Одоогийн байдлаар Америкт өдөрт бүртгэгдэх халдвар оргил үедээ буюу өдөр дунджаар 700000 орчим бүртгэгдэж байгаа ч тус улсын засаг захиргаа хэвийн амьдралд дасан зохицох стратеги хэрэгжүүлж, хилээ нээгээд байна.
Виз мэдүүлэхийн тулд бүрдүүлэх материалд
1.Зургаан сараас дээш хугацаатай гадаад пасспорт
2.DS 160 цахим визний өргөдөл бөглөх (https://ceac.state.gov/GenNIV/Default.aspx)
3.Нэг хувь 2х2 цээж зураг
4.Ярилцлага хийх цаг товлох(https://cgifederal.secure.force.com/)
5. Голомт банкны аль нэг салбарт өөрийн биеэр очиж 160 ам доллар төлөх (виз гарсан гараагүй буцаан олгохгүй тул материалаа сайн бүрдүүлж бэлдэх орох нь чухал)
6. Элсүүлсэн сургуулиас олгосон I-20 маягт эх хувиараа эсвэл хуулбар(нөхцөл байдлаас шалтгаалан) нь байж болно.
7. F-1, J-1 статустай оюутан анх удаа АНУ-д нэвтрэхийн тулд
SEVIS(Student and Exchange Visitor Information System) 350 ам долларыг
ярилцлагад орохоос ажлын 3 хоногын өмнө төлнө(виз гарсан эсэхээс үл хамааран
энэхүү хураамжийг зөвхөн нэг л удаа төлөх ба төлөх хаяг нь https://www.ice.gov/sevis/i901).
Одоогийн байдлаар цахимаар сурах визний өргөдөл бөглөсөн өдрөөс 14 хоногын
дараа ярилцлагад орж байгаа. Харин өмнө нь виз мэдүүлж, АНУ-д нэвтэрч байсан
бол сурах виз мэдүүлэгчдээс ярилцлага авахгүй байгаа. Визний ярилцлага нь виз
мэдүүлэгчийн нийгэм, эдийн засаг, соёлын нөхцөл байдлаас шалтгаалаx учраас
харилцан адилгүй асуулт тавьдаг. Дээрх материалаас гадна виз бөглөхөд тавьсан
асуулт болон виз гаргах магадлалаа нэмэгдүүлэх үүднээс дараах материалыг нэмж
бүрдүүлбэл илүү хялбар байх болно. Үүнд:
1.Санхүүгийн
баталгаа. Суралцах хугацаанд сургалтын төлбөр,
амжиргааны зардлаа хэрхэн хариуцах вэ гэсэн асуултыг суралцах виз мэдүүлэгчээс
хамгийн түрүүнд тавьдаг асуулт юм. Ингэхдээ банкны тодорхойлолт ганц хангалтгүй
гэж үзэж байгаа бөгөөд банкны хадгаламжийн дэвтрийг эх хувиар нь авч орох ба
хэрвээ хадгаламжийн дэвтэр байхгүй бол сүүлийн 6 сарын гүйлгээний хуулгыг
банкнаас тамгатай авч орж болно. Хэрвээ хэн нэгэн таны зардлыг бүхэлд нь эсвэл
хэсэгчлэн батлан даах бол мөн адил банкны хадгаламжийн дэвтэр, таны хэн болохыг
гэрчилсэн бичиг баримтууд, батлан даагчийн нийгмийн даатгал төлсөн эсвэл татвар
төлсөн баримтын хамт авч орно. Тэтгэлэг эсвэл төлбөрийн хөнгөлөлттэй бол мөн
тэтгэлэг авсаныг нотлох бичиг эсвэл шаардлагатай бол амаар тайлбарлаж болно. I-20-дээр
тухайн суралцагчийн эхний нэг жилийн зардал, тэтгэлэгийн хэмжээг бичсэн байдаг
учраас консулын ажилтан энэхүү дүнг санхүүгийн баталгаанд бүрдүүлсэн мөнгөн
дүнтэй харьцуулж үздэг. АНУ-д сургалтын болон амжиргааны зардал ерөнхийдөө дэлхийн
бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад өндөр байдаг учраас санхүүгийн хувьд
хангалтгүй гадаад оюутнууд цагын ажил хийснээс үүдэн хичээлдээ бүрэн хамрагдахгүй байх, санхүүгийн дарамтын улмаас сургуулиа орхих зэрэг нь харлах буюу нэг ёсондоо сургуулиа хаяад Америкт хууль бусаар
үлдэх үзэгдэл байдаг учраас санхүүгийн баталгааг хамгийн түрүүнд хардаг.
2.Төгсөлтийн
дараах төлөвлөгөө. Хэдийгээр санхүүгийн
хувьд хангалттай болов ч, ямар нэг зорилго, сэдэлгүй сурах виз мэдүүлэх бол виз
татгалзах нэг хүчин зүйл болно. Яагаад АНУ-г сонгосон, хэдэн сургуульд хүсэлт
гаргаад энэ олон сургуулиас яагаад энэ сургуулийг сонгосон, одоо хийдэг ажилтай
чинь энэ сурах гэж байгаа чиглэл чинь ямар хамааралтай вэ, төгсөж ирээд юу
хийхээр төлөвлөж байгааг асуух нь виз мэдүүлэгчдээс түгээмэл асуудаг асуулт юм.
