ дунд сугалаат хонжворын аргаар урамшуулснаар бизнесийн байгууллагууд, иргэд хоорондын худалдан авалтыг бүртгэлжүүлж, татварыг үнэн зөв бүрдүүлэхэд ихээхэн чухал алхам болсоноор эдийн засаг эрүүлжиж, далд эдийн засаг хумигдахад хүрсэн байна.
Анх тасалбар дээр коммунизмийг устгаж, Хятадын эх газартаа буцая хэмээх уриаг тасалбарт бичдэг байжээ. Хэдэн тайвань доллар азийн сугалаанд байгаа нь мэдэгдэхгүй учраас  иргэд нь ч тасалбараа шаардаад аваад сурч, хаа хамаагүй газар хаядаггүй, худалдаа, үйлчилгээний байгууллагууд ч тасалбараа олгоод нэгэнт хэвшсэн ажээ.    
Жил бүрийн сондгой саруудын 25-ны өдөр азтанг тодруулдаг бөгөөд xонжворт шагнал авах хугацаа нь ерөнхийдөө 3 сарын дотор багтааж авах ба хамгийн бага шагнал нь 200 тайвань доллар бол хамгийн дээд тусгай шагнал 2 сая тайвань доллар aжээ. 2006 оноос эхлэн цаасыг хэмнэх, цахим арилжааг хөгжүүлэх үүднээс цахим хэлбэрт тасалбарыг оруулах болжээ. 
Гол хонжворуудыг http://invoice.etax.nat.gov.tw/ цахим хуудсанд нийтэд зарлах бөгөөд https://invoice.pro2e.com.tw/content/invoice/index.aspx цахим хуудасруу зочлон худалдан авсан барааны тасалбарынхаа сүүлийн 3 оронтой тоог оруулж хонжворыг мэдэх бололцоотой ажээ. Цахим хуудасны 請輸入發票末3 хэсэгт тасалбарынхаа сүүлийн 3 оронгын тоо оруулахад хожсон бол тоо ханзаар гарч ирэх бол хожоогүй 0 гэж гарч ирнэ. 

1
10107-08
六獎
996
2
10107-08
0 獎
612
Мөн ухаалаг гар утасны тусламжтайгаар https://invoice.pro2e.com.tw/content/invoice/installApp.aspx цахим хуудасруу нэвтэрч хонжвороо мэдэх бололцоотой ажээ. 
Сугалаанд хонжвор хүртсэн гадаадын иргэд пасспорт, гадаадын харъяатын оршин суух үнэмлэхийг сугалааны хонжвор бүхий тасалбарын хамт шууданд өгч мөнгөө бэлнээр авах бол тусгай буюу их хэмжээний шагналыг харъяа хот ба тосгоны засаг захиргаанаас тусгайлан зааж өгсөн шуудангын салбараас авна. 
Жолооны үнэмлэх хэрхэн авах вэ?
Тайваньд машин болон моторт дугуй жолоодоход Монголын олон улсын үнэмлэх зөвшөөрөгдөхгүй бөгөөд  Тайванийн жолооны үнэмлэх авч байж Тайваньд авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болдог. Жолооны үнэмлэхгүйгээр авто тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд их хэмжээний мөнгөн торгууль төлөх цаашлаад ял эдлэх гэсэн хуулийн заалтууд байдаг. Жолооны үнэмлэх авахын тулд үндсэн 2 шалгалт болох дром болон дүрмийн шалгалтыг өгч байж авна. Дүрмийн шалгалтыг Англи, Хятад,  Япон гэх мэтийн найман өөр хэл дээр өгөх боломжтой.
Дүрмийн шалгалтыг дараах хаягаар онлайнаар бэлдэх боломжтой:
https://www.mvdis.gov.tw/m3-simulator-drv/
Дүрмийн шалгалтын зөв хариултыг файлаар татаж авах бол.
https://www.thb.gov.tw/catalog
Б ангиллын тээврийн хэрэгслийн дүрмийн шалгалтууд ч бас дээрх холбоосоор орвол татах болон онлайн тэст хийх боломжтой байдаг.
Хамгийн эхний шугамаар 7 секунд доод тал нь явах ёстой бусад зүйлсийг бичлэгээс үзнэ үү. Мэдээж практик талаасаа хэд хэд унаж үзэж бэлдэж байгаад өгвөл зүгээр шүү.
Шалгалт өөгхөд эрүүл мэндийн хуудас шаарддаг бөгөөд эрүүл мэндийн хуудас гаргаж өгөх зөвшөөрөлтэй жижиг эмнэлгүүдийн хаягийг дээрх холбоосоор ороод шалгалт өгөх газрын вэбсайтаас авах боломжтой.
-Шалгалтанд доорх холбоосоор орж бүртгүүлнэ. Дор хаяж 2 хоногийн өмнө бүртгүүлдэг. 
https://www.mvdis.gov.tw/m3-emv-trn/exm/locations
Цаг агаар, хоол хүнс, хүмүүстэй харилцах харилцаанд Монгол хүн амархан зохицдог тул та бүхэнд амжилт хүсье. Асууж тодруулах зүйл байвал нээлттэй.
Та бүхэн Тайваньд аялах, зорчих, сурахаар төлөвлөж буй бол Тайвань дахь Монголчуудын дараах групээс өөрт хэрэгтэй мэдээллээ асууж лавлаж болно. 
https://www.facebook.com/groups/MGLinTaiwan/

1 comment:

  1. Маш их баярлалаа, хөдөлмөр шингэсэн сайхан мэдээлэл байна

    ReplyDelete