3.Буцаж
ирэхээ нотлох. Трампийн
засаг захиргааны үед F-1 оюутны болон J-1 солилцооны виз
мэдүүлэгчидэд тавьдаг эх орондоо буцаж ирэхээ нотлохыг хатуу шаарддаг байсан
бол Жо Вайдений үеэс шалгуурыг зөөлрүүлж сургуулиа төгссөний дараа Монголдоо
буцаж ирээд юу хийх вэ гэсэн асуулт тавьж байна. Хэрвээ эх орондоо буцаж
ирэхийг нотлохыг тань шаардвал дараах байдлаар материал бэлдэж болно. F-1 эсвэл
J-1 виз нь АНУ-д цагаачлалын бус ангилалд багтдаг учраас Америкт цагаачлахгүй,
буцаж ирнэ гэдгээ нотлох шаардлагатай болдог бөгөөд дараах байдлаар нотлох
баримтуудыг бэлдэж болно. Үүнд:
Санхүүгийн хувьд. Хэрвээ эх орондоо үл хөдлөх хөрөнгө эсвэл
санхүүгийн хөрөнгөтэй бол тэдгээрийн нотлох баримтыг авч орно. Эдгээрт орон
сууц, хашаа, байшин, хадгаламжийн дэвтэр, санхүүгийн аливаа хэлбэрийн хөрөнгө
оруулалт орж болно.
Ажил эрхлэлт. төгсөж
ирээд ажилдаа буцаж орохыг баталсан бичиг байж болох ба ингэхдээ одоогийн ажил
олгогчоос буцаад ажилдаа орох албан тамга эсвэл төгсөж ирээд нэгэн компанид
ажилд орохыг баталсан албан тамгатай бичиг байж болно.
Гэр бүлийн хувьд. Гэрлэсэн бол эх орондоо буцаж ирэх магадлал өндөр
гэж үздэг. Харин гэрлэж амжаагүй бол өндөр настай эсвэл хүнд өвчтэй аав ээжээ
асрах айлын ганц хүүхэд гэдгийг харуулсан баримт бичиг байж болно. Үүнд
гэрлэлтийн гэрчилгээ, хорооны тодорхойлолт, эмчийн бичиг байж болно.
Аялалын түүх. АНУ-н
виз мэдүүлэхээс өмнө аль нэг оронд урт хугацаагаар байгаад ямар нэг зөрчилгүй
эх орондоо ирсэн бол виз гарахад эерэг нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг юм. Виз
мэдүүлэхэд бүх гадаад пасспортуудыг эх хувиар нь авч ордог бөгөөд шаардлагатай
бол хилээр орж гарсан тэмдэглэгээг үздэг.
Дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь англи орчуулгыг
баталгаат орчуулгаар тамга даруулсан байна. Визний өргөдлийг хүлээж авлаа гэж
мэдэгдмэгц, гадаад пасспортийг авч үлдэн ажлын 2 хоногын дараа виз олгоно. Виз
авсан бол АНУ-д шууд нэвтрэн орно гэсэн үг биш бөгөөд тус тус улсын хил дээр
пасспорт, виз, I-20, DS-2019 үзүүлж, визэнд ороход асуусан асуулттай ижил асуултыг асуух ба хилээр нэвтрэх зөвшөөрөл авна.
F1 буюу сурах виз татгалзах түгээмэл шалтгаан
1.Ярилцлагад бэлтгэлгүй орох. Ярилцлагын үеэр тухайн сургуулийн, тухай хөтөлбөрийг яагаад сонгосон бэ гэдэг асуултыг консулын зүгээс сурах виз мэдүүлэгч бүрээс заавал тавьдаг асуулт юм. Асуултанд бэлтгэлгүй, логикгүй хариулах нь виз татгалзах үндсэн шалтгааны нэг болдог. Зөв хариулт гэж байхгүй болов ч тухайн сургуулийг сонгосон шалтгаан нь тэтгэлэг авч чадсан, сонгосон мэргэжлээрх академик нэр хүнд, сургалтын төлбөр болон амжиргааны зардал бага, цаг агаар нь тааламжтай, сурах орчин бүрдсэн зэргээр тайлбарлавал зохино.
2.Санхүүгийн баталгаа хангалтгүй байх. АНУ-н консул нь сурах виз мэдүүлж байгаа Монгол иргэдээс банкны тодорхойлолт шаарддаггүй бөгөөд учир нь манайхан ихэнхидээ хуурамч баталгаа бүрдүүлдэг буюу хэн нэгнээс мөнгө аваад түр дансандаа байршуулсан байдагтай холбоотой байдаг тул банкны хадгаламжийн дэвтэр эх хувиар эсвэл сүүлийн 2-оос доошгүй жилийн гүйлгээний хуулганы хамт шаарддаг. Санхүүгийн баталгааны хувьд батлан даагчтай байж болох бөгөөд аль болох хамаатан садан байвал илүү давуу талтай байдаг бөгөөд мөн адил суралцах хугацааны санхүүгийн зардлыг батлан дааж байгааг батлах банкны хадгаламжийн дэвтэр эх хувиар ба мэдэгдэл авч орвол зохино.
3.Сургууль сонголт. Сурах виз мэдүүлэх үед татгалзахад хүргэдэг шалтгаануудын нэг нь сургуулиуд сонголттой холбоотой байдаг. Манайхан төлбөр хямдыг нь бодоод зарим сургуулиудыг санамсаргүй сонгодог. Гэвч хямд төлбөртэй сургуулиуд ихэвчлэн томоохон хотуудад байрлах бөгөөд байгуулагдаад 50-аас доош жил болсон, номын сан, спорт заал, эмнэлэг, оюутан чөлөөт цагаа өнгөрөөх боломж хомс, сургалтын бааз нь бэхжээгүй, Америктаа төдийгүй олон улсад зэрэглэл доогуур, цөөн тооны мэргэжлийн хөтөлбөр, зэрэгтэй, Өмнөд Солонгос, Энэтхэг гэх мэт гадаад эзэдтэй, багш нар нь унаган англи биш хэлтнүүд, оюутнууд нь хилийн чанадаас ирсэн, сургуулиудын нэршил international, global, Christian гэх мэт нэршлүүдтэй, танхимын хичээлүүдийг цалгардуулдаг, оюутнууд нь ажиллах эрхгүй атлаа SSN-ээрээ сургуулийн хотхоноос гадуур ажил хийдэг гэх мэт хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг. Виз хадгалах зорилгоор гадны иргэд сурдаг эдгээр сургуулиуд нэгэнт гадаад оюутан элсүүлэх эрхтэй байхаас гадна аливаа байгууллагын бизнесийн нэр хүнд гэдэг утгаараа Монголд суугаа Америкийн элчин сайдын яам нэрсийг нь шууд зарлах эрхгүй бөгөөд консул шууд л тайлбаргүй виз татгалзах нь түгээмэл. Америкт сурахаар, аялахаар очсон Монголчууд төдийгүй хөгжиж байгаа орнуудын иргэд ажил хийх зорилгоор эдгээр сургуулиудруу шилжин сурдаг бөгөөд удаан хугацаагаар эдгээр сургуулиудад сурч байгаад Монголруу буцаад Америкийн хилээр орох үед нэвтрүүлэхгүй тохиолдол цөөнгүй гарсаар байна. Мэдээж өндөр төлбөртэй, ашгийн, чанар муу сургуулиуд бас байгааг анхаарахад илүүдэхгүй.
4.Бусад шалтгаанууд. Санхүүгийн баталгаа нь суралцах хугацааны турш хангалтгүй, гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас доош байх, үндсэн зэргээр сурах бол англи хэлний мэдлэгийг гэрчилэх оноогүй, өмнө нь АНУ-д зорчихдоо хилээр нь гарах хугацаагаа хэтрүүлсэн, асуултанд итгэл үнэмшилгүй хариулах, логикгүй худал мэдээлэл өгөх, визний материалыг буруу бөглөх зэрэг нь сурах виз татгалзах бусад шалтгаанууд юм. Хэдийгээр нэг удаа виз татгалзсан хариу авсан ч сайтар бэлтгэн хэдэн ч удаа виз мэдүүлэх боломжтой. Сурах визэнд хамгийн түгээмэл асуудаг асуултууд дараах байдалтай байх бөгөөд хариултын хувьд товч тодорхой, логиктой хариулсан байхад хангалттай.
Have you been to
the United States before?
How do you plan to fund the entire duration of your education?
How much does your school cost? How will you meet these expenses?
What is your sponsor’s
occupation?
Do you have relatives or friends currently in the US?
АНУ-руу зорчихтой холбоотой түгээмэл асуултуудын хариулт
АНУ-руу сурахаар явбал хэзээ нэвтрэх ёстой вэ? АНУ-ийн их сургууль, коллежиудын намрын улирлын
хичээл 8-р сарын сүүлээр, хаврын улирлынх 1-р сарын дундуур, зуны улирлынх 6-р
сарын сүүлээр эхэлдэг. Хичээл эхлэх өдрөөс 1 сарын өмнө нэвтрэн орох боломжтой
ба өрөөндөө тусгаарлах гэсэн нөхцлөөр 14 хоногын өмнө нэвтрэн орно.
Гадаад оюутан тусгаарлагдах уу? АНУ-д гадаад оюутан төлбөртэй тусгаарлагдахгүй,
гэрээр эсвэл дотуур байранд 7-оос доошгүй хоног өөрийгөө сайн дурын үндсэн дээр тусгаарлах үүрэг хүлээх ба АНУ-ын
хуулиар ихэнхи сургуулийн гадаад оюутан хагас жилд дунджаар 750 ам доллар төлдөг бөгөөд уг
даатгалаас тусгаарлалтын зардлыг хариуцна. Бусад орнуудын нэгэн адил АНУ-ын
хилээр нэвтрэхийн тулд сүүлийн 1 өдрийн дотор буюу заавал 24 цагийн дотор гэж заахгүйгээр шинжилгээ өгсөн, халдваргүй, 2
тундаа бүрэн хамрагдсан бичигтэй байх ёстой. Шинжилгээний бичгийг Монгол болон дамжин өнгөрөх Өмнөд Солонгос, Туркийн хил дээр шалгах ба Америкт тэр бүр шалгахгүй. Мөн хилээр нэвтрэхдээ амны хаалт
зайлшгүй зүүсэн байх ёстой бөгөөд маскгүй бол торгох хүртэл анхааруулга өгч байгаа. Манай улсад зөвшөөрсөн ОХУ-ын Спутник вакцинийг л
зөвшөөрөхгүй байгаа тул бусад вакциниар 2 тун хамрагдсан бол зөвшөөрч байгаа. Вакцин хийлгэх боломжгүй гэсэн заалттай бол эмнэлгийн магадлагаа үзүүлж хилээр нэвтрэх боломжтой.
Хэрхэн хүрч очих вэ? Одоогийн байдлаар Монголоос АНУ-руу шууд хийдэг нислэг
байдаггүй бөгөөд ерөнхийдөө нилээд үнэтэй чартер нислэгүүд үйлдэж байгаагаас
Сөүл, Туркээр дамжин хийх нислэгүүд үйлдэж байна. ОХУ-н Эрхүү хүртэл газраар
хүрээд нисэх боломж байгаа ч цар тахлын эрсдэл өндөр байгаа учраас эрүүл мэндээ
бодсон дээр. Хятадын хил одоогоор хаалттай байгаа тул дамжин нисэх боломжгүй. Сургуулиуд
онгоцны буудлаас оюутан тосох үйлчилгээг төлбөртэй болон төлбөргүй зохион
байгуулдаг.
АНУ-н хилээр юу авч орж болохгүй вэ? Юу авч ирж болох
вэ? Мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, зэвсэг,
тэсэрч дэлбэрэх магадлалтай зүйл, хурц иртэй зүйл, ахуйн багаж хэрэгсэл,
эмнэлгийн багаж цахилгаан хэрэгсэл, хууль бус эм, амьтан, элдэв баталгаагүй
эсвэл гар аргаар савласан хүнс, лаа болон элдэв үнэртэй хүж авч явахыг
зөвшөөрдөггүй(https://www.tsa.gov/travel/security-screening/whatcanibring/all юу авч орж болох, болохгүй талаар дараах хуудаснаас
дэлгэрэнгүй харах боломжтой). Хэрэглээд дассан ойр зуурын эмээ авчирч ирж болно. Өөрийн ойр зуурын
өмсөх хувцсаа авчирах хэрэгтэй.
Хичээлийг танхимаар уу эсвэл цахимаар орох уу? Цар тахлын нөлөөгөөр муж, хотуудын сургуулиудын
оюутнууд танхим, цахим эсвэл хосолсон хэлбэрээр хичээллэж байна.
Дотуур байранд амьдрах уу, сургуулиас гадуур байр
түрээслэх үү? Олон кредит цуглуулах ёстой байдаг
бакалаврын оюутнуудын хувьд дотуур байрандаа амьдрах(on-campus housing) нь цаг
хэмнэх давуу талтай. Дотуур байр нь зардлын хувьд ерөнхийдөө үнэтэй байдаг ч
ганцаараа өрөөндөө амьдраад дассан бол 2-оос дээш оюутантай хамт амьдрахад
тухгүй байх ч аюулгүй, хэлний мэдлэг сайжрах, мэдэхгүй зүйлээ асуух, дотно
нөхөрлөх, сурлагад эерэгээс нөлөөлөх зэргээр ач холбогдолтой. Ганцаараа амьдрах сонголттой дотуур байх
болов ч тэр хирээрээ өндөр төлбөртэй байдаг. Өртөг багатай жижиг хот, мужуудад
түрээсийн үнэ ерөнхийдөө бага байдаг, сургуулийн хотхоноос гадуур
амьдрах(off-campus housing) нь хямд, тав тухтай, өөрийн тааваар байх болов
ч барьцаа төлбөр, олон сараар өгөх, нэмэлтээр дулаан, цахилгаан, усны төлбөр
төлөх гэх мэтээр өртөг өндөр тусдаг.
Шинэ оюутны чиглүүлэх өдөрлөгт заавал оролцох ёстой юу? Сургуулиас чиглүүлэх сургалтыг шинээр ирж байгаа
гадаад оюутнуудад зориулан зохион байгуулдаг бөгөөд суралцах визээ хадгалахын
тулд заавал хамрагдахыг АНУ-ын засаг захиргаанаас үүрэг болгодог. Энэхүү
чиглүүлэх сургалтаар хэрхэн амжилттай суралцаж төгсөх, оюутны визний статусаа
хэрхэн хадгалах, сургуулийн зүгээс ямар дүрэм журамтай байдаг гэх мэт гадаад
оюутан зайлшгүй мэдэх зүйлүүдийг хэлж өгдөг.
Сургуулийн зэрэглэл виз гарах шийдвэрт нөлөөлдөг үү? Дэлхийн шилдэг 100-д багтдаг их сургуульд тэнцсэн
бол виз шууд гарна гэж ойлгож болохгүй. Мөн дээрхийн нэгэн адил визний
материалыг бүрдүүлж, яагаад энэ сургуулийг сонгох болсон, төгсөлтийн дараах
төлөвлөгөө тайлбарлахгүй бол виз татгалзах үндэс болно. Гэхдээ АНУ-даа магадлан
итгэмжлэгдээгүй, элсэлтийн хувь өндөр ч, төгсөлтийн хувь бага бол виз гарахад
сөрөг нөлөөлдөг.
Гадаад
оюутан цагын ажил хийх эрхтэй юу? F1
визтэй оюутан сурах сургуулийн хотхондоо 7 хоногт 20 цаг ажил хийх эрхтэй
байхаас гадна, 2021 оны 6-р сарын 14-нээс эхлэн санхүүгийн хүнд байдалд гэсэн
ангилалалаар сургуулийн хотхоноос гадуур 7 хоногт 20 цаг ажил хийх боломжтой
болсон. Мөн төгссөний дараа мэргэжлийнхээ дагуу дадлага хийх боломжтой. Сургуулийн
хотхон болон хотхоноос гадуур цагийн ажил хийх сонирхолтой бол сургуулийнхаа
цахим хуудаснаас мэдээлэл авна. Мөн цагийн ажлын зарыг indeed.com,
craigslist.org сайтуудаас харах боломжтой.
Сургалтын төлбөрөө төлөхгүй бол яах вэ? АНУ-ын ихэнхи их сургуулиудын журмаар оюутан
улирлын төлбөрөө 3 хувааж хийдэг. Сургалтын төлбөрөө төлөөгүй оюутныг ихэнхи
хувийн сургуулиуд хасдаг, зарим улсын сургуулиуд шууд хасахгүйгээр дараагийн улиралд хичээл сонголтыг
цуцлах эсвэл дараагийн улиралд төлөх төлбөрт алданги тооцож шилжүүлэх, дараагийн улирлаас виз цуцлах хүртэл харилцан адилгүй арга хэмжээ авдаг. Доорх зурагнаас Америкт хамгийн хямд төлбөртэй коллежуудыг харах боломжтой.
Аялалын визээр ирээд оюутны визрүү шилжүүлж болох уу? Болно. Гэхдээ цар тахлын дараагаар визтэй холбоотой өргөдлийн дараалал үүссэнтэй холбоотойгоор шийдвэрлэх хугацаа их шаардах болсон тул 6 сарын өмнө материалаа бүрдүүлэх шаардлагатай болж байгаа. Одоогийн байдлаар аялалын визийг оюутны виз болгох хугацаа 6-9 сар байгаа учраас оршин суух хугацааны хүчинтэй байдлыг сайтар нягтлана уу? Манайхан 10 жилийн аялалын виз аваад Америкт ирж хууль бусаар ажил эрхлэх нь түгээмэл байдаг. Манайхан 10 жилийн аялалын визээр АНУ-д 10 жил оршин сууна гэсэн буруу ойлголттой байдаг бөгөөд Америкруу хил нэвтрэхэд хамгийн дээд тал нь 6 сарын хугацаатай байх тамга дарж өгдөг бөгөөд Чикагогийн олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтрэхэд 1 сараар дарж өгөх тохиолдол ч гарч байна. Тус хилээр хэдийд дахин нэвтрэх вэ гэдгийг цагаачлалын алба шийдэх бөгөөд өмнө нь урт хугацаанд аялсан шалтгаанаа тайлбарлаж чадахгүй бол хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдлууд ч гарсаар байгаа бөгөөд аялалын визээр ирээд цалингаа чекээр авсан тохиолдолд аялалын визийг нь цуцлах тохиолдол ч гарч байгааг сануулах хэрэгтэй байна. Аялалын визтэй жуулчинд хууль ёсны дагуу ажил хийх зөвшөөрөл өгдөггүй учраас манайхан Virginia, Washington, Illinois, California мужуудад байрлах Солонгос эзэдтэй, жирийн Америк хүн ажиллах сонирхолгүй, ажиллах орчин муутай, хүндэвтэр ажилтай ресторан, дэлгүүр, үйлчилгээний газруудад дунджаар цагийн 11-14 ам долларын хөлстэйгээр ажиллаж, 1-2 өрөө байранд дунджаар хоёроос-зургаалуулаа хамтран сард тус бүр нь 300-600 ам доллар төлж нийтийн байр хөлсөлж амьдарч байна.
АНУ-д сурч, амьдрахад юунд анхаарах вэ?
Сургуулиа сонгох. Одоогийн байдлаар Америкийн сургуулиуд хямралд багагүй өртсөн тул гадаад оюутнуудыг авах сонирхол их байгаа ч тэтгэлэг өгөхөд шууд бэлэн биш байгаа учраас сургуулиа сонгох талаар багагүй мэдээлэл оруулая.
1. Тэтгэлэг- Монгол оюутнуудын хувьд тэтгэлэг олсон байх нь сургууль сонгоход хамгийн чухал хүчин зүйлийн нэг болдог. Америкийн сургуулиуд гадаад оюутнуудад голдуу төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг тул үлдсэн санхүүжилтээ сургуулийн хотхонд цагийн ажил хийх, хувиасаа, ойр дотноосоо бүрдүүлэх ёстой болдог. Оюутнууд тухайн сургуулийн цахим хуудаснаас нэмэлт тэтгэлэгт хүсэлт гаргах замаар тэтгэлэгийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Тэтгэлэг авсан бол сурлагын голч дүн 80%-иас дээш үзүүлэлттэй байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ер нь АНУ-н засгийн газар гадаад оюутнуудад тэтгэлэг олгодоггүй учраас хувиасаа санхүүжилт гаргах шаардлага гадаад оюутнуудад их тулгардаг. АНУ-ын төвийн мужуудаар байрлах жижиг хотууд, тэр дундаа улсын сургуулиудын төлбөр болон амжиргааны өртөг боломжийн, аюул бага, тайван хэдий ч цагийн ажлын олдоц болон дадлага хийх боломж бага байдаг. 4000 гаруй сургуулиас https://www.4icu.org/us/a-z/-р сонголт хийж болно. Сургалтын жилийн төлбөрийн хувьд хот, мужийн амжиргааны өртөг, үзүүлж буй үйлчилгээ, нэр хүнд зэргээс шалтгаалан нэг улирлын төлбөр 800-50000 хүртэлх ам долларын хооронд байдаг. Амжиргааны зардал жилдээ хамгийн багадаа 12000 ам доллараас эхэлнэ. Америкийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдсээр байгаа ч, улсын сургуулиудын төлбөр хувийн сургуулиудтай харьцуулахад хямд байпаг онцлогтой. Тэтгэлэг хамгийн сайн олгодог сургуулиудын жагсаалтыг Best Value Colleges 2023 Rankings | 209 Best Value Colleges | The Princeton Review линкээс үзэх боломжтой. 2. Зэрэглэл-дэлхийн сургуулиудийн чансааг тогтоодог ARWU, Times, QS, US News, CWUR гэх мэт зэрэглэлүүдээс сургуулиа сонгож болно. Гэхдээ зэрэглэл өндөр байх нь бүх мэргэжлээр тухайн сургууль сайн гэсэн баталгаа байдаггүй. Тухайн суралцахыг хүсэж байгаа мэргэжлээр аль сургууль сайн гэдгийг бас мэргэжлийн зэрэглэлийг нь харах боломжтой. Тухайлбал ARWU, Times нь инжинерийн сургуулиудад давуу тал өгсөн байдаг бол QS нь нийгэм-хүмүнлэгийн чиглэлийн сургуулиудийг түлхүү жагсаадаг бол US News нь судалгааны нэр хүндээр буюу мастер, докторын сургалт хэр бэхжсэн бэ гэдгээр нь эрэмбэлдэг. Сургуулиуд оюутан татах зорилгоор зэрэглэлээ өндөр тогтоохын тулд чансаа гаргадаг байгууллагад багагүй хөлс өгдөг тул зэрэглэл өндөртэй болгон оюутны насан туршийн баталгаа болж чадахгүй бөгөөд зэрэглэлийг албан ёсоор тогтоодог нэг ч байгууллага байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.
3. Цагийн ажлын олдоц. Мэдээж сургалтын төлбөр, амжиргааны зардал дээрээс нь Хичээлийн хажуугаар хийх цагийн ажлын олдоц их, төгсөлтийн дараах ажил эрхлэх боломж өндөр зэргээс шалтгаалан тус улсын баруун зүүн эргүүдээр байрлах Boston, DC, Los Angeles, New York City, San Francisco болон төвийн Chicago гэх мэт томоохон хотуудад олон улсын төдийгүй Монгол оюутнууд олноор суралцдаг нь санамсаргүй хэрэг биш. Мэдээж томоохон хотуудын нэр хүндтэй сургуулиудын сургалтын төлбөр болон амжиргааны зардал өндөр, гэмт хэрэг ихтэй ч сургалтын чанар болон тэтгэлэгийн хувьд боломж их. Мөн эдгээр хотуудад хямд төлбөртэй, зэрэглэл нь тодорхойгүй, виз хадгалах зориулалттай, хувийн, улсын, шашны сургуулиуд нилээд байдаг учраас Монголчууд өргөнөөр суралцах нэг шалтгаан болдог. Доорх зурагнаас Америкийн мужуудын жилийн дундаж цалингийн хэмжээг харж болно.
4. Бусад. Цар тахлын нөлөөгөөр Америкийн их сургууль, коллежиудийн элсэлт дунджаар 5% буураад байгаа үүнд Vermont, Alaska, Michigan, New Mexico, Pennsylvania-д элсэлтийн хувь хамгийн бага буюу эдгээр мужуудийн сургуулиас сонголт хийвэл суралцах эрх авах магадлал өндөр байж болох бол North Carolina, Nebraska, Hawaii, Maine, Arizona-д элсэлтийн хувь өсчээ. Google-р сурахыг сонирхож байгаа муж, хотуудын сургуулиудын элсэлт болон төгсөлтийн хувь, төлбөрийг харьцуулан сонголт хийх боломжтой. Элсэлтийн хувь өндөртэй сургуулиудын төгсөлтийн хувь бага байдгыг сануулах нь зөв болов уу. Гэхдээ гадаад оюутнуудаас авах төлбөр харьцангуй өндөр байдаг тул тухайн сургуулийн цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Муж улс, хот хоорондын унаа. Олон улсын нисэх онгоцны буудлаас сургууль хүрэхэд автобус 2-8 хүртэлх ам доллар, жижиг хот, тосгодуудад такси 30-300 хүртэлх доллар. Томоохон хотуудад метро 4 доллараас эхлэх ба энэ нь хүрэх газраас үнэ нь шалтгаална. Greyhound, Megabus гэх мэт хот хооронд үйлчилдэг автобусны компанийн цахим хуудсуудаар хүрч очих хот, муж улсынхаа автобус, унааны үнэ ханшийг харна. Дунджаар нэг хотоос нөгөө хотын хооронд 70 ам доллараар үйлчилдэг. Хот доторхи автобус 1-2.50 ам доллар. Такси алслагдмал орон нутагт 1 км нь 1.60 ам доллараас эхлэдэг бол томоохон хотуудад 1 минут нь 3.5 ам доллараас эхэлдэг. Эцсийн дүн дээр татвар, гарын мөнгө нэмэгдэнэ. Том газар нутагт хүмүүс тархан суурьшдагаас гадна зам тээвэр нь маш боловсронгүй, цалинтай харьцуулахад бензиний үнэ боломжийн, түгжрэлгүй, автобус нь томоохон хотуудад шөнийн 1 цаг хүртэл үйчилдэг бол жижиг хотуудад тодорхой цагаар үйлчилдэг, амралт, баярын өдрүүдэд үйлчилгээ үзүүлдэггүй учраас жолоодох эрхтэй бол АНУ-д ер нь ажиллаж, амьдрахад маш том давуу тал болдог ажээ. Чикаго хотод байнга нийтийн тээвэрээр зорчдог бол автобус, галт тэргээр 75 ам доллараар сарын хязгааргүй үйлчилүүлэх тасалбар авах боломжтой, гэхдээ метра бол тусдаа үнэтэй. Вашингтон ДС хавиар үйлчилүүлэх бол мөн хязгааргүй үйлчлүүлэх тасалбар байдаг болов ч нэг чиглэлд зорчвол 64 ам доллараас эхэлдэг бол бусад чиглэлүүдэд үнэ нь нэмэгддэг бөгөөд Чикаго хотоос үнэтэй. Сан Франциско хот дотроо хязгааргүй зорчиход хөнгөлөлттэй байдаг бол Оакланд, цаашлаад Конкорд гэх мэт холдох тусам үнэ нь нэмэгддэг. Дотуур байр, зочид буудал. Дотуур байрууд ерөнхийдөө өндөр төлбөртэй болов ч, оюутны цагийг хэмнэх, сурч амьдрах таатай орчинг бүрдүүлсэн байдаг. Хотын төвөөр сурдаг оюутнуудын хувьд гадуур байр түрээслэх хандлагатай байдаг. Дараар зурганаас аль мужуудад байрны үнэ өндөр байгааг хару болно. Хостел томоохон хотуудад 55 ам доллараас эхэлдэг бол орон нутагт 40 ам доллараас эхэлдэг, 3 одтой зочид буудал 105 ам доллар байх бол тансаг зэрэглэлийн зочид буудал 350 ам доллар. Мөн үнийн дүн дээр татвар нэмэгдэж гарна. Томоохон хотуудын хямд зочид буудлууд голдуу гэмт хэрэг өндөр гардаг, африк, латин хороолол дунд байх нь элбэг тул их л тав тух муутай, дуу чимээ их, хог хөглөрсөн байдаг.
Цаг агаар. Намрын улиралд суралцахаар ирвэл халуун, дулаан уур амьсгалтай байх бол өвлийн улиралд далайд ойр, эсвэл өмнөд хэсгээрээ сэрүүвтэр, усархаг бороотой байх бол хойд болон төв хэсгээрээ цас орсон байх ба хүйтэн цаг агаартай байдаг(www.weather.com –c очих газрынхаа цаг агаарын төлөв байдлыг илүү дэлгэрэнгүй харах боломжтой). Америкт жилдээ голдуу хавар цагт 1000 орчим эх газрын хуй салхи босдог бөгөөд энэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болдог. Техас, Кансас, Иллинойс, Колорада, Йова, Миннесота, Мизурид хуй салхиний давтамж хамгийн өндөр бөгөөд хүний амь нас үрэгдэх хүртэл хохирол дагуулдаг учраас сургуулиас өгөх дохио, сануулгыг цаг алдалгүй авч байх нь зүйтэй. Хоол хүнс. Нэг удаа ресторанд ороход уух зүйлээс гадна худалдан авсан үнийн дүнгийн татвар, tip буюу гар цайлгах мөнгийг өгдөг. Хот, мужийн амжиргааны өртөгөөс шалтгаалан хамгийн багадаа 15 ам доллараас эхлэх бөгөөд 61 дээш ам долларын үнэтэй ч байх нь бий. Сургуулийн хотхоны цайны газруудад голдуу meal plan буюу улирлаар нь төлбөр төлж долоо хоногт орох хоолны цэс санал болгодог. Өртгийн хувьд сардаа дунджаар 300-500 ам доллар орчим байна. Зарим оюутнууд хоолны төлөвлөгөөг уйдмаар нэгэн хэвийн цэстэй, өөрөө материалаа аваад хоол хийж идвэл хямд тусна гэдэг бол зарим оюутнууд эхний жил хичээлдээ сайн анхаарахын тулд сургуулийн хотхондоо хооллосон дээр гэж үздэг.
Гар утас, интернэт. АНУ-д үүрэн холбооны операторууд урьдчилсан төлбөрийн нөхцөлтэй байдаг. Бичих, дуудлага хийх, интернэт буюу дата гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгээр урьдчилсан төлбөрт үйлчилгээг худалдан авдаг. Ингэхдээ хязгааргүй дуудлага хийх, АНУ-д бичих, датаны хэмжээнээс хамаарч төлбөр харилцан адилгүй. Гадаадад дуудлага хийх, мессеж дамжуулахад нэмэлт төлбөр гардаг. Тухайлбал AT&T сардаа 50-80 ам доллар, CRICKET 30-60 ам долларын хураамжтай. Намайг ирэхэд Mint mobile урамшуулал зарласан байсан болов ч оффисгүй тул сим карт нээлгэхэд хүлээн авах хаяг шаардаж байсан.
Овог нэрээ зөв, гүйцэт бичүүлэх. Тэр дундаа утсаар банк, гар утас, интернет, байр түрээслэх гэх мэт үйлчилгээг ярилцаж авахдаа өөрийн нэрийг маш зөв бүртгүүлэх хэрэгтэй анхаарна уу.
Банкны үйлчилгээ. Монголын аль нэг банкны олон улсын карт нээлгэсэн байхад илүүдэхгүй, АТМ-с нэг удаа 300 хүртэлх ам доллар авах хязгаартай ба дунджаар 3-7 ам долларын шимтгэл авах ба үйлчилгээний газраас худалдан авалт хийхэд ямар нэг шимтгэлгүй байдаг. АНУ-д Citibank нь олон АТМ-тай, Bank of America нь олон салбартай. Tүүнчлэн мужийн сургуулиудад сурах бол сургуулийн ойр байрлах банкуудад хандан, нээлгэх боломжтой. Банкууд нь гүйлгээний шимтгэл авдаггүй, xугацаагүй хадгаламжинд хүү өгдөггүй.
Эрүүл мэнд. Монголд байхдаа шаардлагатай эмчилгээгээ хийлгээд ирвэл хэмнэлттэй. Учир нь Америкт эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээний төлбөрийг бүрэн төлөх боломжгүй тул өртөг маш өндөр байдаг. Шүд ломбодуулахад 400-800 ам доллар. Цагаан мах гардаг бол Venepro ба preparation H Hemorrhoid, эмийг эмчийн заавраар өгдөг учраас өөрийн хэрэглэж дассан эм, дусал, харшлийн тосоо аваад ирэхэд болно. Хууль ёсоор оршин суух эрхтэй, бага орлоготой бол улсын даатгалтай байвал Medicare, Medicaid цаанаас санал болгодог. 12-р сарын 15 гэхэд улсын даатгал нь өргөдөл авч дуусдаг(https://www.healthcare.gov). Хувийн даатгал авах бол цаг хугацааны хувьд хэдийд ч өргөдөл бөглөж болно(https://www.ushealthgroup.com). Даатгалгүй бол Walk-in medical care эсвэл Urgent care –д хамгийн ихдээ 100 ам долларын хураамж төлөн үзүүлж болох ба шинжилгээ авах бол тусдаа мөнгө төлөх ба онош тогтоогоод эмчилгээ авах бол даатгал авах эсэхийг өөрөө шийдэх эрхтэй. Мөн Family physician –д хүүхэд үзүүлэхэд бичиг баримт шаардахгүй, 50-70 ам долларын төлбөртэй. CVS-д Minute clinic-д үзүүлэхэд ямар ч бичиг баримт шаардахгүй, эм бичүүлж авах боломжтой. Нуруу өвддөг бол Chiropractic –д нурууны зургаа авхуулах, дасгал хөдөлгөөн заалгах боломжтой. Acupuncture-д мэдрэл сэргээн эмчилгээг авах боломжтой. Оношоо мэдэхгүй, гэнэтийн зүйлд ER буюу emergency room-д зөвхөн hospital or doctor гэж дуудна. АНУ-д сурч амьдрахад зарим анхаарах зүйлүүд
Татвар. Гадаад оюутан татвар шууд төлдөггүй болов ч, худалдан авсан аливаа бараа, үйлчилгээний үнэн дээр тухайн муж улсаасаа хамаараад харилцан адилгүй татвар нэмж төлдөг. Тухайлбал дэлгүүр, рестораны бараа, үйлчилгээний цэсэн дээр нэмж татвар төлнө.
Гар цайлгах мөнгө. Ресторан, цайны газруудад үйлчилгээ авсны дараа гар цайлгах ойролцоогоор үйлчилгээний хөлсний 10-30% мөнгийг төлдөг бөгөөд төлөх нь хүний соёлын хэмжүүр болдог.
Work Scams буюу хуурамч ажлын зараас болгоомжлох хэрэгтэй. Америкт ''Work Scams'' буюу шалгуургүй боломжийн цалин амласан хуурамч зарууд маш их байдаг бөгөөд тус улс одоогоор хууль болон технологийн хүрээнд бүрэн зохицуулж амжаагүй байгаа. Хуурамч зарыг голдуу Америкийн хилээс гадна, Индонези, Филиппин, Хятад, Ойрхи Дорнод, Латин Америк, Африкаас тавьсан байдаг. Тухайлбал доорх харж байгаа жишээнээс зар тавьж байгаа цахим хаяг нь хуурамч, эзэнгүй байхаас гадна, шалгуур нь бүрхэг, шууд өндөр цалин амлах, ямар байгууллага болох, хаяг болон үйл ажиллагаа нь тодорхойгүй, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягнаас тавтих эсвэл сул дугаараас залгадаг. Work scam-ний зорилго нь хувь хүний мэдээлэл, банкны дансны дугаар, нууц үгний хамт олж авах, ажлын байранд зуучилсны хураамж аваад алга болох явдал байдаг. Олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудад work scam их байхаас гадна хувь хүний утасруу залгах явдал их байдаг хариу өгөхгүй байх, блок хийхэд болно.
Ажиллах зөвшөөрөлгүй гадаад оюутан бэлэн мөнгөөр ажил хайхдаа өөрийн байгаа хотуудын дараах цахим хуудаснуудыг ашиглах боломжтой.
Чикагод 시카고교차로 구인+구직 (kyocharoworld.com)
Вашингтон хотод ads.koreatimes.com
Аль хот, мужад байгаагаас үл хамааран craiglist, indeed цахим хуудсуудад бэлэн мөнгөөр цалинжих ажил олох боломжтой.
Хэмжих
нэгжүүд өөр. АНУ-д imperial системийг хэрэглэдэг ганц
улс бөгөөд 1 mile =1.6 км, 1 foot=30 см, 1 кг=2pound, цельсийн 0
градус=32 degrees Fahrenheit. Цельсийг
Фарангейтрүү шилжүүлэхдээ (c x 1.8) + 32 тооцно.
Aсуух зүйл байвал коммент хэсэгт үлдээх боломжтой. Америкийн Нэгдсэн Улсад суралцаж, ажиллаж амьдарч буй Монгол оюутнуудын групэд нэгдэж асуух зүйлээ асууж болно.
https://www.facebook.com/groups/569010439833761